Ираны дайн Д.Трампыг сул дорой, ууртай болгож байна

Mongolian Economy
2026-03-23 14:00:19
Ангилал: Олон улс

Д.Трампын эсрэг хэзээ ч битгий бооцоо тавьж бай. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дэмжигчид нь Капитол руу дайран орж шуугиан тарьж байсан бол үүнээс ердөө гурван жилийн дараа тэрбээр бүр ч олон хувийн санал авч дахин Цагаан ордонд заларсан. АНУ-ын улс төрийн тавцанд ийм өгсөлт, уруудалтыг үзүүлсэн хүн бараг үгүй. Гэхдээ Ираны эсрэг логикгүй, гоомой дайн нь түүний албан тушаалыг, ерөнхийлөгчийн суудлыг нь ганхуулах төгс тохирох хямрал болж магадгүй. Энэхүү дайн богино хугацаанд үргэлжиллээ ч Д.Трампад үзүүлэх нөлөө нь их байх болно. Харин олон сар үргэлжилбэл түүний нэр хүнд асар хүнд хохирол амсана.

Учир нь Ираны эсрэг дайн нь Д.Трампын улс төрийн гурван супер хүчийг сулруулна. Тодруулбал, олон улсад сүр хүчээ тулгах чадвар, өөрт байгаа хөшүүргийг өршөөлгүй ашиглах боломж, Бүгд найрамдах намд тогтоосон эрх мэдэл. Ираны эсрэг дайн эхлээгүй байсан ч завсрын сонгуулийн дараа Д.Трампын эдгээр давуу талууд буурах ихээхэн магадлалтай байгаа юм. Гагцхүү дайн тэрхүү өөрчлөлтийг улам хурдасгана.

Эхний супер хүчээс эхэлье. Улс төрийн тавцанд тэрбээр аливаа баримтыг өөрчлөх, мушгин гуйвуулах гайхалтай чадвартай гэдгээ харуулсан. Энэ удаад Иранд ялалт байгуулсан гэж буй ч бодит байдал үнэнээс хол зөрж байна. Цэрэг дайны зориулалттай ихэнх дэд бүтэц, дээд түвшний удирдагчдыг нь устгасан ч Ираны дэглэм бат бөх хэвээр байгаа төдийгүй цөмийн бөмбөг хийхэд бараг бэлэн 400 кг уран тус улсын нөөцөд байна.

Түүнчлэн Иран улс дэлхийн эрчим хүчний салбарын эсрэг дайн өдүүлж байгаа. Хормузын хоолой дахь усан онгоцуудыг заналхийлж, хөрш орнуудын дэд бүтэц рүү довтолж байгаа нь дэлхийн таваарын зах зээлд нөлөөлсөөр. Ираны пуужин гуравдугаар сарын 18-нд Катарын байгалийн хийн цогцолборт цохилт өгсний дараа брент төрлийн газрын тос баррел тутамдаа 110 ам.доллар болсон. Энэ нь өөрсдийнх нь тактик үр дүнгээ өгнө гэдгийг Ираны эрх баригчдад харуулсан билээ.

Цаг хугацаа ч Ираны талд байна. АНУ, Израиль тун удахгүй агаараас бөмбөгдөх чухал байгүй болно, эсвэл Ираны пуужин, дроныг устгах хамгаалалт нь суларна. Гэтэл Иран улс дроны хангалттай их нөөцтэй.

Тус улс Хормузын хоолойг эрхшээлдээ байлгах тусам газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засагт үзүүлэх хохирол нь нэмэгдсээр байх юм.

Д.Трампын хоёр дахь супер хүч бол хөшүүрэг. Түүний хатуу ширүүн зан ааш, гэнэтийн шийдвэрийг бусад улсын төрийн тэргүүн нэгэнтээ ойлгож эхэлсэн учир үүнд нь тохирсон хариу барьж сураад байна. Хормузын хоолойг нээхэд нь туслахыг тэрбээр Америкийн холбоотнуудаас хүсэж, хэрэв татгалзвал НАТО-г “тун олиггүй ирээдүй” хүлээж байгаа хэмээн заналхийлсэн ч бусад улс үүнд нь тодорхой хариу өгөөгүй. Д.Трамп тун удалгүй байр сууриа өөрчилж, тусламж огт гуйгаагүй хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Иран улс түүний эсрэг өөрийн хөшүүргийг ашиглаж эхлээд буй. Хормузын хоолойгоор нөхөрсөг харилцаатай улсуудын хөлгийг аюулгүй зорчуулна гэж амлаж буй нь тэд өөрсдийн хөшүүргийг нэгэнт олж харсныг илтгэж байна. Д.Трамп дайныг дуусгахаар шийдсэн ч Иран усан онгоцууд руу довтолсоор байх бүрэн боломжтой. Хэрэв ирэх сарын сүүлч хүртэл нэн чухал тус гарц хаалттай хэвээр байвал газрын тосны үнэ 150 ам.долларт хүрнэ.

