Идээний дээж сүү юү, архи уу?

“Идээний дээж бол архи” гээд ямар чөтгөр нь хэзээ хэлчихсэн юм бүү мэд. Хундага өргөчихөөд ёроолыг нь харах ёс яаж байгаад тогтчихсоныг ч бас мэдэхгүй. “Аз жаргал нь ёроолдоо байдаг юм” ч гэх шиг... Нанчид зооглоод насны жаргал эдэлсэн хүнийг би лав үзээгүй. Сархад хүртээд сайн яваа хүний жишээ энэ байна гээд Та хэлчихэж чадах уу?

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хундагандаа архи биш, сүү хийж байгаад ард түмэндээ хандан үг хэлсэн дээ. Энэхүү Төрийн тэргүүний шинэ жилийн сайхан ерөөлөөс хойш “Идээний дээж бол сүү” гэх ойлголт нийгэмд бага ч гэсэн хоногшсон болов уу. “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон анхны дугаараа гаргачихаад, хундаганд сүү хийж тулгасан юм. Ямар гоё байсныг үгээр илэрхийлж ч чадахгүй нь.

“Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээ бий болж, Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа зэрэг сайхан мэдээ ойрын үед дуулдах боллоо. Монголын оюутнууд ч архины эсрэг “Нэгдэх үү” хэмээн уриалсан нь хэчнээн сайхан хэрэг билээ? Гэтэл Монгол орон архиар бялхаж, бялуурч байгааг гаргасан статистик мэдээллүүд зүрх зүсэх шиг болов.

Өнгөрсөн онд Монголд үйлдвэрлэсэн архины хэмжээ жилийн өмнөхөөсөө 42 хувиар нэмэгдэж, 136.6 мянган тоннд хүрчээ. Гэтэл үйлдвэрлэсэн сүүний хэмжээ үүнээс найм дахин бага буюу ердөө 17.4 мянган тонн байгааг юу гэж ойлгох вэ? Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монголын нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ тогтмол өсч ирснийг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулна. Иймэрхүү тоо баримтыг хараад архи, тамхи үйлдвэрлэгчид л алгаа ташин суугаа биз ээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргадаг ТОП 100 компанийн жагсаалтад ч архи, тамхины үйлдвэрүүд толгой цохиж байх жишээтэй. Арга ч үгүй юм даа, “согтуу Монгол” оронд тэд л хамгийн ихээр ашиг олж байгаа байлгүй.

Энд тэндгүй архины эсрэг аян зарлаж, “Идээний дээж бол сүү” хэмээн сурталчилж эхэлсэн нь сайн л хэрэг. Манай сэтгүүл ч энэ аянд нэгдэж, дээрх уриалгыг уухайлан дэмжиж байна. Гэхдээ согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааг хууль эрх зүй болон эдийн засгийн аргаар хатуу зохицуулах хэрэгтэй болсныг дээрх статистик харуулна биз ээ. Товчхондоо, архины зах зээлд төр “төмөр нударга” үзүүлэх цаг иржээ.