Импортын хэрэглээгээ танах цаг болсон юм биш үү

-Бид жилд 70 сая ширхэг өндөг импортоор авч байна-

Манай улс жилд хуурай cүү 22 мянган тонн, мах зургаан мянган тонн, 70 сая ширхэг өндөг, гурван сая килограмм өөх тос, масло импортоор оруулж ирдэг гэх судалгаа байна. Нийт хүнсний хэрэглээнийхээ 88 хувийг импортолж, 22 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.
Эх орондоо үйлдвэрлэх боломжтой хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг импортоор авч байгаа нь эдийн засгийн болоод эрүүл мэндийн хохирол амсахад хүргэж буй. Валютын ханшийн өсөлтийг дагаад импортын бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс энэ онд Монгол Улсын Засгийн газар экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Монголдоо бүтээцгээе” уриалга дэвшүүлэн ажиллаж байгаа.
Өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 11.7 хувийн өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бусад салбарыг хурдацтай хөгжүүлснээр доорх хүнс барааг Монголдоо үйлдвэрлэх боломжтой аж
Энэ боломжийг бүрдүүлэх экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Статистикийн мэдээллээс үзэхэд, энэ сарын эхээр хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 3.1 хувиар өссөн бол өнгөрсөн долоо хоногийнхоос 2.7 хувиар нэмэгджээ. Тухайлбал импортоор орж ирж буй сүүн бүтээгдэхүүнээр жишээ татъя. Өнгөрсөн сартай харьцуулахад савласан нэг литр сүүний үнэ 4.7 хувь, 0.5 литрээр савласан элекстер сүү 10.1 хувиар өссөн байна.
Харин Улаанбаатар хотод зарагдаж буй махны үнэ дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар өмнөх сарын дундаж 0.1-3.7 хувиар өсчээ. Тодруулбал, хонины ястай мах өнгөрсөн сарынхаас 8.5, үхрийн ястай мах 1.5, үхрийн цул мах 3.7, адууны мах 0.1, ямааны мах нэг нэмэгджээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Хөдөө аж ахуйн салбар хамгийн ашигтай. Тус салбараас дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргах бүрэн боломж байна” гэсэн. Ам.долларын ханш өсөх бүрт импортын бараа бүтээгдэхүүн үнэд орно. Тиймээс импортоор орж ирэх барааг дотооддоо үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө зайлшгүй тулгарах болсон. Тэгэхээр хувийн хэвшлээ төрөөс дэмжиж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл импортоор урсаж буй мөнгө дотооддоо шингэж, эдийн засаг батжих үндэс суурь болох юм.