Иргэд өлссөөр, пуужин хөөргөсөөр

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Хойд Солонгосын Засгийн газар 850 сая ам.доллар усанд хаясан тухай мэдээлжээ. Өнгөрсөн баасан гарагт амжилтгүй хөөрсөн пуужинг байрлуулахад 400 сая ам.доллар харин ачаалахад 450 сая ам.доллар нэмж зарцуулсан аж. “Хойд Солонгос жил бүр 400 мянган тоннын хүнсний хомсдолтой байдаг. 2010 оны байдлаар тус улс 24.3 сая хүн амтай байсан гэх тоо бий. Харин тэдний 80 орчим хувийг бүтэн жилийн турш хүнсээр хангахуйц энэ их хөрөнгөөр тус улсад зургаан жилийн хүнсний нөөц бүрдүүлэх боломжтой байсан” хэмээн Дэлхийн банкнаас мэдэгдсэн байна.

Их Британийн “Телеграф” хэвлэлд мөн энэ талаар мэдээлсэн. Энэ нь 2.5 сая тонн улаан буудай, 1.4 тонн будаа авахад хангалттай хүрэх мөнгө ажээ. Харин Сөүл хотод байрлах Peace Network-ийн мэргэжилтэн Чёнг Вүк-Сик пуужингийн бүтээн байгуулалтын зардлыг хэт өндөр үнэлсэн гэж үзэж байгаа гэнэ. Учир нь, Хойд Солонгосын ажиллах өртөг болон технологийн өртөг дэлхийн стандартаас хамаагүй доогуур байдаг хэмээн CNN-д ярилцлага өгчээ. Тэрбээр “Өмнөд Солонгос 2009 онд хөөргөсөн хиймэл дагуулыг бүтээхэд 500 сая ам.доллар зарцуулсан. Өмнөд Солонгосын инженер, компьютерийн мэргэжилтнүүдийн сарын дундаж цалин 5000 ам.доллар байдаг. Харин Хойд Солонгост холбогдох салбарын хамгийн өндөр цалин 60 ам.доллар ч хүрдэггүй” хэмээн онцолсон аж. Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн зардал хэдэн сая ч бай тус улсын иргэд өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа юм. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн судалгаагаар тус улсын гурван хүүхэд тутмын нэг нь хоол, тэжээлийн дутагдалтай эсвэл хатангиршилтай байна гэсэн дүгнэлт гаргажээ.

АНУ-ын Los Angeles Times сонины мэдээлж буйгаар Хойд Солонгосын Засгийн газар цэргийн албанд татагдах залуусын нурууны өндрийн доод хэмжээг 1.45 метр болгон бууруулсан аж. Хүнс тэжээлийн дутагдлаас үүдэн залуусын өндрийн хэмжээ ийн багассан байна. Түүнчлэн, хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөвөл олон улсын байгууллагууд тус улсад оруулах хандивын хэлэлцээрээ цуцлана хэмээн мэдэгдэж байсан. Харин Хойд Солонгосын Засгийн газар анхааруулгыг үл ойшоосон нь гадны тусламжийн үүдийг хаасан хэрэг боллоо. Тухайлбал, АНУ тус улсад 240 мянган тоннын хүнсний тусламж илгээхээр зэхэж байсан ч пуужинг хөөргөсний улмаас хэлэлцээрийг хүчингүй болгожээ.