Иргэд бухимдахгүй байхыг хүсье

“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Үүнтэй холбоотой авах зарим арга хэмжээний талаар хотын захиргаанаас мэдээлсэн. Тиймээс энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодрууллаа.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын талаар товчхон танилцуулахгүй юу?
-Манай улс ардчилалын замаар замнаад олсон амжилт, ололт, одоо тулгарч байгаа саад бэрхшээл, цаашдын зорилгыг тодорхой, болгох чухал арга хэмжээ гэж хэлж болно. Хуралд оролцохоор олон улсын 130 гаруй орны 1000 орчим төлөөлөгч Улаанбаатарт ирэх юм. Мөн 10 гаруй орны манлайлагч, улстөрчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч уриад байгаа. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр энэ үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтаар зорчих Бүгд Найрамдах Нигер улсын Ерөнхийлөгч, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч зэрэг 8 орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирэх юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооноос зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн томоохон зохицуулалт хийх тухай зөвлөмж, саналыг нийслэлийн удирдлагуудад ирүүлсэн.

-Ямар ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
- Нийслэлийн Засаг даргын А/402 захирамжийн дагуу нийслэлд дугаарын хязгаарлал хийх, томоохон худалдаа үйлчилгээний ажиллах хуваарийг өөрчлөх, нийтийн тээврээр иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах зэрэг нэлээд хэдэн түр зохицуулалт хийгдэхээр байгаа. Замын ачааллыг хаа хаанаа саад, хүндрэлгүй байлгах хэрэгтэй. Тиймээс энэ сарын 26-29-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Тухайлбал, улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тээврийн хэрэгслийг 26,28-ний өдөр, сүүлийн орон нь сондгой тээврийн хэрэгслийг 27,29-ний өдрүүдэд тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Түүнчлэн томоохон худалдааны төв болон захуудын ажиллах цагийн хуваарьт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан байгаа. “Нарантуул” худалдааны төвийн амралтыг энэ сарын 26-ны өдөр буюу ирэх баасан гарагт болгон өөрчилсөн. Мөн “Өгөөмөр”, “Цайз” захын уулзвараас “Да хүрээ” болон Шар хадны зам дагуух бүх автомашин техникийн худалдаа үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын дэлгүүр, “Мишээл экспо” гээд худалдаа үйлчилгээний томоохон төвийг амраахаар болсон.

-Иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй гэлээ. Энэ талаар тодруулж болох уу?
-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, Цахилгаан тээвэр компанийн троллейбусны одоо явж байгаа чиглэлийг өөрчлөлгүй 26-29-ний өдрүүдэд үнэ төлбөргүй явуулах шийдвэрийг гаргасан. Энэ нь иргэдийн зүгээс гарч болзошгүй хүндрэл, бухимдлыг зохицуулж байгаа хэрэг юм. Нийслэлийн зүгээс уг арга хэмжээнд 20 гаруй сая төгрөгийг зарцуулах гэж байгаа. Тиймээс манай иргэд троллейбусаар тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй зорчино гэж ойлгож болно. Тиймээс иргэд тээврийн хэрэгслийн болон бусад зохицуулалтыг ойлгож, бухимдахгүй байхыг хүсье. Түүнчлэн иргэддээ хандаж хэлэхэд ирэх бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Уг бүх нийтийн цэвэрлэгээ нь зөвхөн VII бага хуралд зориулаагүй. Хот тохижилт, арчилгаа засвар үйлчилгээний ажил эхэлсэнтэй холбоотой бүх нийтийн цэвэрлэгээний ажил нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож нийгмийн үүргээ биелүүлэх шаардлагатай.

Ч.Лутаа