Итгэлийн гал бадраасан Давос- 2012

Швейцарын Давос хотноо энэ сарын 25-29-нд зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форум зовнил дүүрэн өндөрлөсөн хэдий ч евро бүсийн асуудал цэгцрэх итгэл тээсэн хэмээн BBC агентлаг мэдээллээ.

Швейцарын сүрлэг уулсын дунд өрнөсөн дээрх тав хоногийн уулзалтаар дэлхийн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний эзэд ихэвчлэн эдийн засгийн асуудлыг хөндлөө. Бизнесийн томчууд улс төр, эдийн засгийн тэргүүлэгчдийг бодвол харьцангуй ирээдүйг өөдрөгөөр харж байгаа аж.

“Дэлхийн эдийн засгийн форумыг эзлэ” уриан дор цуглаан зохион байгуулсан бослого гаргагчдын шидсэн өндгөнд “булуулан” суусан тус чуулганаар ажилгүйдэл, тэгш бус байдал зэрэг асуудлыг мөн хэлэлцсэн юм.

“Евро бүсийн удирдагчид болон Европын Төвбанк санхүүгийн салбарын асуудлыг шийдвэрлэж, өрийн хавхнаас мултрах эхлэлээ зөв тавилаа” хэмээн АНУ-ын банкны салбарын акул “Cити” группын гүйцэтгэх захирал Викрам Пандит хэлсэн юм. Германы Канцлер Ангела Меркель болон Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон нар эдийн засгийн хямралаас гэтлэх тэдний эрмэлзлэл бага ч гэсэн ахиц үзүүлж байгааг дахин дахин тэмдэглэн хэлж байжээ. Зөвхөн евро бүсийн улс төрчид гэлтгүй банкны болон бизнесийн тэргүүлэгчид алхам алхмаар ойртсоор байсан хямрал хяналтад орох хандлага тодхон харагдаж байгааг онцлон тэмдэглэж байлаа. Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовски “Бидэнд эр зориг байвал хямралыг давах боломж бий гэдгийг хэлсэн юм. Хэдийгээр форум эдийн засаг, банк, санхүүгийн мэргэжилтнүүд төдийгүй олон хөрөнгө оруулагчдын таамаглалаар барууны эдийн засаг ямар ч өсөлтгүйгээр 10-15 жилийн туршид удааширна гэсэн дүнсгэр уур амьсгалаар эхэлсэн хэдий ч энэ байдал пүрэв гаригаас АНУ болон евро бүсийн эдийн засгийн эерэг тоо баримтыг даган өөрчлөгдсөн юм.

Үүнээс гадна, таван өдрийн туршид үргэлжилсэн хэлэлцүүлгээс эдийн засгийн тодорхойгүй байдал биднийг чиглэн ирж байгаа хэмээх сэрэмжлүүлэг ханхалж байлаа.

ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде хэлэхдээ Давосын удирдагчдад евро бүсийн хямрал зөвхөн бүсийнх бус дэлхий нийтийг хямраах хүчтэй гэдгийг сануулж байлаа. “ОУВС-гийн хийсэн судалгаа, хэтийн таамаглалаас харахад, дэлхийн аль ч оронд үүний эсрэг дархлаа байхгүй бөгөөд тэд бүгд энэ хямралыг шийдвэрлэгдэнэ гэж харж байгаа” гэжээ. Харин бизнесийн томчуулын хувьд энэ талаар харьцангуй өөдрөг бодолтой байгаа нь шинээр гарч ирж буй зах зээлд хүчтэй өсөлт бий болно гэсэн хүлээлттэй холбоотой аж. Ирэх жилүүдэд Ази, Латин Америкийн хэдэн арван сая иргэн ядуу зүдүү амьдралаасаа салж, дундаж түвшинд хүрсэнээр дотоодын хэрэгцээг өсгөх хандлага байгаа гэнэ. (Microsoft)-ыг үндэслэгч Бил Гейтс “Хэдийгээр эдийн засгийн хүндхэн цаг асуй боловч дэлхий дээрх ядуу иргэдэд өгөх тусламжийг танаад байх шалтгаан байхгүй” хэмээн хэлжээ.