Зүүн Азийн эдийн засаг тогтвортой байна

Эдийн засгийн өсөлтөөрөө Зүүн Азийн бүс нутаг дэлхийд тэргүүлж байна.
Зүүн Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжил энэ жил 7.1 хувийн өсөлттэй байх бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн өсөлттэй ижил байгааг Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд дурьджээ.
Бүсийн эдийн засаг 2009-2013 оны найман хувийн дундаж өсөлтөөс буурч 7.1 хувийн өсөлттэй байх аж. Гэсэн ч Дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
“Дэлхий нийтийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн гол өсөлтийн хөдөлгүүр нь Зүүн Ази, Номхон далайн бүс байсан” гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд ерөнхийлөгч Аксел ван Тротценберг хэлэв.
БНХАУ 2013 онд 7.7 хувийн өсөлттэй байсан бол энэ жил ялимгүй буурч 7.6 хувьд хүрнэ. Аливаа улсын бүтцийн шинэчлэлт нь хөгжлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, эмзэг байдлыг багасгах талтай.
Хятад улс нь өсөлтийн үр ашиг болон дотоодын эрэлтийг огцом өсгөхийн тулд санхүү, зах зээлийн хандлага, ажиллах хүчний хөдөлгөөн болон төсвийн бодлогод шинэчлэлийг хэдийнэ хийж эхэлсэн байна.
Татварын шинэчлэлт хийх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын саадыг багасгах зэргээр Засгийн газраас зарласан зарим санаачлага нь хөгжилд богино хугацаанд түлхэц болж өгөх талтай гэж эдийн засагчид үзжээ.
Тус улсын амжилттай шинэчлэлтүүд нь тэдний худалдааны түншүүдэд сайн муу талаар нөлөөлөх магадлалтай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хэрэглээний бараа болон орчин үеийн үйлчилгээ нийлүүлэгчдэд их хэмжээний үр ашиг хүртээх боломжтой юм.
Харин Хятадын дахин тэнцвэржүүлэлтийн замбараагүй байдлаас үүдэн Дэлхий нийтийн болон бүсийн эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх магадлалтай. Ялангуяа байгалийн нөөцийн экспортод түшиглэсэн улс орны хувьд.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Бэрт Хофман “Зүүн Азийн бүс орнууд нь өөрсдийн боломжит хөгжлийг нэмэгдүүлж, зах зээлийн итгэлийг урт хугацаанд хадгалах бүтцийн шинэчлэлийг хийхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Зүүн Азийн хөгжиж байгаа бусад улсын хувьд эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн 5.2 хувийн өсөлтөөс бага хэмжээгээр буурч 5.0 хувь болох аж.
Мөн бүсийн бусад хөгжиж буй орнууд нь олон улсын худалдааг хөнгөвчлөх, үйлчилгээний салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зэргээр бүтцийн шинэчлэлтээс үр ашиг хүртэх боломжтой. Энэ нөхцөлд 2015 онд байгуулагдах Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн Эдийн засгийн бүс дотоод хөрөнгө оруулалт болон экспортын хэмжээг огцом өсгөж, хөгжлийн чухал эх үүсвэрийг бий болгодог гэж Дэлхийн банкны эдийн засгийн тойм мэдээлэлд дурьджээ.
Бүсийн эрсдэлийн талаар Эдийн засагч Берт Хофман “Хөгжингүй эдийн засгуудын тооцоолсноос удаан сэргэн босголт, дэлхий нийтийн хүүгийн түвшний өсөлт болон саяхны Зүүн Европын гео-политикийн сөргөлдөөний улмаас үүссэн бараа таваарын үнийн тогтворгүй байдал нь Зүүн Ази дэлхийн хөгжилд нөлөөлж эмзэг хэвээр байгааг харуулж байна” гэлээ.
Гэсэн хэдий ч Зүүн Азийн хувьд вальютын уян хатан байдал нь гадаад цочрол буюу боломжит капитал гадагшлах урсгалтай тэмцэхэд нэмэртэй болохыг өнгөрсөн жилийн бууралт харуулсан. Мөн ихэнх улс орон түр зуурын худалдааны болон гадаад цочролоос хамгаалах хангалттай нөөцтэй байх нь зүйтэй аж.
Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнууд энэ жил эдийн засгийн хувьд сэргэнэ. Холбооны нөөцийн тоон хөнгөлөлтийн бууралтад үзүүлсэн зах зээлийн хариу үйлдлээс суурилсан эдийн засгийн тогтвортой өсөлтийг мэдэрнэ гэж Эдийн засгийн тойм онцоллоо.