​Ирээдүйн ажлын байранд хүүхдийг хэрхэн бэлтгэх вэ


Эдүгээ хичээлийн анги, танхимууд нь сурагчдын ширээ, сандал, самбар, бал гэсэн уламжлалт ойлголтоос холдож эхэллээ. Асар хурдтай өөрчлөгдөн буй дижитал ажлын байранд хүүхдүүдийг бэлтгэх зорилготой боловсролын системд технологид суурилсан сургалт нь стандарт болж байна. Хүүхдүүд уншиж, бичиж сурахаасаа өмнө код бичдэг болох цаг ойртов.

Үүний үр дүнд сургалтын шинэ техник, технологид зарцуулах хөрөнгийн хэмжээ асар хурдтай өсөж байна. 2018-2025 оны хооронд энэ төрлийн зах зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 341 тэрбум ам.долларт хүрнэ гэж судалгааны Holonlq фирм тооцоолжээ. “Ажиллах салбар, хийх ёстой ажлын магадгүй тэн хагас нь одоогоор хараахан нээгдээгүй, бий болоогүй тийм нөхцөлд бид хүүхдүүдээс том болоод хэн болох вэ, ямар ажил хийх вэ гэж асууж байна” хэмээн Х.Макгован өгүүлэв. Тэрбээр ирээдүйн стратегич мэргэжилтэй бөгөөд дэлхийн ертөнцийг хиймэл оюун, робот техник болон технологийн бусад гайхалтай нээлт тодорхойлох Аж үйлдвэрийн IV хувьсгалд хүмүүсийг, компаниудыг бэлэн байхад нь тусалдаг юм.



2017 онд дунд сургуульд элсэн орсон хүүхдүүдийн 65 хувь нь одоогоор хараахан бий болоогүй, сургууль нь бэлтгэх боломжгүй ажил, мэргэжил эзэмших болно гэж Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд дурджээ. Тиймээс боловсролын систем ч үүний дагуу өөрчлөгдөж, дасан зохицох ёстой болно. Х.Макгованы бодлоор сургууль нь мэдлэг дамжуулахад бус харин өөрийнхөө төлөө суралцах чадварыг хүүхдүүдэд суулгахад илүү анхаарах ёстой гэнэ.

“Ирээдүйд хэрэг болох үндсэн мэдлэг бол тухайн хүний суралцах мөн дасан зохицох ур чадвар байх болно. Хэрэв тэгж чадахгүй бол таны карьер нэг, хоёр жилийн дотор л устаж алга болно” хэмээн Х.Макгован өгүүлэв.

Ирээдүйд зориулсан хэрэглэл
Боловсролын салбарын эл шинэ эрин нь цоо шинэ заах хэрэгсэл, материаллаг бааз шаардаж буй. Жишээ болгож, “Cubetto”-той танилцъя. Эл жижиг модон роботод хүүхэд блок оруулахад зүүн, баруун эргэж эсвэл чигээрээ явах үйлдэл хийдэг байна. Нийт 225 долларын үнэтэй “Cubetto” иж бүрэн багцыг ашиглаж, багш эсвэл эцэг эх нь гурван настай хүүхдэд ч код зааж болно. “Манай бүтээгдэхүүн хүүхдийг логиктой, оновчтой сэтгэж сургадаг. Хүүхдүүдийн ирээдүйг баталгаатай болгохын төлөө бид бүх тоглоомоо бүтээдэг” гэж “Cubetto”-г үйлдвэрлэдэг “Primo” компанийн гүйцэтгэх захирал Ф.Якоб ярьлаа.


Гурван настай хүүхдүүд Cubetto Kit ашиглаж код бичиж сурч байна

Гэхдээ энэ мэт тоглоом хэр үр дүнгээ өгөх нь хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанаас ихээхэн хамаарна. “Сургалтын материал нь хөгжилтэй, зугаатай, адал явдалтай гээд гэрийн даалгавраас бүхий л талаараа ялгарах ёстой” гэж боловсролын технологийн Kano компанийн гүйцэтгэх захирал А.Клейн үзэж байна. Kano-ийн гол бүтээгдэхүүн бол хүүхдэд зориулсан угсардаг компьютер, таблет юм. Хүүхдүүд зааврын дагуу эд ангиудыг угсарч компьютерээ бэлэн болгоод хэд хэдэн аппликэйшн ажиллуулж, код бичиж, хөгжим болон тоглоом зохион бүтээх боломжтой. “Kano нь компьютерийн шинжлэх ухааныг заах тал дээр эргэлт хийлээ.

Ирэх аравдугаар сараас Kano PC 299 доллароор худалдаанд гарна

Хамтын ажиллагаа, бүтээлч байдал, харилцаа, шүүмжит сэтгэлгээ зэрэг маш чухал чадварыг хөгжүүлэх сургалтын маш сонирхолтой арга хэрэгсэл бол Kano” гэж уг төхөөрөмжийг ашиглан хичээл заадаг Лондонгийн нэгэн сургуулийн багш А.Цуй ярив.

Их Британид сурган хүмүүжүүлэгчид технологийг гараа дэлгэн угтан авч байна. Promethean-ий судалгаанаас үзвэл энэ жил нийт багш нарын 54 хувь нь сургалтын шинэ технологи ашиглаж буй бол 94 хувь нь тэдгээр технологийн ачаар сурагчдын хичээлд идэвхтэй оролцох байдал сайжирсан гэж хариулжээ.

Зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй
Шинэ технологи нь хүүхдэд хичээл заахад туслахаас гадна суралцах орчинг ч сайжруулж байна. Данийн Velux, Leapcraft компани хамтран хичээлийн анги, танхимд байрлуулах цоо шинэ мэдрэгч бүтээж байна. Тэдний бүтээл бол дуу чимээ, агаарын хэм, тоосонцор, нүүрстөрөгчийг хэмждэг Ambinode нэртэй жижиг цагаан хайрцаг. Ambinode мэдээллээ багш нарын гар утас руу дамжуулах бөгөөд багш эсвэл хичээлийн эрхлэгч нь сургуулийн орчны тухай цогц мэдээлэлтэй болж, үүндээ үндэслэн тав тухтай, хүүхдэд ээлтэй орчин бий болгох шийдвэр гаргах юм.

Байгалийн гэрэл, агаарын хэм, чанар нь дунд сургуулийн сурагчдын суралцах чадварыг жилд 16 хувиар нэмэгдүүлдэг болохыг Салфордын их сургуулийн нэгэн судалгаа харуулсан юм. Тиймээс хүүхдүүдийн суралцах орчин нь тэдний хэрэглэж буй шилдэг технологи, үнэтэй компьютеэр, таблетаас ч дутахааргүй чухал гэдэг нь харагдаж байна.