Иргэнийг иргэнийх нь мөнгөөр эмчлэх гэж байна уу, эсвэл...


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрүүл Монгол-Хүүхэд” аяны төсвийн зарцуулалтын урьдчилсан судалгааг шаардсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Одоогоос таван жилийн өмнө “Эрүүл Монгол-Хүн” аяныг орон даяар зохион байгуулж байгаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийг сонгуулийн шоу болгоод өнгөрсөн. Хүүхдийн нэр барьсан энэ удаагийн аян өмнөхийг давтах вий гэж сэрэмжлэх үүднээс бид ийм мэдэгдэл хийж байна. Учир нь, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэх энэхүү 18 тэрбум төгрөгийг хэрхэн, юунд, хэнчээн хүүхдэд яг ямар үйлчилгээ хийх зэрэг нь тодорхойгүй байна. Хүүхэд бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэснээс бус өвчнийг нь оношилж, эмчилнэ гэсэн юм алга. Зүгээр л үзнэ гэж байгаа шүү дээ. Тэгээд ч МҮЭ болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй зөвлөлдөлгүйгээр энэ аяныг зарлаж, эхлүүлсэн. Тиймээс энэ удаагийн аян сонгуулийн шоу болох магадлалтай байна” гэлээ.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-5.4 тэрбум төгрөгийг салхинд хийсгэснийг олон хүн баталдаг ч энэ удаагийнхад итгэл хүлээлгэж байх шиг. “Эрүүл Монгол-Хүн” аяныг зохион байгуулах үед Та МҮЭ-ийн холбооны даргаар томилогдсон байсан. Тухайн үед яг өнөөдрийнх шиг ингээд сэрэмжлүүлэх арга хэмжээ авч болоогүй юм уу?
-“Эрүүл Монгол-Хүн” аяныг зохион байгуулах үед би дөнгөж энэ ажлаа аваад байсан. Хүмүүс “Тэнд өвчтэй, зовлонтой хүмүүс үхэх гэж байхад юун үйлдвэрчний эвлэлийн санал, санаачилга манатай” гээд л ороод ирсэн. Би юугаа ч мэдэхгүй гарын үсэг зуралцаад явуулсан. Гэтэл сонгууль далимдуулсан шоу байсныг сүүлд ойлгосон. Тиймээс л энэ удаагийн аяныг сонгуулийн шоу, татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зурагт хуудас, наамал хэвлэхэд битгий зарцуулаасай гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ арга хэмжээг авч байна. Энэ аянтай аянгүй эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд хүүхэд, хөгшдийг үздэгээрээ үзэж, оношлоод л явна.
-Танай байгууллага энэ аяныг дэмжихгүй байгаа хэрэг үү. Энэ мөнгийг салхинд хийсгэх гээд байгаа талаар танд судалсан тодорхой баримт, нотолгоо байна уу?
-Бид монгол хүнийг эрүүлжүүлэх аян, арга хэмжээ бүхнийг дэмжинэ. Бид хүүхэд залуучуудыг, монгол хүн бүрийг эрүүл, энх байгаасай гэх үүднээс үүнийг хийж байгаа гэж бодож байгаа. Өмнөх нь яг сонгуулийн өмнө зарлагдаж, ийм байдлаар эхэлж байсан учраас л би сэрэмжлээд байгаа юм. Хамгийн гол нь судалгаа, хөрөнгө мөнгө, зарцуулалтын урьдчилсан тайлан гэх мэт зүйл байх ёстой. Тийм баримт бичиг бидэнд огт ирээгүй. Тиймээс энэ аяныг зохион байгуулагчдыг өнөө маргаашийн дотор зарцуулалт болон хөндлөнгийн судалгаа, урьдчилсан тайлангаа бидэнд ирүүлэхийг хүсэж байна. Үүний хажуугаар энэ аяны үзлэг, оношлогоо иргэдэд таалагдахгүй, халтуурдаж байгаа талаар гомдол манай дээр их ирж байна.
Ирүүлэхгүй бол яах вэ. Эсвэл танайх үндэслэлгүй мэдээлэл хийсэн байвал?
Хэрвээ тийм бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Намайг ингэж хэллээ гээд шүүхэд өгвөл харин ч баярлана. Монгол Улсын иргэнийг иргэнийх нь мөнгөөр эмчлэх гэж байгаа бол бидний хүссэн судалгаа, тайланг ирүүлэх л учиртай” гэлээ.