Ирээдүй хойч маань харшилж, өвчилж, хордож байна

Бид утааны голомт газруудын нэг болох нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн IX дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хорт утаан дунд хүмүүс хэрхэн аж төрж байгааг сурвалжиллаа.

2012.02.14. 08.30 цаг. Хэдийнэ нар дээр хөөрсөн ч өтгөн утаа зам харанхуйлан тунарч, ажил албандаа яаран буй жолооч нар машины гэрлээ асаан явах аж. “Хороолол-гандан” гэж Баянхошууны эцсийн буудал дээр чанга дуугаар хашгирах микро автобусны мөнгө хураагч бөөн утаа залгин бөгшүүлэн ханиалгана. Утаа сорсоноо мэдэж “... пи муу хар утаа...” хэмээн амандаа хараан зүхэж, үргэлжлүүлэн хаа явах чиглэлээ өндөр дуугаар зарлана.

Дээрх утааны голомт нь манай сэтгүүлийн редакци УИХ, Засгийн газрын төлөөлөл болоод холбогдох албаныхныг авч явж, бодит байдалтай нь газар дээр нь танилцуулахаар товлосон газруудын нэг байсан юм. Хэрвээ УИХ-ын гишүүдийн төлөөлөл энд ирсэнсэн бол их л “сайхан” юм болох байж дээ гэж би дотроо бодож байлаа. Учир нь, төр, засгийн хүмүүсийн олонхынх нь амнаас “Улаанбаатар тэр аяараа утаатай байхад бодит байдал ямар байгааг өглөө, оройд биеэрээ л мэдэрч байна даг. Заавал гэр хороололд очиж үзэлтгүй л утаан дундуур явж байна” гэж бааварлах нь бий. Би ч гэсэн нийслэлийн хамгийн өтгөн утаатай хэсгүүдийн тоонд ордог Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад амьдардаг. Тийм болохоор утаан дунд амьдарч, эрүүл мэндээрээ хохирч яваа нэгэн гэж өөрийгөө бодож явлаа. Гэтэл дээрх сурвалжлага хийсэн есдүгээр хороонд ирээд бодол минь даруй өөрчлөгдлөө, бас өөртөө олзуурхав.

Дэнжийн мянгад агаар хэцүү л дээ. Гэхдээ энэ голомтот газрын дэргэд “Цэвэр агаартай” юм байна гэдэг бодол төрснийг нуух юун. Манай тэрүүгээр хэдий их утаатай ч машинууд арай ч гэрлээ асааж явдаггүй. Энд бол асаахаас аргагүй байдалтай байв. Зуун метрийн өмнөх юм бүдэг бадаг харагдаж байсан гээд бод доо. Гэвч хорооны жаалууд хээвнэг хичээлдээ гүйлдэж, бяцхан үрээ цэцэрлэгт нь хүргэхээр хөтөлсөн, тэвэрсэн аав, ээжүүд хажуугаар яаран зөрнө.

09.00 цаг. Хорооны байрыг зорихоосоо өмнө ойролцоох автобусны буудал дээр нь жаахан зогсож, утаан дундах саарал амьдралыг ажиглалаа.

Нийтийн тээврийн том оврын автобусны урд нүүрэн хэсгийн хамгийн дээр байрлуулсан шугамын чиглэлийг ч хүртэл утаан дунд харж уншина гэдэг нүдний хараа нэлээд шалгасан ажил байв. Гэхдээ эндхийн хүмүүс сурчихсан бололтой, аль шугамын автобус болохыг төвөггүйхэн танина.

09.15 цаг. IX хорооны Засаг дарга Л.Бямбадоржтой уулзлаа. 40 орчим насны намуухан дуутай Хорооны Засаг дарга найрсагаар угтаж “Утаа манай энд аймаар байгаа биз дээ” гээд бас л ханиалгав. Түүнээс утааг бууруулах талаар юу хийх ёстой гэж боддог вэ, Засаг даргын хувьд гэж сонирхоход төр, засгийхан л сайн ажиллах хэрэгтэй гэж баахан улстөржсөн чанартай зүйл ярив. Бид хоёр багагүй хугацаанд хөөрөлдсөн ч ихэнх яриа улс төртэй холбоотой байсан юм. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай буюу 260 мянган өрхтэй Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд 9000 орчим иргэн оршин суудаг бөгөөд нийт 1800 гаруй өрхтэй аж.

Хөх хүүхэд

09.45 цаг. Дараагийн утаат амьдралын ажиглалтаа хийхээр тус хорооны өрхийн эмнэлгийн хаалгыг татлаа. Эмнэлгийн содон үнэр хамар цоргиж, цагаан хана, хаа нэгтээ жаахан хүүхдийн зовиурлангуй уйлах дуу сонстоно. Хаалттай хаалга бүрийн өмнө хөгшид, хүүхэд ээлжээ хүлээн зогсоно. Хөл, хэлд ч ороогүй нялх хүүхдүүдийн ханиалгах, уйлах зэрэгцэж, зарим нь амьсгалж ч чадахгүй багтрах нь зүрх шимшрүүлэв. Агаарын дутмагшилтай хүүхдийнхээ тавгүйтэхийн “учрыг олоод сурчихсан” ээжүүд хамар руу нь үлээж, агаар өгч нялх үрээ амьсгалуулах ажээ. Харин хаалга нь хаалттай өрөөнд...

