Ипотекийн зээл гацаанд орохгүй

Монголын ипотекийн корпораци /МИК/ болон Монголбанкны төлөөллүүд өнөөдөр албан ёсоор ипотекийн зээлийн хоёр дахь шатны санхүүжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ удаа моргейжийн зээлийн урт хугацааны санхүүжилтийг шийдэхийн тулд МИК-иас орон сууцны найман хувийн зээлд суурилсан бондыг олон улсын зах зээлд гаргахаар болсон байна. МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол “Найман хувийн зээлийг урт хугацаанд тогтвортой явуулах гол үндэс нь урт хугацааны зээлийн эх үүсвэр юм. Тиймээс бид энэ ондоо багтаад найман хувийн зээлд суурилсан бонд гаргах гэж байна. Бидний тооцоолж байгаагаар олон улсын зах зээлээс арилжааны банкуудад таван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр очиж, иргэдийн гарт найман хувийн орон сууцны зээл болж очих байх. Одоогоор бид 200 орчим тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөөд байгаа” гэв.
Монголбанк өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.1 их наяд орчим төгрөг зарцуулсан байна. Үүнээс 794.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг бууруулсан бол 451.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Харин бонд гаргаснаар Төвбанк моргейжийн зээлийн эх үүсвэрийг бүрэн гаргадаг байдал өөрчлөгдөж байна. МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Ипотекийн зээлийн дараа дараагийн шатны санхүүжилтыг хийхийн тулд бонд гаргах үйл явц үргэлжилсээр байх болно. Одоогоор 10 арилжааны банк бондын санхүүжилт авахаа мэдэгдсэн байгаа. Тиймээс моргейжийн зээл гацаанд орохгүй” гэсэн юм. Арилжааны банкиуд намайн хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг өсгөсөн. Зээлийн урьдчилгааг өсгөсөн гол шалтгаан нь банк хадгаламжийн эрсдэлээ тооцоод урьдчилгааг 30 хувиас дээш тогтоох эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр гэж байсан. Тэгвэл одоо бондын буюу урт хугацааны санхүүжилт банкиудад очихоор болсон тул ипотекийн зээлийн босго нэмэгдэх, зээл хумигдах гэсэн айдас байхгүй болж байгаа аж.