Итгэл алдсан хөдөлмөрийн бирж

гэрэл зургийг MPA.MN

Монголд эдийн засгийн идэвхтэй 1.3 сая орчим иргэн бий. Гэтэл тэднээс 10 хүн тутмын нэг нь ажилгүй. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй зургаан иргэн тутмын нэг нь л ажил идэвхтэй хайж байгаа гэж хөдөлмөрийн биржид албан ёсоор бүртгүүлжээ. Үлдэж буй 100 мянга гаруй иргэний хөдөлмөрийн биржид хандаагүй шалтгааныг нарийн хэлж мэдэхгүй ч ерөнхийдөө иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагад итгэх итгэл буурч байж магадгүй юм. Учир нь ажилгүйдлийн түвшин өссөн боловч хөдөлмөр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оноос хойш тогтмол буурч байна.


Түүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд бий болсон шинэ ажлын байранд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 29.4 мянган ажилгүй иргэн ажилд зуучлагдан орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 31 хувиар, 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 50.2 хувиар тус тус буурсан дүн.

2016 оны Хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаанд хамрагдсан ААНБ-ын 31.2 хувь нь шинээр ажилтан авахаар төлөвлөсөн гэж. Харин 10 ААНБ тутмын долоо нь шинээр ажилтан авах төлөвлөгөөгүй байсан нь өмнөх оныхоос 9.0 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Бүс нутгаар тодруулбал, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 47.8 хувь нь, Улаанбаатарын ААНБ-ын 35.9 хувь нь шинээр ажилтан авна гэжээ.


Эдгээрт үндэслэн Хөдөлмөрийн зах зээлд энэ онд 70.7 мянган байнгын болон түр ажлын байр бий болох магадлалтай гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт дүгнэжээ. Үүний гуравны хоёр нь эхний хагас жилд бий болно гэж тэд үзсэн байна. Гэхдээ үүнийг мөшгин судалсан зүйл одоогоор үгүй юм.