Иргэдэд өгөөжтэй уул уурхай

Монгол Улс салаа замын уулзварт ирээд байна гэхийг олонтаа сонсох боллоо. Эхний зам нь чинээлэг иргэдтэй, ардчилсан төртэй, хүчирхэг эдийн засагтай, сайн засаглалтай, онгон дагшин байгалиа хадгалж үлдсэн оронд хүргэх бол нөгөө зам нь ядуу иргэдтэй, оюун санаа, сэтгэлгээний хувьд боолчлогдсон, авлигад идэгдсэн төртэй, байгаль орчин нь сүйдсэн байх тийм нийгэм рүү аваачих гэнэ.

Зам мөр маань иймэрхүү байх аж. Гэвч замдаа бус замнагчдад учир их байна. Монгол Улс маань хэдий нэгдмэл төртэй ч эдийн засаг, зах зээл маань бие биенээсээ хамааралгүй салангид хэсгүүдэд хуваагдан унах шинж ажиглагдах боллоо. Үүнд, албан ба албан бус, хотын ба хөдөөгийн мөн түүнчлэн уул уурхайн ба уул уурхайн бус хэмээн дурдаж болно.
Нэгдүгээрт, албан эдийн засаг өсөөд байгаа мэт харагдаж байвч, цаана нь бичил, жижиг бизнес эрхэлдэг хүмүүсээ бүртгэж чадахгүй байна. Тэд эдийн засагт ямар их хувь нэмэр оруулж байгааг эсвэл байгаль орчинд хэр их хор хохирол учруулж байгааг хэмжиж, хянаж чадахгүй л байна.

Хоёрдугаарт, хот, хөдөөгийн ялгаа ихэссээр. Ялангуяа зах хязгаар нутгууд эзгүйдэж байхад Улаанбаатарт хэт төвлөрлөөс үүдэн амьдрах орчин өдөр бүр дордож байна. Өнөөдөр төрөөс тэгшитгэх бодлого явуулж буй ч, амьдрал дээр тэгш бус байдал улам газар авч байгааг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс харж болно.
Гуравдугаарт, эдийн засаг маань уул уурхайн ба уул уурхайн бус гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа. Уул уурхайн компаниуд ихэнх бүтээгдэхүүнээ гадагш экспортолж, харин тоног төхөөрөмж, материал, түүнчлэн хүний нөөцөө ч ихэвчлэн гаднаас импортолж байна. Гэтэл Монголд ажлын байр олноор бий болгох чадавхтай уул уурхайн бус худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарууд өндөр инфляци болон ханшийн хэлбэлзэл, бэлтгэгдсэн ажиллах хүчнээ уул уурхайнханд алдах, эсвэл алдахгүйн тулд цалингийн зардлаа огцом өсгөх зэрэг хүндрэл бэрхшээл дор үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр салбар уул уурхайн салбарын сүүдэр дор хатаж, мөхөх аюул дор амь зууж байна.

Уул уурхайн салбар ядууралтай холбоотой бүх бэрхшээлийг арил­гана, уул уурхайг дагаад ажлын байр олноор бий болно, уул уурхайн ашгаа хүн бүрт хүргээд, монголчууд удахгүй Арабын баян орны иргэд шиг зүгээр сууж байгаад тансаг амьдарна гэх сурталчилгаа газар авч байна. Улс төрийн их туршлагатай том хүчин маань ч сонгуулийн халууралд автан энэ төөрөгдлийг өөгшүүлэх боллоо.

