Зэсийн үнэ огцом уруудсаар

Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ огцом уруудсан хэвээр. Ханшийн уналт он дуустал үргэлжилж 6500 ам.доллар болж буурах төлөвтэй байна гэж “Блүүмбэрг”-ийн судалгаанд дурьдсан байна. Энэ оны хоёрдугаар сард дээрх металлын бирж дээр тонн нь 10190 ам. долларт хүрч, өсөлтийн рекорд тогтоож байсан зэсийн ханш ийн уруудаж байгаа нь идэх талх, өмсөх хувцас нь зэсийн орлогоос хамаардаг шахуу болсон монголчуудын хувьд сэтгэл гонсойх мэдээ юм. Тиймээс таксины жолооч хүртэл үйлчлүүлэгчтэйгээ “Зэсийн үнэ ч сүүлийн үед дэлхийн зах зээлд дээр зогсолтгүй уруудаад эхэлсэн гэх шив дээ. Шинжээчид уг металлын ханшийг мөд эргэж сэргэхгүй байх гэж таамаглаж байгаа юм байна. Манай Засгийн газар зэсийн үнэ өндөр байхад овоо мөнгө хийж чадсан болов уу” хэмээн ярьж явна.

Зэсийн орлого үнэхээр манай төсвийн дийлэнхийг бүрдүүлж байгаа болохоор ханш унахад хэн хүнгүй ийн санаа зовох нь аргагүй. Тэгээд ч одоогоос 3 жилийн өмнө буюу 2008 оны зун 8000 ам.долларт хүрсэн тонн зэсийн ханш мөн оны өвөл гэхэд 3000 ам.доллараас доош ортлоо навс унаж байсан билээ. Энэ байдлаас болж Монголын эдийн засаг багагүй хугацаанд санхүүгийн хямралд орж, шаналж явсан сургамж бий учраас өнөөдөр иргэд ийн санаа зовинох нь аргагүй шүү дээ. Харин өнөөдөр Лондоны металлын бирж дээр үнэ уналаа гэж сонсонгуут санаа нь зовох ёстой сайд, дарга нар нь юу ч болсон шинжгүй, эсрэгээрээ тодотгол хийж, төсвийн зардлаа тэлэхээр сэтгэл шулуудаад байгаа нь цаг үетэйгээ авцалдахгүй ойлгомжгүй зүйл юм. Уг нь бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаад таксины жолоочийн сэтгэл биш, төрийн түшээдийн санаа эхлээд зовох учиртайсан.

Энэ талаар мэргэжлийн эдийн засагч, шинжээч нарын санаа бодлыг сонирхоход, “Зэсийн ханшийн огцом уналт Монголын эдийн засагт өмнөх шигээ хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх. Учир нь, манай нүүрс мэтийн бусад эрдсээс олох экспортын орлого гурван жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн болохоор. Гэхдээ анхаарч эхлэхгүй л бол горьгүй” хэмээн ярьж байна. Ханшийн уналт хэдий болтол үргэлжилж, хэд болохыг хэн ч хэлж мэдэхгүй учраас таамаглаж тааварлахад бэрхтэй. Гэхдээ л хэт өндрөөс огцом доошилсон ханшийн уналт урт хугацаанд үргэлжлэх юм бол манай бийлэгжүү зантай төр, засгийн хүмүүс маань “боломжтой байхдаа орлогоо хуримтлуулж байхгүй яав даа” хэмээн амаа барихыг үгүйсгэхгүй.

Манайхан л тоож анзаараагүй болохоос сүүлийн саруудад зэсийн үнийн муу мэдээг зөгнөсөн үйл явдлууд дэлхийн зах зээл дээр болоод л байж. Тухайлбал, “дэлхийн эдийн засаг унахад зэсийн үнэ буурдгийг бид гурван жилийн өмнө харсан шүү дээ” хэмээн “Standart bank” хөрөнгө оруулалтын банкны таваарын стратегич Волтер дэ Вэт ярьсан удаатай. Зэсийн үнэд макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй нөлөөтэй байдаг учраас АНУ, Европын төсвийн хямрал, Хятадын инфляци уг металлын ханшид сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол трейдрүүдийн толгойг эртнээс гашилгажээ.

Зэсийн ханш уруудах тухай мэдээ таамгаас илүүтэй Хятад болон хөгжиж буй орнуудын зэсийн хэрэгцээ нэмэгдэж байхад олборлолт эрчимжиж чадахгүй байгаагаас энэ оны дөрөвдүгээр улиралд зах зээл зэсийн хомсдолд орны гэсэн шинжээчдийн таамаг мэдээлэл нэлээд түгж байсан билээ.

Дэлхийн нийт зэсийн хэрэгцээ жилдээ ойролцоогоор 18 сая тонн байдгаас 30 гаруй хувийг нь урд хөрш дангаараа хэрэглэдэг гэнэ. Энэ зэсийн “мангас” улсын макро эдийн засгийн байдлаас хамааралтай.