Байдал энэ маягаараа үргэлжилбэл Ираны дэглэм дайны өмнөх байдалдаа эргэн ирэх бүрэн боломжтой. Харин ч улсынх нь эсрэг төрөл бүрийн хоригийг сулруулах, Ойрхи Дорнод дахь цэргийн зарим баазаа хаахыг АНУ-аас шаардах зэрэг “даварсан” нөхцөл тавих байр сууринд очно. Хэрэв АНУ-ын эдийн засаг удааширч, хөрөнгийн зах зээл нь хямарч эхэлбэл Д.Трамп Харг арлыг эзлэх зэргээр илүү ширүүн арга хэмжээ авах уу, эсвэл байр сууриа зөөлрүүлэх үү гэдэг нь хамгийн их сонирхол татсан асуулт болно.

Энэхүү асуултын хариулт нь түүний сүүлийн супер хүч буюу нам доторх эрх мэдлээс нь шалтгаална. Сонгогчдоо дайн болон инфляцаас ангид байлгах амлалтыг Д.Трамп өгсөн. Гэтэл АНУ-ын армийн 13 албан хаагч Ираны эсрэг дайнд амь насаа алдаад байна. Хэрэв Ираны ураны нөөцийг “хулгайлах”, эсвэл Харг арлыг эзлэх газрын үйл ажиллагаа явуулбал улам олон албан хаагч амь насаа алдана. Түүнчлэн АНУ-д бензин, дизель түлшний үнэ галлон нь тус бүр 3.88, 5.09 ам долларт хүрсэн нь Д.Трампыг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон үеийнхээс хавьгүй өндөр (3.11 болон 3.72 ам.доллар) байна. Бүгд найрамдахчууд уг дайныг дэмжиж байгаа ч уг дэмжлэг суларч эхэлсэн.

Мөн ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуульд тус намынхан төлөөлөгчдийн танхим болон сенатад хяналтаа алдах өндөр магадлалтай. Ийм ялагдал Д.Трампын хүчийг сулруулах нь гарцаагүй.

Хэрэв Ираны дайн сунжирснаар газрын тосны үнэ өсөж, хөрөнгийн зах зээлд хямрал дэгдвэл Д.Трамп өөр улсад, магадгүй Кубад ялалт байгуулахыг оролдоно. Ираны дайн зогсвол зах зээлд амгалан тайван байдал эргэн ирэх нь тодорхой ч харамсалтай нь Д.Трамп уг дайныг бүрэн хянаж чадахгүй. Иранчууд Катарын газрын тосны төв рүү халдлага үйлдсэн нь тус улс энэ “дайн”-д томоохон хөзрийн мод атгаж буйг харуулсан. Дайн өнөөдөр дууслаа ч газрын тосны үйлдвэрлэл сэргэхэд 4-6 долоо хоног, газрын тосны зах зээл хэвийн байдалд ороход 4-8 долоо хоног, усан онгоцны тээвэрлэлт урьдын хүчин чадалдаа хүрэхэд хоёр сар шаардагдана. Гэхдээ л Ираны талаас аюул, эрсдэл хэвээр байх учир газрын тосны өндөр үнэ олон сарын турш хадгалагдаж магадгүй. Тэгэх тусам АНУ-ын ерөнхийлөгчийн хүч суларна.

Д.Трампын улс төрийн тактик нь түүний ялалтуудаас ихээхэн хамаардаг. Хэрэв тэр энэ удаад ялагдвал хариугаа авахыг заавал хичээнэ. Сул дорой ерөнхийлөгч хүчтэй байх үеийнхээсээ аюултай болж магадгүй.

Эх сурвалж: The Economist

Mongolian Economy