Инноваци мөрөөдөл биш

Одоогоос 10 гаруй жилийн тэртээ Монгол Улс инновацийн талаар мэтгэлцэж байсан түүхтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсон зүйл алга. Бидэнтэй нэг гараанаас гарсан Казахстан, Польш, Украйн зэрэг орон инновацийг хөгжүүлж эдийн засгийнхаа тулах багана болгоод уджээ.
ШУТИС-ын Компьютер, техник менежментийн сургуулийн багш Л.Оюунцэцэг “Уг нь бид энэ тухай их ярьсан. Гэхдээ одоо болтол шийдвэр гаргах төвшинд ч, олон нийтэд ч инновацийн ойлголт дутмаг, хөгжил удаан байгааг нуух зүйлгүй. Хууль гараад ч ажил хэрэг болсон зүйл одоогоор алга” гэв. Үүний учир нь Инновацийн хуулийг хэн, яаж, хэрхэн гүйцэлдүүлэх нь тодорхойгүй. Дээрээс нь судалгааны ажилтан, мэргэжлийн лаборатори дутуу байгаа зэрэг нь инновацийн салбар сэрэхэд саад болж байгаа гэдгийг тэрбээр мөн сануулсан юм.
Инновацийн тухай хууль батлагдсанаасаа хойш хоёр жилийг үдсэн. Гэхдээ хууль батлагдлаа гээд инноваци амьдралд бууж, эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн нь үгүй тул тус хуулийг салбарынхан мөрөөдлийн хууль болсон гэж байна. Ер нь улс төрчид хууль баталчихаад түүнийгээ ажил хэрэг болголгүй мартчихдаг нэг жишээ нь Инновацийн тухай хууль юм. Адаглаад дагалдаж гаргах 10 гаруй журмаа өнөөдрийг хүртэл батлаагүй байгаа нь хуулийн зорилгыг бүдгэрүүлээд байгаа аж.
Монголд шинэ санаа гаргаад түүнийгээ зах зээлд нэвтрүүлэх сонирхолтой хүмүүс олон байдаг. Гэтэл манайд шинэ санаа, шинэ бүтээлийг зах зээлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зөв тогтолцоо байдаггүй нь инновацийн хөгжилд чөдөр болж буй гэнэ. Уг нь Монголд инновацийг бүтээгчид нь байдаг юм билээ. Заримаас нь дурдвал Төрийн соёрхолт инженер Ц.Нацагням, Hitachi компанид ажиллаж байсан техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр гээд олон эрдэмтдийг энд дурдаж болно. Тэдэнд инновацийн шилдэг туршлага, шинэ санаа олон бий гэдгийг учирлаж байна. Тухайлбал, Төрийн соёрхолт инженер Ц.Нацагням “Монголчууд дэлхийн зах зээлд гарах боломж байгаа. Монгол эрдэмтдэд чадвар нь байна шүү дээ” гэв.
Уг нь Монголчууд “ноу хау”-гаа дэлхийн зах зээлд зарах боломж бий гэнэ. Монголын эдийн засгийн форумын үеэр Техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр “Бид хэдэн зуун жил хөгжсөн үйлдвэрлэгч орнуудыг үйлдвэрлэлээрээ гүйцэхэд хэцүү. Тухайлбал, “Samsung”, “I phone” шиг утас монголчууд үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр утаснаас илүү гоё утасны санаа монгол эрдэмтдэд бий. Тэр санаагаа л гаднын зах зээлд худалдах хэрэгтэй байна” гэв. Ганцхан жишээ дурдахад Америкт иргэдийн болон эрдэмтдийн шинэ, содон санааг худалдаж авдаг компани олон байдаг аж. Хэрвээ ийм зах зээлийг Монголд бий болгож чадвал монголчууд хэдэн тэрбум ам.долларын ашиг олох боломжтой гэнэ.
Гэхдээ энэ бүгдийг хийхэд төр засгаас дэмжих зайлшгүй шаардлагатай аж. Адаглаад бондын мөнгөөр оймс, блокны үйлдвэр санхүүжүүлж байхаар инноваци шингэсэн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хэрэгтэйг учирлах хүн олон. “Монхимо” компанийн ерөнхий захирал М.Ариунаа “Засгаас үйлдвэржилтийг дэмжихээр хөрөнгө оруулалт өгч байгаа нь сайн зүйл. Гэхдээ ямар ч судалгаагүй болохоор зах зээлийг дампууруулаад байна. Адаглаад монголоор дүүрэн блокны үйлдвэр байхад төрийн санхүүжилтээр дахиад нэг блокны үйлдвэр барьчихаар зах зээлд нийлүүлэгч тал олон болж нэг нэгнээсээ уралдаж үнээ унагаад юун дотоодын үйлдвэрлэлийг дэмжих улам дампууруулаад байна. Тэрнийхээ оронд зах зээлд хамгийн их үгүйлэгдэж байгаа инновацийн төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй” гэв.
Энэ мэтчилэн бидэнд асуудал их байгаа. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд манай орон сүүлийн байранд бичигддэг. Үүний гол шалтгаан нь мэдлэгт суурилсан эдийн засаг болоод инновацийг хөгжүүлж чадаагүйтэй холбоотой. Уг нь Монгол Улсын хувьд инноваци мөрөөдөл биш. Харин энэ салбарыг хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого л дутаад байх шиг.