Ипотекийн “түгжрэл”

Найман хувийн зээл, наймхан хувь... Орон сууцанд амьдрахыг хүсч буй хэн бүхний хувьд том боломж. Өнөөдөр орон сууцны найман хувийн зээл хэрэгжиж эхэлсний хоёрдахь өдөр. Тус зээлд иргэд хэр хамрагдаж байгаа талаар сурвалжиллаа.
Эдийн засгийн шинэчлэл хэмээн Монгол Улс даяар шуугиж байна. Иргэд ч идэвхтэй оролцож буй. Тухайлбал, Голомт банкинд жилийн 21 хувийн хүүтэй орон сууцны зээлтэй байсан иргэн зээлийн хүүгээ найман хувьд шилжүүлсэндээ сэтгэл хангалуун буйгаа хэлж, ард түмэнд жинхэнэ хаалгыг нь нээж өгсөн зоригтой шийдвэр хэмээн дүгнэж байна. Энэ хугацаанд арилжааны банкууд өмнө нь зээлтэй байсан, шаардлага хангасан иргэдийн орон сууцны зээлийн хүүг шууд найман хувьд шилжүүлж эхэлжээ.
Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн банкны /ХХБ/ газрын захирал Б.Баярмаа “Манай банк 280 тэрбум орчим төгрөгийн 8000 орчим зээлдэгчтэй. Үүүний 50 хувь нь найман хувийн зээлд шилжсэн. Дүнгийн хувьд бол энэ харьцангуй ойлголт. Долларын зээлтэй шалгуур хангасан иргэд байгаа. Хэрэв тэд тус зээлд хамрагдахыг хүсвэл Монголбанкны тухайн өдрийн ханшаар найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Иргэд идэвхтэй байна. Журманд даатгал хийх ёстой хэмээн шаардаж байгаа учир иргэд сайшааж байгаа. Тэгэхээр иргэд энэ зээл эдийн засгийн хувьд том шинэчлэл төдийгүй, хувь хүний эдийн засагт ч том боломжийг олгож байгаа. Салбар дээр ирж судалгаа хийж, мэдээлэл их авч байна” гэв. Мөн тэрбээр шинээр зээл авах гэж буй иргэдэд хүндрэл учруулж буй ганц асуудал байгаа онцолсон юм. Зээлд хамрагдахыг хүссэн иргэний бүрдүүлэх материалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ямар нэгэн өр төлбөргүй байх шаардлагын талаарх лавлагаа авах ёстой юм.
Ипотекийн зээлд хамрагдах гэж буй иргэдэд “түгжрэл” үүсгээд буй газар энэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт /ШШГЕГ/ нийслэлийн хэмжээнд нэг хүн ажилладаг байсан бол тус зээлийг олгож эхэлснээр нэмж зургаан хүн ажиллаж байгаа аж. Тус газар нь зөвхөн нийслэлийн харъяалалтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ сарын 17-ноос улсын хэмжээнд үйлчилж байгаа тул өдөрт 1000 гаруй хүн дарааллаж байгаа, ачаалал их буйг ШШГЕГ-ын Мэдээлэл холбоо, тоо бүртгэлийн тасгын дарга, дэслэгч С.Даваадорж хэлсэн юм. Тус лавлагааг авахад өмнө нь 3000 хүртэлх төгрөгийн хураамж төлдөг байсан төдийгүй лавлагааг ажлын гурван хоногт гаргадаг байсан. Харин зээл олголттой холбоотой лавлагаа авахад иргэн иргэний үнэмлэх болон 2000 төгрөгийн хураамж өгч лавлагаагаа өдөртөө авч байна.
Лавлагаа хариуцсан ажилчдын тоог нэмэх хүсэлтийг арилжааны банкууд өчигдөр Монголбанкинд мэдэгдсэн аж. Гэсэн ч одоогийн байдлаар иргэд оочирлож буй тус газарт ямар нэгэн шийдвэр ирээгүйг С.Даваадорж хэлэв.
Ажилтай хүн бүр найман хувийн зээлийг хүсч буй. Гэтэл зарим иргэдийн хувьд арилжааны банкууд байраа ашиглалтад орохоор ирээрэй гэх шаардлагыг тавьж байна гэх хүндрэл байна. Д.Дуламханд “50 настай миний хувьд одоо 10 жил ажиллаад тэтгэвэрт гарах 15 жилийн хугацаатай зээл олгох уу үгүй юу гэсэн асуудал байна” хэмээв.
Энэ талаар Голомт банкны Иргэдийн банкны газрын Харилцааны менежер Т.Янжинлхамаас тодруулахад “Бид 45 наснаас дээш насны хүмүүсийг 10 жилээр зээл авахыг зөвлөдөг. Тиймээс хүүхдийг нь хамтран зээлдэгчээр хамруулдаг. Тэдний ихэнх нь хүүхдүүддээ байр авч өгөх хүсэлтэй байдаг. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлагаа авахад иргэд оочирлож байгаа хүндрэлийн хувьд бага хүүтэй зээлийг зарим хүн өөр зорилгоор ашиглах магадлалтай тул заавал тэндээс тодорхойлолт авах шаардлагатай” гэлээ. Түүнчлэн арилжааны банкууд өдрийн цагаар иргэдийн материалыг хүлээж авч оройн цагаар нэгтгэж ажиллаж байгаа аж.