Зөв зорилго, буруу шийдэл

Редакторын зурвас


Хойд хөршийн төрийн тэргүүн Хойд Солонгосын удирдагчтай уулзаж дэлхий нийтийн чихийг сортолзуулж байна. Тэдний энэхүү “дотно” гэгдэж буй анхны уулзалт АНУ тэргүүтэй том гүрнүүдийн эрх баригчдад анхааруулга өгсөн өдөөн хатгалга уу гэдгийг одоогоор тодорхойлох эрт. Гэхдээ хоёр ч удаа амжилт олоогүй Трамп, бага Ким хоёрын уулзалтад цохилт өгөх хэмжээний том үйл явдал гэдэг нь гарцаагүй. Барууны хоригт багагүй дарлуулж байгаа ОХУ, АНУ-ын шахалтад ороод буй Хойд Солонгос улс хоорондоо нөхөрлөх алхмуудыг хийж байгаа нь дэлхийн эдийн засаг, улс төрд сенсаци болох нь мэдээж. Ажиглалтаас үзвэл бага Ким дэлхийн тавцанд жижиг гарын тоглогч биш гэдгээ нотолж байна гэж харж болохоор байгаа бол ОХУ-ыг хааж, боолоо гээд харилцах түнш мундахгүй гэдгээ Путин сануулах шиг боллоо. Америк Иран улсаас газрын тос импортлохоо болих гэж буй тухай мэдээлэл гармагц энэхүү хоригоос хамгийн их хожих хүн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гэж олон улсын судлаачид үзэж байна. Үүндээ эрдэв үү эсвэл улс төрийн зорилго тээв үү гэлтэй Путин Украйн улсаас байгалийн хий импортлох гэрээтэй холбоотой асуудалд илүү няхуур хандах хэрэгтэйг илэрхийлээд ирэх намар болох Украйны парламентийн сонгууль хүртэл холбогдох гэрээнд гарын үсэг зурах эсэхээ харзнахаар болсон. Олон улсад өрнөж буй эдийн засаг, улс төрийн томоохон үйл явдлууд хөвөрсөөр буй энэ үед манай улсад ч эдийн засагт эрүү чилээсэн олон зүйлийг ярьж байгаагийн нэг нь зээлийн хүүд хязгаар тогтоох асуудал. Гэнэт ийм зүйл ярьж эхлээгүй боловч одооноос эрчээ авч буй энэ сэдвээр байр сууриа илэрхийлж буй хүмүүс олон байна. Төрийнхний зүгээс чанаргүй зээлийг бууруулах, иргэдээ хамгаалж нуруун дахь ачааг нь зээлийн дарамтаар нэмэхгүй байх арга гэж тайлбарлаж буй. Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бол бий. Гэхдээ үүнийг зээлийн хүүд хязгаар тогтоогоод л шийдчихгүй. Чанаргүй зээл эдийн засагт ачаалал үүсгэх хэмжээнд хүрч өссөн явдалд холбогдох байгууллагууд зохих арга хэмжээгээ дор бүрнээ цаг алдахгүй авах ёстой байсан. Тэгэхээр чанаргүй зээлийн асуудлыг зөвхөн зээлийн хүү өндөр байгаатай холбож тайлбарлах учир тудагдалтай.

