Импортоос хараат барилга

Манай улсад барилгын салбар үүссэний 86 жилийн ойн баярын хүрээнд тус салбарт дэлхийн дэвшилтэт техник, технологи, орчин үеийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд болж байна.

Тус үзэсгэлэнг БХБЯ, МҮХАҮТ, МБХ, “Барилга.МН” зэрэг монголын барилга, хот байгуулалтын салбарын төлөөлөлүүд зохион байгуулж байгаа аж. Мөн Швейцарь, ОХУ, Польш, Турк, БНХАУ, Япон зэрэг 12 орны 100 гаруй компаниуд дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнээ үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байна. Мөн манай улсын шинэ орон сууц барьж байгаа 30 гаруй компани өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд Голомт банкны орон сууцны зээлд хамрагдах боломж олгож байгаа аж.

Энэхүү үйл ажиллагаанд оролцогчид тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар цөөн хором ярилцсан юм. Манай улс барилгын бараа бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа. Тухайлбал, цемент гэхэд 40-50 хувиас хэтрэхгүй байгаа төдийгүй барилгын гол бүтээгдэхүүнүүд импортоос хараат байдалтай буйг БМҮХ-ны дэд тэргүүн, “Барилга.МН” сэтгүүлийн эрхлэгч Ч.Баатарсүрэн хэллээ. Цаг уурын хувьд эрс тэрс уур амьсгалтай манай орны барилгын салбарт дагаж мөрдөх чанар, стандарт зайлшгүй хэрэгтэй гэдгийг талууд онцолж байсан юм. Энэ талаар БЗМТ-ийн захирал Г.Батсүх хэлэхдээ “Бид хатуу ширүүн уур амьсгалтай монголын нөхцөлд дэлхийн шилдэг техник технологийг нэвтрүүлэх нь барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтыг багасгах, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм” гэлээ. Түүнчлэн улсын нийслэлээс алслагдсан аймгууд руу барилга, тохижилтын ажлаар явахад авто замын хөгжил тус салбарын ажлыг удаашруулж байгааг барилгачид хэлсэн юм. Үзэсгэлэн энэ сарын 9 хүртэл үргэлжлэх аж.