Есдүгээр хорооны Баруунбаян-Уул, 16 дугаар гудамжны 17 тоотод амьдардаг Н.Сарантуяа гэх 30 гаруй насны бүсгүй дөрвөн сартай нялх үрээ шаналангуй харцаар харж, эмчийн амнаас ямар үг унах бол хэмээн хүлээн зогсоно. Эмч “Танай хүү хатгалгаа тусчихсан байна. Түргэн эмнэлэгт хэвтэхгүй бол горигүй. Хүү чинь угаасаа дутуу төрсөн учраас эсэргүүцэл султай байна. Дээрээс нь агаар дутагдаад хөв хөх царайтай болчихож. Аль болох хүүгээ гадуур бага авч явж бай” хэмээн зөвлөлөө. Сарантуяа бүсгүй дөрвөн хүүхдийн эх аж. Бага хүүхдээ төрүүлэх үед ураг агаарын дутмагшилд орсны улмаас нэг килограмм 600 грамм буюу дутуу төржээ. Эх барьж авсан эмч нь түүнд “Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Одоо төрж байгаа ихэнх ураг бүтэлттэй аль эсвэл дутуу төрж байгаа” гэжээ. Тиймээс түүний санаа бага зэрэг тайвширсан ажээ. Гэхдээ хүү нь төрснөөсөө хойш ханиаднаас салаагүй дөрвөн сарын хугацааг үджээ. Үүнийг нь эмч бас л агаартай холбоотой гэж тайлбарлажээ. Дөрөвхөн сартай нялх үр нь хоёр дахь удаагаа хатгалгаа тусаад буй нь энэ. Сарантуяа “Ханиад бол сална аа гэж байхгүй. Агаарын дутагдалд орсноос болоод хүүхдийн маань царай байнга хөх туяа татсан байдалтай байдаг болсон. Хүүхдээ салхилуулах гэхээр цэвэр агаар байхгүй юм чинь яах билээ. Хоёр хоногийн өмнө хүү бид хоёр такси олдохгүй гадаа жаахан зогссон юм. Тэгээд ханиалгаад байхаар нь ханиад хүрчихэж гэж бодсон чинь бүр хатгалгаа болчихож. Эмч нарын хэлж байгаагаар ийм байдал олон давтагдвал уушиггүй болно гэсэн. Тиймээс эмч нар ямар ч байсан хүүгээ хөлд ортол нь утаанаас хол эрүүл агаарт байлга гэх юм” хэмээн нүдэнд нь нулимс хурав.

Энэ талаар тус хорооны Өрхийн эмнэлгийн эрүүл ахуйч эмч Н.Тунгалагтуул “Манай эмнэлгийн дөрвөн эмч өдөр тус бүр 40 гаруй харшлын гаралтай ханиад, хатгалгаа арьс өнгөний өвчтэй хүн үзэж байна. Эдгээрийн дотроос дийлэнх нь тэгээс хоёр хүртэлх насны хүүхдүүд байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Тэдний ихэнх нь агаарын дутагдалд орж, хатгалгаа тусаж, улмаар даамжирч уушиг нь устахад хүрч байна шүү дээ. Ийм өвчин туссан хүүхэд маань ирээдүйд ямар ч биеийн эсэргүүцэлгүй сул дорой, хөдөлмөрийн чадваргүй хүн болж өснө гэсэн үг. Эдгээр өвчлөлийн гол шалтгаан нь ерөөсөө л агаарын бохирдолтой холбоотой” гэв.
Сарантуяа эмнэлгээс гарахдаа хүүгээ сайтар нь өлгийдөж, ам хамрыг нь битүүлээд гэрийн зүг гүйлээ. Хүү нь агаарын бохирдлоос болж дахиад ямар нэг өвчин тусах вий гэх айдаст автсан ээж гэр рүүгээ яарсан нь энэ.

Хүүхдийн мөрөөдөл

10.10 цаг. Утааны голомт зарим газарт аз болж бага, дунд сургууль байдаггүй юм билээ. Харин тус хороонд нийслэлийн 76 дугаар сургууль байрладаг. Хүүхэд бүрт мөрөөдөл бий. Тэр л мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч тэд ирээдүйдээ хүрнэ. Хэчнээн сайхан зүйл мөрөөднө төдий чинээ сайхан амьдардаг гээд л хүн бүр ярьдаг. Том, бүр илүү томоор мөрөөд гэж зөвлөдөг. Тийм болохоор сургуулийн барилгыг цуурайтуулсан жаалууд утааны орчинд өсөх насаа өнгөрөөж байгаагаа ч анзаарах сөхөөгүй гэгээн амьдарч яваа. Нийслэлийн 76 дугаар сургуулийн 5А ангийн сурагч Н.Анхбаяр хөвгүүний мөрөөдөл утаагүй зуух хийдэг ямар ч хамаагүй газрын ажилтан болох гэнэ.

