Зүүн Азийн эдийн засаг хурдаа хасах уу

Хөгжиж буй Зүүн Азийн эдийн засаг удааширсан ч энэ онд 7.1 хувийн өсөлттэй гарч, дэлхийн өсөлтийг тэргүүлсээр. Хятад улс экспортод чиглэсэн эдийн засгаас дотоодын эрэлтэд суурилсан эдийн засагт анхаарах болсон нь бүс нутгийн орнуудын өсөлтийг саархад хүргэж байна.

Хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан, экспортын хувь хэмжээ төлөвлөж байснаас бага гарсантай холбоотойгоор Индонез, Малайз болон Тайланд гэх томоохон дунд орлоготой орны өсөлт суларч байна гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн тоймд тэмдэглэжээ. Тус тайланд бүсийн хөгжингүй орнуудын эдийн засгийг энэ онд 7.1, ирэх онд 7.2 хувь байна гэж тооцоолжээ. Хэдийгээр энэ нь Дэлхийн банкны энэ оны дөрөвдүгээр сарын тооцооллоос бага ч хөгжингүй Зүүн Азийн бүс нь бусад бүсийг өсөлтөөрөө тэргүүлж байгаа юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн тойм нь Дэлхийн банкны уг бүс нутгийн орнуудын эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа юм. Тус тайлан нь жилд хоёр удаа нийтийн хүртээл болдог. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсембург “Зүүн Ази, Номхон далайн бүс нь дэлхийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. 40 хувь гэдэг нь өөр бусад бүсд байхгүй үзүүлэлт юм. Дэлхийн ерөнхий эдийн засгийн өсөлт хурдасч буй тул эдийн засгийн өсөлтөө хадгалах, ядуурлыг бууруулах мөн ядуу, эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх үүднээс хөгжингүй орнууд бодлого болон бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон” гэлээ.

Бүс нутгийн эдийн засагт томоохон байр суурь эзлэх Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд албан ёсны тооцоолсон зорилт болох 7.5 хувь хүрэх төлөвтэй байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл энэ оны гуравдугаар улиралд нэмэгдэнэ гэх таамаглалыг дэвшүүлж буй тул богино хугацааны нөхцөл байдал нааштай гарч магадгүй нь. Ирэх оны эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай байхаар төсөөлсөн ч Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой эрсдэл тулгарсан хэвээр байгаа аж. Хятадыг эс тооцвол уг бүсийн өсөлт энэ онд 5.2, ирэх онд 5.3 хувь тус тус гарна гэж тооцоолжээ.

Нөгөө талаасаа АНУ-ын төсвийн гацаа Зүүн Азийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж мэдэхийг дээрх тайланд өгүүлжээ. Сүүлийн хэдэн сард АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого зогсоно гэсэнтэй холбогдуулан хөрөнгийн биржэд үнийн уналт бий болж, валютын ханш суларсан нь Зүүн Азийн эдийн засагт ч хохирол авчирсан гэх.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий эдийн засагч Бэрт Хофман “АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зах зээлийн тогтворжуулалтын бодлогыг хязгаарлахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь бусад улс орнуудад ирээдүйн савлаганаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хоёр дахь боломжийг бий болголоо” гэв. Тэрбээр “гадаад мөнгөн тэмдэгтээр төлөх, богино хугацааны өр зээлээс хэт хараат байдлыг багасгах, өсөлт саарах үед валютын ханшаа сулруулах мөн олон улсын чөлөөт эх үүсвэрийн нөхцөл байдлын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах бодлогын нөөцөө нэмэгдүүлэх нь улс орнуудын хувьд бэлтгэлтэй байх арга хэмжээнүүд юм” гэлээ.

Тайланд тэмдэглэснээр Японы өсөлтөө сэргээх шинэ стратеги болох “Абэномикс” нь уг бүс нутаг Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тус нутаг руу чиглэх хөрөнгийн урсгалын хязгаарлалтын нөлөөллийг багасгаж болох юм. Дэлхийн эдийн засгийн хямарлыг давах үүднээс хэрэгжүүлсэн сангийн болон мөнгөний тэлэх бодлого нь олон улс орнуудад сул тал бий болгож байгааг тайланд дурьджээ.

Цаашид улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр төсвийн хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулах хэрэгтэй байгааг онцолжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт сайн байх төлөв байдал нь хөгжингүй орнуудад шинэтгэл хийхэд түлхэц үзүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг бататгаж авах боломжоор хангана гэж Аксел ван Тротсембург хэллээ. Засгийн газрууд төсвийн эрсдэлд анхаарлаа хандуулж, эрчим хүчний салбарын татаасыг багасгах гэх мэт арга хэмжээгээр дамжуулж урт хугацааны өсөлтийн орон зайг бүрдүүлэх хэрэгтэй байгааг уг тайланд анхааруулжээ.