Зээлийн батлан даалтын сантай боллоо

Зээлийн батлан даалтын сан албан ёсоор нээлтээ хийлээ. Уг сан Засгийн газрын хөрөнгө оруулалттай бөгөөд МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран сангийн дүрмийг баталснаар байгуулагдсан байна.

Зээлийн батлан даалтын сан нь зээл хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих учиртай. Сангийн удирдах зөвлөлийн дарга Г.Хэрлэн “Эргэлтийн хөрөнгө хангалтгүй, зээл авч чадахгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сан бий болсноор эдийн засгийн өндөр ач холбогдолтой. ЖДҮ эрхлэгчид ажлын байр олноор бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдлээ гэж хэлж болох юм” гэв. Банкнаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тус сангаас зээлийнх нь 60 хүртэл хувьд батлан даалт гаргах боломжтой аж. Гэхдээ тухайн зээлд гаргах батлан даалтын хэмжээ 250 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн гурван төрөл байх ажээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулахын тул гэрээ байгуулсан арилжааны банкинд зээл авах хүсэлтээ эхлээд гаргах юм байна. Арилжааны банк материалыг нягтлаад батлан даалт олгох тухай дүгнэлт явуулах аж.
Сан цаашдаа хөдөө, орон нутгийн арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.