Зүүн Азийн орнуудын IV чуулга эхэллээ

Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын IV чуулга уулзалт Гадаад харилцааны яамны хурлын танхимд үргэлжилж байна. Зүүн Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад асуудлаар зөвлөлддөг энэхүү хурал нийслэл хотод хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Чуулга уулзалтад ХБНГУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Монголын 80 гаруй эрдэмтэн, төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтын зорилго, гарах үр дүнгийн талаар Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр “Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын IV дэх чуулга уулзалтаар энэ бүсэд оршдог орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хэрхэн өргөжүүлэх, сайжруулах асуудлаар хуралддаг. Манай улс сүүлийн жилүүдэд уул уурхай, байгалийн баялагийнхаа ачаар эдийн засгийн хувьд ихээхэн далайцтай болж байгаа. Үүнээс үүдэн бүс нутгийн, ялангуяа хөрш орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ хурлаар Монгол Улсыг гаднын орнуудад таниулах, байр суурийг бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэх, Зүүн Азийн бүс нутагт илүү идэвхтэй, ач холбогдолтой үүргийг гүйцэтгэх чадавхи, боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Тиймээс энэ удаагийн хурал маш их ач холбогдолтой болж, олон сайхан үр дүн гарах байх” гэв.

Энэ удаагийн чуулга уулзалт хөрш болон гуравдагч хөрш орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэлэлцүүлгээс гадна уул уурхай, тээвэр, байгаль орчин гэсэн гурван салбар хуралдааныг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Нэгдсэн хуралдаанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, профессор, доктор Л.Хайсандай “Монгол Улсын геополитик:Аюулгүй байдал хамтын ажиллагааны асуудал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.


Эдийн засгийн шинэ салбарууд бий болгох нь Монголд ашигтай


Профессор, доктор Л.Хайсандай илтгэлдээ “Уул уурхай, байгалийн баялаг түшиглэсэн их орлогын энэ жилүүдэд эдийн засгийн шинэ салбаруудыг үүсгэж, бий болгож, үндсэний үйлдвэрлэлээ хөгжүүлж авах нь юу юунаас чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Манай орон уул уурхай, ашигт малтмал, байгалийн баялаг, таван хошуу мал, газар нутгийн хэмжээ, стратегийн ач холбогдол бүхий газруудынхаа тусламжтайгаар эдийн засгийн хувьд ихээхэн дээшлээд байгаа. Цаашид улам өснө. Энэ нь эдийн засгийн, үндэсний, хүнсний аюулгүй байдаг гээд олон зүйлд онцгой анхаарал тавихаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Гэтэл манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд аж үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжгүй. Тиймээс оюуны хөгжилд анхаарах хэрэгтэй. Бид хэзээ нэг цагт шавхагдаж дуусах уул уурхай, газрын баялагтаа бүх анхаарлаа хандуулж, түүнд хамааралтай улс орнуудаар л хүрээлүүлэх боллоо. Ноос, ноолуур зэрэг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ ӨМӨЗО тэргүүтэй улсуудад нийлүүлж, хятад ажилчин, цагаачдаар улс орон маань дүүрч байгааг хэн хүнгүй харж байна. Энэ нь бидний аюулгүй байдал, эдийн засгийн үр ашигт маш муугаар нөлөөлнө. Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван жилд 6-10 хувиар өссөн. Гэвч энэ нь зөвхөн уул уурхайтай холбоотой өсөлт. Үүний цаана үндэсний үйлдвэрлэл, аж үйлдвэр гэх мэт бусад салбар уналтад орж, төгрөгийн ханш үнэгүйдэж эхэлдэг. Тиймээс уул уурхайгаас олж буй одоогийн ашгийг эдийн засгийн шинэ салбаруудыг үүсгэх, хөгжүүлэхэд зарцуулах, оюунлаг зүйлсийг бүтээхэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Энэ нь 5-10 биш 100-200 жилийн эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох үндэс юм.


Гуравдагч хөршүүдийн сонирхолыг өөртөө татах нь монгол хүнд ашигтай


Стратегийн ач холбогдол бүхий ордуудад санаархсан гаднын гүрнүүдийн наалинхай зан манайхныг бялууруулаад буй. Энэ үед бид хэнийг түшиж, хэнд найрсаг хандах нь үр хойчид маань хэрэгтэй вэ.

Профессор, доктор Л.Хайсандай илтгэлдээ “Манайх гуравдагч хөрш орнуудын сонирхлыг өөртөө татаж, шаардлагатай, хэрэгтэй байгаа шинэ технологи, арга, үйлдвэрлэлийг нь Монголдоо нутагшуулах хэрэгтэй байна. ОХУ-ын соц нийгмийн үед манайд суурилуулж, бүтээж өгсөн хуучны техниз, хэрэгслүүд шинэчилэгдэж чадахгүй байна. 1990-ээд оноос хойш ОХУ-аас манайд зориулсан техник, үйлдвэрлэлийн шинэчлэлт хийсэнгүй. Гадаад худалдааны хувьд ч чиглэсэн дорвитой зүйл хийгдсэнгүй. Харин манай нийт бараа бүтээгдэхүүний 40 орчим хувийг БНХАУ-аас хангаж байна. Гэвч энэ нь мөн л шинэ зүйл биш. Тиймээс үйлдвэрлэлийн болоод бусад салбарын чиглэлээр шинэ гарц юу байгааг хайж олох, хамтран ажиллах шаардлага тулгараад байна. Мөнхийн хөршүүдээс гадна хөрш манайд яагаад хэрэгтэй вэ гэхээр Монгол Улс дандаа дэлхийн томоохон зах зээлтэй улс орнуудын анхаарлын төвд байхгүй. Тийм болохоор ихэнх зүйлээрээ хараат шахуу байдаг манайх шиг оронд гуравдагч хөршүүд маш хэрэгтэй. Зовох цагт бидэнд тусалж, хамгаалах чухал орнуудыг гуравдагч хөршөөрөө татах ёстой юм” гэлээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалтад гаднын төлөөлөгчид улс хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй асуудал, бэрхшээлийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм.
БНХАУ-ын Хэйлунжян мужийн Нийгмийн ШУА-ийн ЗХА-ийн хүрээлэнгийн захирал, профессор Да Жиган “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны боломж ба сорилтууд, Хэйлунжян мужийн сонголт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Хүйтэн дайн хэдийгээр өнгөрсөн ч бид саяхныг хүртэл гаднын улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлаар хэлэлцэх эрхгүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд байдал өөр болж, Зүүн хойд Азийн орнууд олон талаар бие биетэйгээ хамтран ажиллаж байна. Үүний нэг нь энэ хуралд оролцож буй явдал билээ. Манай орны хувьд эдийн засаг төдийгүй бусад салбараа сэргээх, хөгжүүлэх, гаднын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг сайжруулах шаардлага маш хурцаар тавигдаж байгаа. Ялангуяа АНУ, Ядон, Өмнөд Солонгос, Монгол Улсын туслалцаа манай улсын хувьд юу юунаас эрхэм байна. Гэхдээ манай зүгээс эдийн засгийн болоод бусад зүйлээр хөрөнгө оруулалт хийх эхний хоёр түншийн нэг нь Монгол Улс. Ялангуяа аж үйлдвэрлэлийн салбар хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах гарц, чиглэлүүдийг хайх болно. Мөн танай улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Хуралдаан маргааш үргэлжлэх бөгөөд уул уурхай, тээвэр, аялал жуулчлалын одоогийн байдал, ирээдүйн төлөв болоод гаднын орнуудтай хамтран ажиллах шинэ гарцын талаар хэлэлцэх юм.