Их Британийн ажилгүйдэл 2.56 саяд хүрчээ

Жар гаруй сая хүн амтай Их Британи улсын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд 70 мянгаар нэмэгдсэн бөгөөд 2.56 саяд хүрсэн үзүүлэлттэй байгаа талаар тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

Ажилгүйдлийн түвшин 7.9 хувь болж нэмэгдсэн нь тус улсын эдийн засгийг анхаарах зайлшгүй шаардлага бий болсныг харуулж байгаа аж.

Ажил эрхлэгчдийн тоо мөн буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд тэдний ашиг, орлогын өсөлт нэлээд хэмжээгээр удаашрах болжээ.

Харин ажил хайгчдын тэтгэмжид бүртгэлтэй хүмүүсийн тоо өнгөрсөн сард 7000-аар буурч, 1.53 сая болсон нь нааштай үзүүлэлт ажээ.

Хэдийгээр энэ онд ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн боловч өнгөрсөн онтой харьцуулахад 70 гаруй мянгаар буурсан байна.

Цагийн ажил эрхлэгчдийн тоо 60 гаруй мянгаар буурч, найман сая болсон бол бүтэн цагийн ажил эрхлэлт мөн хэмжээгээр нэмэгдэж, 21.6 саяд хүрчээ.