Иргэн бүр давуу эрхийн хувьцаатай боллоо

Монгол Улсын Засгийн газар иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа олгосон бол өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг иргэн бүрт нэмж олгох шийдвэр гаргалаа. “Эрдэнэс МГЛ” компани нь одоогоор “Эрдэнэс Тавантолгой”, ”Оюутолгой” гэсэн хоёр охин компанитай, стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Дээрх шийдвэрийн дагуу иргэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас насан туршдаа ногдол ашиг хүртэх боломж баталгаажиж байна.

Өөрөөр хэлбэл давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс ч түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжтой гэсэн үг юм. Энэ бол баялгийн тэгш хуваарилалтыг иргэн бүртээ шударгаар хүртээх Засгийн газрын бодлого биелэлээ олж байгаагийн бодит баталгаа гэж Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

“Эрдэнэс МГЛ” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болж байна. Харин давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой. Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь дуусгавар болох юм.