Арга зам нь буруу бол зөв зорилго ч буруудна. Зах зээлийн зарчмаар, өрсөлдөөнөөр урагшилж байх ёстой үйл явцыг захиргааны аргаар шийдэх гэж хүчлэх нь зохимжгүй тул алсаа хараагүй ийм шийдэл ирэх хоёр жилийн дотор л нийгэм, эдийн засгийг ямар байдалд хүргэх нь ойлгомжтой гэж банк, санхүүгийн болон хувийн секторынхон онцолж байгаа юм. Гэвч буруу, зөв, эерэг, сөрөг гэхээс хэтрэхгүй олон мэтгэлцээн, яриа өрнөж байгаа болохоос бариад авах тоо, статистик нийтэд хангалттай түгэхгүй байна. Хүүгийн хязгаарыг хуулиар тогтоох нь зөв гэж буй хүмүүст 18 хувь гэж хуулчилснаар хүлээгдэх үр дүн амьдралд хэр наалдах талаарх зугтаж боломгүй баримт, нотолгоо алга. Судалсан гэж буй ч практикт хэрхэн зөв хэрэгжих талаар “вангадаж” байгаа. Тэр тусмаа 2020 оны зургадугаар сараас урьтаж батлан, хэрэгжүүлэхээр хэт яарч буй нь сонгууль тоссон тоглолт гэх хардлага төрүүлж буйг цөөнгүй хүн хэлж байна. Тэгвэл эдийн засагт сөрөг үр дагаварууд нь чухам хаанаас эхлэх, холбогдох салбаруудад нөлөөлөх богино, дунд, урт хугацааны эрсдэлүүдийн талаар буй мэргэжилтнүүдийн зарим нь үнэмшилтэй тооцоолол ярихгүй байгаа юм. Ийм төрлийн хууль хэрэгжүүлээд алдсан улсаар Кени шалгарсан жишээ болдог. Энэ хүрээнд хязгаарлах хууль зорилгодоо хүрдэггүй гэх хэд хэдэн баримт бол бий. Гэвч тэнд ингэлээ гээд энд тийм байх бас албагүй. Тэр утгаараа 1950-аад онд Япон улс зээлийн хүүд тааз тогтоосон, өдгөө ямар хэмжээнд хүрч хөгжсөн байгааг хуулийн төслийн санаачлагч онцолсон байгаа юм. Гэвч 1954 оны Япон, 2019 оны Монгол харьцуулах аргагүй кейс.

Кенийн араас орохгүйн тулд эхлээд журмаар шийдэж болохгүй гэх зүйлгүй бөгөөд зээлийн хүүг дарамт болгохгүйг үнэхээр хүсэж байгаа бол өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зарим талаар гадаадын банкыг Монголд оруулж ирэх арай “эрүүл” арга санал болгох талууд ч байгаа юм. Энэ мэтээр хүн бүрт хэлэх үг байна. Ямар ч байсан зээлийн хүүгийн өсөлтийг хуулиар дарах уу, хөгжилд нь даатгаад одоо байгаа хувь хэмжээнд нь дарлуулах уу гэдгээ хөндөж байгаа нь сайшаалтай. Гэвч анхаарлаа хандуулах гол асуудал хэн юуг ямар зрилгоор ярьж байгаагаас илүүтэй талуудаас гарах хөдлөшгүй баримтаар нотлогдох шийдэл, түүнд хүрэх зөвшилцөл. Ингэхдээ бодлогын алдаа гаргахгүй байх.

Энэ сэдэв ийн эрчээ авч байгаа яг энэ мөчид Mongolian Economy сэтгүүл аль нэг талыг илүүтэй, дутуутай дурдалгүй тэдний байр суурийг тэнцвэртэй хүргэж, дүгнэлт хийх орон зайг уншигчиддаа олгохоор шийдлээ.

Дотоодод ийн бужигнаж байхад манай улсын төрийн тэргүүн цахим орчинд “бужигнуулж” байна. Энэ жил манай улс, урд хөрш дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн харилцан айлчлал хийх товтой байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхлүүлсэн.Харин түүний энэхүү айлчлалын талаар манай цахим идэвхтэнүүд Си дарга манайд айлчлах үеэр тухайн үед Х.Баттулга л байсан одоогийн Ерөнхийлөгч Хятадын цувааг сөрж гүйсний гороо амсаж байна гэж буй. Хэдий манай улс нэлээд хэдэн сая юаниар үнэлэгдэх хэлцлүүд үзэглэсэн гэж байгаа чАзербайжанын Ерөнхийлөгчийн дайтай угтуулсангүй гэдэг өнцөг олны анхаарлыг илүү татаж байх шиг. “Бүс ба зам” бодлогын хүрээнд холбогдох томчууд чуулсан өдрүүдэд “Азийн супер сүлжээ”-г байгуулах санаачлага дахин олны анхааралд орсон. Энэ санаачлага манай улсад, тэр дундаа эрчим хүчний салбарт маш том өөрчлөлт, өсөлт авч ирэх юм.

Налгар зун ойртсон, удахгүй намар, өвөл гээд өрнөх 2019 төгсгөлд монголчууд ямар зүйлс ярьсаар, хэлсээр, хэлэлцсээр байхыг таашгүй. Үр дүн харин яах бол!