З.Баттүшиг: Монгол компаниуд тун удахгүй гадаадад хөрөнгө оруулж эхэлнэ

Гадаадын хөрөнгө оруулал­­тын газрын орлогч дарга З.Бат­­­түшигтэй ярилцлаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Энэ жил бүр гурван тэрбум ам.долларт хүрч магадгүй гэсэн таамаглал ч бий. Та Монголын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн эхэн үед гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох их хэмжээгээр татах бодлого явуулж байсан. Энэ бодлогын хүрээнд зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх хууль ч үйлчилж байсан шүү дээ. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан оёдлын үйлдвэрүүдээс 3-5 жилийн хугацаанд татвар авдаггүй байлаа. Гэвч энэ нь сайны хажуугаар саарыг ч дагуулсан. Ажлын байр ихээр бий болсон боловч энэ хуулийг буруугаар ашиглах тохиолдол ихээр гарч байлаа. Харин үүний дараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр ижил тэнцвэртэй нөхцөл бололцоог олгох бодлогыг баримталж эхэлсэн бөгөөд энэ нь одоо хүртэл явагдаж байна. Өнөөдөр Монгол Улсыг дэлхий даяар мэддэг боллоо. Ашигт малтмалаар баян манай орныг уул уурхайн түүхий эдийн хамгийн том зах зээл болох Хятадтай хил залгаа оршиж байгаагаар нь гаднынхан мэдэж, сонирхож байна. Тийм ч болохоор эрдэс баялгийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болсон.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг ашигт малтмалын салбар дангаараа эзэлж байна. Энэ нь Голланд өвчин дагуулах, уул уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадварыг үгүй хийх аюултай юу?

-Голланд өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн гарц нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд ямар бодлого баримтлах талаар өргөн цар хүрээтэй судалгаа хиймээр байна. Ер нь сүүлийн үед уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа тул бид гадаадын хөрөнгө оруулалтын бодлогодоо дүн шинжилгээ хийж, эргэж харах шаардлага гарч байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах ажлын хэсгийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад харилцааны яамны хамтарсан тушаалаар байгуулсан бөгөөд одоо ажлаа эхлэх гэж байна. Уг стратегийг боловсруулахад манай улсын шилдэг эдийн засагчид, судлаачдын хувь нэмэр маш их хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Гэхдээ стратеги бэлэн болохыг хүлээгээд л байх гэж үү. Яг одоо уул уурхайн бус салбартаа хөрөнгө оруулалт татах төрийн бодлого байна уу?

-Засгийн газраас тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 700 орчим тоног төхөөрөмжийг гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлсөн. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, зөвшөөрөл авах олон шат дамжлагыг цөөлсөн. Мөн Концессын тухай хууль батлагдсан учир төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох төслүүдийн жагсаалт гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын гар дээр очиж байна. Энэ мэтээр уул уурхайн бус салбараа дэмжих ажил урагшилж л байна.

-Нэгэнт л стратеги ярьж эхэлсэн болохоор үндэсний аюулгүй байдлын тухай сэдэв хөндөгдөх байх. Одоо бол манайд орж ирэх хөрөнгө оруулалт жилдээ хоёр дахин нэмэгдэх нь энгийн үзэгдэл болж байх шиг байна. Цаашдаа бид зарим салбарынхаа гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэг­тэй гэж Та боддог уу?

-Аливаа асуудалд судалгаа, дүн шинжилгээтэй хандах нь их чухал гэж би үздэг. Зарим салбарын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах тал дээр ч мөн бусад орны туршлагаас суралцахын зэрэгцээ Монголын нөхцөл байдалд тохируулж, өөрийн орны онцлогийг харгалзан үзэх ёстой. Тэгж байж зайлшгүй хамгаалах салбаруудаа тогтоох учиртай болов уу. Тухайлбал харилцаа холбооны салбар ихэнх улс оронд стратегийн ач холбогдолтойд тооцогддог бөгөөд тэр салбарт орох хөрөнгө оруулалтад нэлээд өндөр шалгуур тавих нь элбэг. Мөн Автсралийн уул уурхайн салбарт 250 сая ам.доллараас давсан хөрөнгө оруулахын тулд Засгийн газрынх нь дэргэд байдаг зөвлөлөөс зөвшөөрөл авдаг журам байх жишээтэй.

