Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ

Бид ингэж дуулдаг. Их олон жил дуулж байгаа. Цаашдаа ч дуулах байх. Тэгвэл яг одооноос эхлээд ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалтыг нийтээрээ тэр тусмаа залуучууд хийх цаг болж. Та олсныхоо хэрээр хэрэглэх бус хуримтлал бий болгох ёстойг мэддэг. Гэвч азнаж, хойшлуулж ирсэн нь цөөнгүй. Тэгвэл, одоо “stop”. Үрэх бус олохын төлөө. Олоод зарах бус өсгөхийн төлөө дор бүрнээ л хэмнэлттэй эдийн засагт шилжих нь зүйтэйг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. Тэгж байж аз жаргалтай, өөртөө итгэлтэй амьдрах болно. Ирээдүй улам баталгаажна. Энэ хэрээр мөрөөдөл бодит үйл хэрэг болох юм. Тиймээс зөвхөн тэнгэр бурхан, хувь заяанд найдах бус алхам хийх цаг иржээ.

Банкин дахь хадгаламжаа нэмэгдүүлэх. Сар тутам авч буй цалингийнхаа тодорхой хэсгийг “дарах”. Ирээдүйд хадгалах. Таван жилийн дараа ипотекийн зээл авна гэж тооцоод урьдчилгаа 30 хувиа одооноос бүрдүүлэх учиртайг Төвбанкны ерөнхийлөгч онцлов. Наана нь зарлагын “падаан” бус орлогын “падаан” үйлдвэрлэх. Ингэснээр зориод буй амьдралаа босгох боломжтойг ийн өгүүллээ. Үүнийг тогтвортой өсөлтөд чиглэсэн макро бодлого хэмээн өргөн хүрээнд нь Монголбанк тодорхойлжээ. Энэ онд хэрэглээг бус хуримтлалыг урамшуулсан мөнгөний бодлого хэрэгжих юм. Тиймээс таны өмнө илүү боломж байна гэсэн үг.