Иргэдийн хувьцааны талаарх мэдлэг хомс байна

Засгийн газраас иргэдэд энэ сарын 20-ны дотор сая төгрөг авах уу, эсвэл 1072 ширхэг хувьцаа авах уу гэдгээ шийд гэсэн соёлтой тулгалт хийгээд байгаа. Харин иргэд аль нь илүү ашиг авчирахыг тааж ядан эргэлзэж байна. Албаныхан “Иргэдэд хувьцаа болон сая төгрөгийн талаарх мэдээллийг тодорхой өгч байгаа” хэмээн тайлбар хийж байгаа ч энэ талаар тодорхой мэдээлэлтэй хүн цөөн байна. Ингээд Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа, эсвэл нэг сая төгрөгийнхөө алиныг авахаар болсон талаар зарим иргэнээс тодруулсанаа хүргэе.

Б.Анар /Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн/

Миний хувьд энэ талаар мэдээлэл бага байна. Мэдээлэл муутай учраас тодорхой шийдэлд хүчр чадахгүй байгаа. Ер нь одоо бий болоогүй байгаа компанийн хувьцааг аваад ч яах юм билээ гэсэн бодол төрөх юм. Сэргэлэн шиг бизнес эрхэлдэг хүн бол сая төгрөгийг өөрт хэрэгтэй зүйл болгож хувиргаж чадах л байх. Хувьцааны асуудал шийдэгдэх эсэх нь тодорхой болохоор л шийдвэрээ гаргана даа.

С.Дашцэрэн /Сүхбаатар дүүргийн XVIII хорооны иргэн/

Эгч нь хувьцаагаа авах, сая төгрөгөө авах эсэхээ шийдээгүй байна. Хороондоо энэ сарын 20-ны дотор иргэний үнэмлэхээ хувилж, өргөдлөө гаргах ёстой юм билээ. Тэрийг нь хорооноос авчихаад бэлэн болгоод байж байна. Харзнаж байгаад 20-ноос өмнө аваачиж өгнө дөө. Гэхдээ энэ хувьцаа авах нь зөв эсэхэд бас эргэлзэхэд хүрэх юм. Энэ талаарх иргэдэд илүү тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна.

О.Энхбат /Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн/

Хувьцаагаа авах нь илүү үр ашигтай гэж бодож байгаа. Гэхдээ ихэнх хүн бэлэн мөнгө авахыг бодож байгаа бололтой байна. Энэ сонгуулийн өмнө шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа нь биднийг эргэлзээнд оруулаад байна. Ер нь бол газрын арвин баялагийнхаа үр шимээс хүртэж, хувьцаа хэлбэрээр авсан нь илүү дээр гэж хувьдаа үзэж байгаа. Гэр бүлийн гишүүд маань ч санал нэг байна.