Израил АНУ-ын харилцаа сэвтэв үү

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон явдал нь Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хувьд таатай бус мэдээ байлаа. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дээрх хоёр эрхмийн хувийн хүйтэн хөндий харьцаанаас гадна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Нетаньяхугийн зүгээс хэт оролцсон явдал нь хоёр улсыг бие биеэс нь хөндийрүүлээд зогсохгүй ирэх 2013 оны нэгдүгээр сард болох Израилийн Ерөнхий сайдын сонгуулийнх нь дүнд ч сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байна.

RT-ийн Ойрхи Дорнод дахь товчооны эрхлэгч Паула Слайер “Нетаньяхугийн хувьд дараагийн дөрвөн жилд өрсөлдөгчдөөс хэнийг нь Цагаан ордонд залруулах сонирхолтой байгаагаа ч нуухгүй ирсэн. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Израилийн Засгийн газар Цагаан ордонтой олны нүдэн дээр байнга сөргөлдөж ирсэн нь Израилийн хувьд найдвартай холбоотон байх гэсэн АНУ-ын имижийг ганхахад хүргэж байсан” гэж хэлжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Обама Иранд дайн өдөөх гэсэн Нетаньяхугийн байр суурийг дэмжихээс татгалзаж, АНУ-аас тус улсад цохилт үзүүлэхэд хүргэхүйц “улаан шугам”-ын нөхцлийг нь зөвшөөрөөгүй юм. Өмнө нь эзлэн түрэмгийлсэн газар нутагт орон сууцны хороолол барих ажлаа зогсоохыг Вашингтоноос Тель Авивт шаардаж байсан нь шилжин суурьшигчдийг орон байраар хангах Нетаньяхугийн бодлоготой мөн зөрчилдөж байсан. Цаашилбал, сонгуулийн кампанит ажлын үеэр Нетаньяху өөрийн эртний анд, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромниг илт дэмжиж байсан нь тус хоёр улсын харилцаанд шинэ ан цав үүсэхэд хүргэв. Тухайн үед Израилийн Ерөнхий сайд Ромниг эх орондоо урьж, халуун дотноор хүлээн авч байснаас гадна БНН-ын сурталчилгаанд өөрийн биеэр оролцож байжээ. Түүнчлэн “Америкт ажиллаж, амьдардаг 80.000 орчим израйль иргэний олонх нь буюу таван хүн тутмын дөрөв нь БНН-аас нэр дэвшигчийг дэмжиж байсан” гэж Слайер мэдэгдэж байв.

Харин өмнөх сонгуулийн нэгэн адил америкийн иргэншилтэй еврейчүүдийн олонх нь Обамаг дэмжиж, мягмар гаригийн сонгуулиар ойролцоогоор 70 хувь нь ардчилалд саналаа өгчээ. Еврейчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний сэтгэлийг зовоож буй зүйл нь АНУ-ын зүгээс Израйль, Ираны талаар баримтлах бодлого бус, харин улс орных нь эдийн засагтай холбоотой мөрөг асуудал гарах вий гэсэн дүгнэлт гаргажээ. Өнөөдөр цөөнгүй шүүмжлэгч “Нетаньяху бооцоогоо Ромни дээр тавиад алдсан нь АНУ-Израйлийн харилцаанд сэв суулгаж болзошгүй юм” гэсэн дүгнэлт хийж байна. “Миний бодлоор Израилийн Ерөнхий сайд хэн ч байлаа хоёр зүйлийг хийхгүй байх нь зүйтэй. Нэгдүгээрт, АНУ-ын сонгуульд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохгүй байх, Хоёрдугаарт, нэр дэвшигчдийн хэн нэгнийг илт дэмжихгүй байх нь чухал. Дээрхийн аль нь ч бай хоёр улсын харилцаанд зайлшгүй сөргөөр нөлөөлөх болно” гэж Израйлийн сөрөг хүчний тэргүүн II суваг ТВ-д ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.

Тэгвэл урьд нь Израилаас АНУ-д суух Элчин сайдын алба хашиж байсан Итамар Рабинович RT-д мэдээлэл хийхдээ “Энэ харилцааны хувьд манайх бол бага гарын оролцогч. Талууд аль аль нь асуудлыг тус тусын хувьд ашигтайгаар шийдвэрлэх сонирхолтой байгаа учраас хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Хоёр улсын өнөөгийн харилцааг нааштайгаар эргүүлэх нь Нетаньяхугийн хувьд тийм ч хүндрэлтэй асуудал биш юм” гэжээ. Хэдийгээр Нетаньяху одоохондоо сонгуулийн урьдчилсан санал асуулгыг тэргүүлж яваа ч шинжээчдийн үзэж буйгаар ямар нэг томоохон алдаа гаргахыг Ерөнхий сайд асан Эхүд Олмерт отож суугаа. Улс төрийн байр сууриа бэхжүүлэх таатай боломж бүрийг алдалгүй ажиж буй Олмерт лхагва гаригт Америк дахь еврейчүүдийн холбооны удирдлагад хандан үг хэлэх үедээ Нетаньяхуг АНУ-тай харьцах харилцаанд сэв суулгалаа хэмээн буруутгаад авахаа ч мартаагүй. Энэ нь Нетаньяхуг томоохон эрсдэл хүлээж байгаа гэх дохио ч байж мэдэх талаар хэвлэлүүд бичиж байна.