Тэрбээр “Манай энд утаа аймаар их ш дээ. Өглөө сургуульдаа явахад зам харагддаггүй. Хоолой зөндөө их хорсоно. Ер нь Монгол Улсад утаа их байгаа юм шиг байна билээ. Зурагтаар тэгж байсан. Харин манай энд бүүр их байгаа гэж ээж, аав хоёр ярьдаг. Эмээ, дүү хоёр маань дандаа л ханиалгаад байхаар нь би учрыг нь асуухад утаанаас болоод гэж эмээ хэлж байна билээ. Би бас ханиалгаад энэ өвөл ердөө ч зүгээр болоогүй. Уг нь зөндөө л эм уусан. Зурагтаар утаагүй зуухны тухай яриад байсан. Би том болоод тэр газарт ажилд ороод олон зуух хийж улсаа утаагүй болгоно. Тэгээд л ээж, аав, эмээ, багш гээд бүх хүн “Утаа хэцүү байна аа” гэж уурлахгүй, гоё болно” гэв.

Бөөгнөрөл ба ханиалга

10.40 цаг. Хэдийгээр хаврын урь орсон хэдий ч өглөөний жавар хөл, гар хөлдөөх шахан жиндүүлэх ажээ. Өтгөн утаа холдох болоогүй бололтой манан мэт хөшилдөнө. Сургуулийн ойролцоох нэгэн барилгын үүдэнд хүмүүс бөөгнөрсөн байхаар нь үгэнд дурлаад яваад очлоо. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугчид 21 мянгаа авахаар “Хадгаламж” банкны үүдэнд урт дараалал үүсгэжээ. Өвлийн жавар, өтгөн утаан дундах урт дарааллын дотор таяг тулсан өндөр настан, өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, “хар өглөөгүүр хаанаасаа архи олж уудаг байна аа” гэж бодохоор архичин гээд зүсэн зүйлийн хүмүүс байв. Тэд “Урдуур дайрахаа болио” хэмээн бухимдах нь их.

Ногоон дээл өмсөж, таяг тулсан бөгтөр эмээ утаан дундаас бага багаар тодрон бүртэлзсээр ирж, урт дарааллын хамгийн ард зогслоо. 11 дүгээр хорооны хоёрдугаар гудамжны 34 тоотод амьдардаг 70 гаруй настай Ц.Намжил эмээ гурван буудал хэртэй хол газраас алхаж иржээ. Тэрбээр 13-уулаа нэг байшинд амьдардаг гэнэ. Хүний хөгжлийнхөө мөнгийг авч хэдэн ач нартаа ханиадны эм авч өгөх гэж байгаа аж. Тэрбээр “Эмээ нь эхлээд одонгийн мөнгөө авна аа. Тэгээд хорооноос тодорхойлолт авч тамга даруулна. Дараа нь одонгийнхоо мөнгөнөөс 3000 төгрөг төлж нотариатаар иргэний үнэмлэхээ баталгаажуулаад, Хүний хөгжлийнхөө 21 мянгыг авахаар да­хиад л дугаарлана. Утаатай л холбоотой юм байлгүй, манай гэрээр дүүрэн ханиад. Эмээ нь бас ханиалгаад л явж байна. Сар шинэдээ өвчин зовлонтой орвол тэр жилдээ өөдөлдөггүй гэдэг. Тийм болохоор эдгэрэх гээд л үзээд байна.

Амьдрал хэцүү байна аа. Тэр дундаа гэр хорооллын иргэдийн амьдрал. Хортой утаа, хоосон хонох өдрүүд ар араасаа хөвөрсөөр. Амьдралаа, амьжиргаагаа, эрүүл мэндээ, Цагаан сараа Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгт даатгасан иргэд бөгшүүлсэн ханиалгатай бараан өдрүүдийг туулна.
Утаан дунд Монголын ирээдүй хойч үе болсон балчир үрс харшилж, өвчилж, хордож, өвчинтэй ирээдүйн хаалгыг тогшино.

“Мянга сонсохоор нэг үз” гэж ардын сайхан үг байдаг. Манай “Mongolian Economy” сэтгүүл, “Ногоон эдийн засгийн өсөлт” төрийн бус байгууллагын зүгээс утаан дунд ард түмний аж амьдрал яажшуухан өрнөж байна вэ гэдгийг шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдод биеэр мэдрүүлэх зорилгоор “Утааны голомтод УИХ-ын гишүүдтэй хамт” гэсэн санал санаачилгыг гаргаад байсан боловч сонгууль дөхсөнтэй холбоотойгоор асуудал хэт улстөржих хандлагатай байсан тул уг арга хэмжээг дараа жилийн өвөл хийхээр хойшлуулсан болно.