Ижил хугацаанд, илүү өгөөжтэй “Сүү 2.0” бонд

Үндэсний ууган үйлдвэр, ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг болох “Сүү” ХК найман жилийн дараа дахин бонд гаргах зөвшөөрлөө авч, хөрөнгө оруулагч олон нийтэд “Сүү 2.0” бондыг санал болгохоор боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооноос ТОП-100 ААН-үүдэд таван тэрбум хүртэлх төгрөгийн бонд барьцаагүйгээр гаргах эрхийг олгохоор шийдвэрлэн, санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах боломж бүрдсэн билээ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14-р хуралдаанаар нийт таван тэрбум төгрөгийн дүнтэй энэхүү өрийн хэрэгслийг бүртгэж, арилжаалахыг зөвшөөрсөн нь үндэсний томоохон компаниуд, тэр дундаа ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан тус зах зээлд идэвхтэй оролцож, санхүүгийн эх үүсвэр татах ажиллагаа хялбарших эхний үүд хаалга нээгдэн, өргөжиж буйг харуулж байна.
“Сүү 2.0” бонд нь 12 сарын хугацаатай бөгөөд нэгжийн нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөгөөр тогтоогдсон. Мөн жилийн 17 хувийн хүүтэйгээр зах зээлд гарч буй нь арилжааны банкны хадгаламж болон бусад өрийн хэрэгслээс дунджаар 4.8 хувиар өндөр өгөөжтэй байгаа нь хөрөнгө оруулагчдад онцгой давуу талыг бий болгож буй.
Түүнчлэн, уг бондын брокероор Таванбогд капитал ҮЦК ажиллаж, Улаанбаатар үнэт цаасны биржээр арилжаалагдаж, захиалга хүлээн авч эхэлснээр богино хугацаанд тогтвортой өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь дамжиггүй.
“Сүү” ХК-ийн хувьд өмнө нь 2017 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Сүү бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжаалж, нийт зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татаж байсан. Тухайн үед жилийн 17.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байсан энэхүү бонд нь өндөр эрэлттэйгээр зах зээлд бүрэн борлогдож, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн нь компанийн өрийн хэрэгсэл амжилттай арилжигдаж болохыг харуулсан түүхэн жишээ болж үлдсэн билээ.
Ийнхүү үндэсний ууган үйлдвэр дахин хөрөнгийн зах зээлд, олон нийтэд өгөөжтэй бүтээгдэхүүн санал болгож буй нь зөвхөн “Сүү” ХК-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна Монголын хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулалтын оролцоог өргөжүүлэх чухал алхам болж байна.




Сүүн соёлыг түгээгч “Сүү” ХК