Гэтэл байдал ямар байна вэ? Уул уурхайд хариуцлагагүй, эмх замбараагүй байдал нүүрлэлээ. Лицензийн асуудал дээр л гэхэд чадавхгүй төрийн уршиг их харагдаж байна. Улс даяар олон мянган лиценз тараагдсан хэрнээ тэднийгээ хянаж чадахгүйд хүрчихсэн байгаа бүх хяналтыг төвлөрүүлсэн төр маань иргэддээ, орон нутагтаа итгэхгүй байгаа учир эзэнгүйдэл хаа сайгүй үүссээр байгаа юм. Уул уурхайг дагасан их мөнгөө зөв удирдаж чадахгүй байгаагаас инфляци хэмээх зардлыг ард түмэнд давхар үүрүүлж байна. Гадаад худалдааны алдагдал нэг тэрбум ам.доллар боллоо. Бид гаднаас илүү ихийг худалдаж авч байна. Зөвхөн гадаад орчинтой бизнес эрхэлдэг гэдэг утгаараа өмнөд бүс буюу говийн аймгууд тун удахгүй манай мэдлээс гарах нь ээ.

Манай Засгийн газар, түүний төсвөөс ч том бас баян уул уурхайн компаниуд Монгол Улсын бодлогын бүсэд орж ирлээ. Жилийн төсөв нь хоёр тэрбум ам.долларт эргэлдэх энэ оронд гаднын зах зээлээс 25 тэрбум доллар босгож чадсан баян компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн байгаль орчин, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг тэр бүр сахиад байдаггүй дунд хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын тоо ч өсөх хандлагатай байгаа ба дундчуудын эгнээнээс үндэсний компаниуд шахагдах шинжтэй байна. Харин монголчууд хамгийн их ажиллаж буй уул уурхайн хэсэг нь нинжа нар буюу албан хэллэгээр бичил уурхай эрхлэгч нарын арми юм. Ингээд харахад уул уурхайн салбарт гурван тэс өөр ертөнц зэрэгцэн оршиж байна. Нэгдүгээрт, гаднын томоохон хөрөнгө оруулагчид, хоёрдугаарт, дунд хэмжээний хөрөнгө оруулагчид. Харин гурав дахь ертөнц нь бичил уурхайчид буюу монгол нинжа нар юм.

Үнэн хэрэгтээ даяарчлалын энэ эрин үед Монголын пүүс компаниуд жижгээс том руу дэвшиж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болон өсөх боломжтой. Гэвч бодит байдал үүний эсрэг байна. Гаднынхан хүч түрэн орж ирж, монголчуудыг нэгээс хоёр руу, улмаар хоёроос гуравдагч ертөнц рүү түлхэх болжээ. Учир нь, тэдэнд мөнгө, мэдлэг, гарц байна.
Дэлхийн аж үйлдвэр түүхий эдээр цангаж эхэлж байгааг бид бэлхнээ харж байгаа билээ. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр, нүүрс, зэсийн хэрэгцээ өсөх нь тодорхой боллоо. Нийлүүлэлт нь ч эрэлтээ гүйцэхээ болих нь. Гадаад орчноо зөв ашиглаж чадвал Монголын уурхайчид өнөөдөр нинжа биш, харин их гарын хөрөнгө оруулагчид болон өсөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, бид уул уурхайн баялгаа огт өөр өнцгөөс харж, залж чадвал дэлхийн том тоглогч болж чадна. Эс бөгөөс дотроо үзсээр баялгийн хараалд автах болно.

Хамгийн гол нь уул уурхайн энэ их өсөлт энгийн иргэн, нийгэмд ямар өгөөжтэй вэ? Өнөөдөр бид өгөөжийг хүлээгээд суулгүй харин өөрсдөө зөв орчноо бүрдүүлэх учиртай.
Эдийн засгийн төрөлжилт, сайн засаглал, иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргах нь уул уурхайн хараат байдлаас ангижрах гол хэрэгсэл болно. Аймаг, сумын Засаг даргын хажууд иргэний танхим, холбоо байгуулах замаар уул уурхайд хяналт тавих, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь хамгийн эрүүл, зөв, үр дүнтэй арга болох ёстой.
Түүнчлэн гаднын том уул уурхайн компаниудаас суралцаж, засаглал, менежментээ сайжруулах замаар уул уурхайгаас үүдэлтэй гадагшаа харсан цонхыг бусад салбарынхандаа зориулж онгойлгож өгөх нь зүй.