Иргэний эрүүл мэндийн даатгалыг эзэнд нь хүргэх хууль гараасай

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон. Энэ хүрээнд Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны уг асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн НДЕГ-ын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн даатгалын газрын үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын тайлан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг даатгалаар дамжуулан иргэдэд хэрхэн ойртуулах вэ, чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд тус байгууллагаас нэмж, хасах санал, санаачилга байгаа эсэхийг тодруулах зэрэг асуудлаар хэлэлцсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын орлого, зарлага

Энэ үеэр өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээ, эм, тариа зэргийг даатгалд хамааруулах, үнийн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тоог нэмэгдүүлэх, ялангуяа өндөр настай хүмүүст үзүүлэх даатгалын хэмжээг нэмэгдүүлэх, хэвтэн эмчлүүлэгсдийн ачааллыг багасгах, эмчилгээ, үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын сангийн хяналтыг бие даасан хараат бус байлгах зэрэг асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгад сайтар тусгаж өгөхийг оролцогчид хүсэж байв. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 277 зүйл буюу төлбөрт үйлчилгээг даатгуулагч өөрөө төлөх гэсэн хэсгийг хуулиас авч хаях саналыг ч оруулж байсан юм. Учир нь, гурван жил эрүүл мэндийн ямар нэг үйлчилгээ аваагүй иргэнд нэг удаа 36 мянган төгрөгт багтсан үзлэг, оношилгоонд үнэгүй орох эрхийг даатгалын сангаас өгдөг ч энэ нь ерөнхий шинжилгээ төдийд үнэ нь багтдаг. Элэг, зүрх, уушги, ходоод гээд нарийн шинжилгээнүүдийн төлбөрийг иргэн өөрөөсөө гаргадаг. Энэ нь даатгал төлснийхөө хариуг хүртэж чадахгүй байгаагийн нэг илрэл болж, иргэд бухимддаг тухай Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагчид ярьж байв. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Улсын клиникийн төв эмнэлэг болон рашаан сувиллын газраар явж, хэвтэн эмчлүүлэгсэд болон үйлчлүүлэгсдийн санаа бодлыг сонсох аж.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол Ажлын хэсгийнхэн маш хариуцлагатай, ялангуяа иргэдийн санал хүсэлтийг сонсох, хуулийн төсөлд тусгахад гол үүрэг гүйцэтгэх ёстой албатууд. Гэтэл энэхүү үйл ажиллагаатай танилцах уулзалтад тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, А.Телехан нар байсангүй. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын С.Ганбаатар, ажлын хэсэгт багтаж буй Г.Уянга нар гадаадад томилолтоор явж таарсан нь тун тоогүй зохион байгуулалт байв. Хэзээ хэзээгүй УИХ-аар хэлэлцэх гэж буй, монголчуудын хувьд амин чухал асуудал болох уг төслийг хэлэлцэх, иргэд, албан хаагчдын санаа бодлыг сонсох бараг сүүлчийнх гэж болох энэ уулзалт хуулийн төслийн гол хүч байх байсан ч юм бил үү. Үүний цаана хууль санаачлагчдын сонорт хүрэлгүй үлдэх үнэт санаа, санаачилга гарах вий.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын эхний наймд багтаж төлөвлөгдсөн Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн төсөл даатгал төлөгчдийн эрх ашгийг хамгаалсан, үйлчилгээгээ сонгох эрхийг нь дээдэлсэн, чанартай, аюулгүй, өрсөлдөөнтэй, эрүүл, хүчирхэг тогтолцоо бий болгох хууль байгаасай хэмээн албаныхан төдийгүй иргэд хүсэж байв.