Зээлийн бодит өртгийг ингэж тогтооно

Монголбанкнаас “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Тус журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баталсан бөгөөд энэ оноос хэрэгжиж буй.

Журам хэрэгжих болсноор арилжааны банкуудын хүү тооцох аргачлалыг нэгдсэн стандартад шилжүүлэх юм. Мөн хүү бодох аргачлалыг санхүүгийн салбарын өнөөгийн хөгжилтэй уялдуулж, шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж. Үүнээс гадна банкны салбар дахь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах. Тэднийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь журмын гол зорилго. Дээрх журмыг банкууд мөрдөх болсноор дунд хугацаанд зээлийн хүү буурах сайн угтал болох юм. Мөн таны авч буй зээл, хадгаламжид арилжааны банкууд зээлийн илүү бодит өртөг санал болгоно гэсэн үг.

Зээлийн бодит өртөг тооцох бүтээгдэхүүн:

-Орон сууц, хашаа байшин барьцаалсан зээл

-Хэрэглээний зориулалттай зээл

-Санхүүгийн түрээсийн зээл

-Хөдөө аж ахуйн салбарын зээл

-Сургалтын зориулалттай зээл

-100 сая хүртэлх төгрөгийн дүнтэй бичил бизнесийн зээл. Хэрэв харилцагч хүссэн тохиолдолд бусад төрлийн зээлд ч бодит өртөг тооцуулах боломжтой.

Зээлийн бодит өртөг тооцоход оруулахгүй зардал:

-Улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж

-Зээл, барьцааны гэрээ баталгаажуулахтай холбоотой нотариатын шимтгэл, хураамж

-Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалтай холбоотой шимтгэл, хураамж

-Зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх зардал, шимтгэл, хураамж

Зээлийн бодит өртөг тооцоход оруулах зардал:

-Зээл олгосны шимтгэл, өргөдлийн хураамж, зээлийн эрсдэлийн шимтгэл

-Санхүүгийн түрээсийн зээлийн хувьд нийлүүлэгчээс авч буй шимтгэл, хураамж

-Зээлдүүлэгчийн шаардлагын дагуу хийгдэх барьцаа хөрөнгийн бүх төрлийн даатгалын шимтгэл, хураамж

-Тухайн зээлтэй холбоотой зээлдүүлэгчээс шаардаж буй аливаа нэмэлт үйлчилгээний зардал, шимтгэл, хураамж