-Хөрөнгө оруулагчдад мэдээ­лэл хүртээмжгүй байдаг гэх гомдол нэлээд гардаг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын тоон мэдээлэл л гэхэд их зөрүүтэй байгаа нь хүмүүсийг төөрөгдөлд хүргэж байна. Тухайлбал, Монголбанк 2010 онд манайд 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэж байхад танай агентлагийн тооцоогоор энэ үзүүлэлт нэг тэрбум гаруй ам.доллар байна. Яагаад иймэрхүү зөрүү байна вэ?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтын газар бол Монгол Улсад бүртгэгдэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дүрмийн сан дээр үндэслэсэн мэдээллийг гаргаж байгаа юм. Харин Монголбанкны төлбөрийн тэнцлийн хувьд тухайн компанийн дансаар орж гарч байгаа хөрөнгийг давхар тайлагнадаг байх жишээтэй. Мөн сүүлийн үед дотоодын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож байна шүү дээ. Тийм учраас бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл, мэдээллийн системийг зайлшгүй сайжруулах хэрэгтэй байна. Энэ тал дээр манай газраас тодорхой ажлуудыг ч хийж эхэлсэн.
Тун удахгүй дотоодын компаниуд гадагшаа хөрөнгө оруулалт хийдэг болох байх. Үүнд бид бас бэлтгэлтэй байж, боловсронгүй системтэй болох хэрэгтэй. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулалттай нэг компани байгуулагдлаа гэхэд манай агентлагт дүрмийн сангийн хэмжээгээ бүртгүүлдэг, харин нээсэн дансаар нь орж гарч байгаа хөрөнгийн урсгалын мэдээлэл Монголбанк дээр байдаг бол хэдэн монгол хүн авч ажиллуулсан тухай мэдээлэл нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт байх ёстой. Эдгээр мэдээллийг нийлүүлж байж цогц үзүүлэлт гарч ирэх юм. Үүний тулд бид уялдаа холбоогоо сайжруулж, аль болох дэвшилт технологи ашигласан нэгдсэн системтэй болох хэрэгтэй. Ер нь энэ их том ажил болох юм. Их чухал ч асуудал шүү дээ. Яагаад гэвэл энэ тоон дээр л үндэслэж хөрөнгө оруулагчид тооцоогоо хийж, шийдвэрээ гаргадаг юм. Жишээ татахад манай урд хөрш хөрөнгө оруулалтын орж гарч байгаа урсгалыг маш сайн бүртгэн зарлаж байна.

-Тун удахгүй манай компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэж Та хэллээ. Үнэхээр үндэсний компаниуд маань өсөн томорч байна. Гэтэл тэд гадаадад хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тодорхой хэмжээгээр дэмжих төрийн бодлого байна уу? Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийж, бизнес явуулахыг төрөөс нь нэлээд урамшуулдаг гэсэн...

-Манай эдийн засаг хурдтай хөгжиж, шинэ үзэгдлүүд элбэг гарах боллоо. Гадаадад хувьцаа гаргана гэдэг санаанд багтахааргүй хэцүү зүйл мэт санагддаг байсан нь саяхан даа. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалт татах явдал эрчимтэй хөгжиж байна.
Ер нь улс орнуудын туршлагаас харахад гадаадын хөрөнгө оруулалтаар анх босч, цаашдаа биеэ дааж гадагшаа хөрөнгө оруулах нь элбэг байдаг. Одоо Монголд анх гадаадын хөрөнгө оруулалтаар бий болж хөл дээрээ тогтсон бизнесийг эргүүлээд монголчууд худалдаж авч байна шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагчид чадалтай, мэдлэг туршлагатай болж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд хэдхэн жилийн дараа монгол компаниуд гадаадад хөрөнгө оруулж эхлэх байх. Ний нуугүй хэлэхэд одоогоор гадаадад хөрөнгө оруулсан нөхцөлд тодорхой дэмжсэн, эсвэл урамшуулсан хууль эрх зүйн орчин алга.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улс Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талын хэлэлцээрийг 44 оронтой, Давхар татварын хэлэлцээрийг 34 улстай байгуулаад байна. Мөн Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Вашингтоны конвенци, Хөрөнгө оруулалтын даатгалын олон талт агентлаг байгуулах тухай Сөүлийн конвенци зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон байгаа. Энэ хүрээнд Монголын компаниуд гадагшаа хөрөнгө оруулах бололцоо бий л дээ. Тодорхой хэмжээгээр эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Цаашдаа нарийвчлан судлаад, дотоодын компаниудаа хэрхэн дэмжихээ тодорхойлох хэрэгтэй болов уу.

-Одоогоор манайд орж ирж буй мөнгөний дийлэнх хэсэг нь уул уурхайн салбарыг л чиглэж байна. Үүнээс монголчууд, Монголын компаниуд чадах чинээгээрээ өндөр ашиг хүртэж, эх орныхоо эдийн засагт аль болох их мөнгө шингээхийн тулд яах ёстой вэ?

-Мэдээж эхний ээлжинд уул уурхай дагасан бусад салбараа л хөгжүүлэх хэрэгтэй. Эрдэс баялгийн томоохон төслийг сэлбэг хэрэгсэл, хоол хүнсээр хангахаас эхлээд дагалдах бизнес хөгжих өргөн боломжтой. Гэхдээ дэлхийн хэмжээний компанид нийлүүлэлт хийхийн тулд дотоодын аж ахуйн нэгжүүд маань ч олон улсын стандарт хангах шаардлагатай болно. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л зөвхөн мөнгө бодох нь учир дутагдалтай л даа. Үүнтэй хамт мэдлэг, техник, технологи мөн соёл орж ирдэг. Компанийн засаглал, хувийн бизнесийн соёл зэрэг ойлголтыг ч Монголын хөрсөн дээр буулгах хэрэгтэй болж байна. Энэ бүхний эцэст үндэсний компаниуд маань дэлхийн тавцанд гарахад ямар ч асуудалгүй болох учиртай. Тэгж байж л уул уурхайд орж ирж буй хөрөнгө манай эдийн засагт бодитойгоор шингэнэ шүү дээ.