Их Британийн эдийн засаг “уналаа”

Британийн эдийн засаг энэ оны эхний улиралд 0.2 хувиар буурч, уналтын шатанд орлоо гэж BBC агентлаг мэдээлсэн байна. Ийнхүү эдийн засаг гэнэт уруудсан явдлыг тус улсын Үндэсний статистикийн төвөөс Англид баригдах барилгын тоо огцом буурсантай холбож үзэж байна. Дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ хоёр улирал дараалан унах үзэгдлийг рецесс буюу бууралт гэж үздэг аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Английн эдийн засгийн уналт 0.3 хувийн дүнтэй гарсан. Энэ оны эхний улиралд үйлдвэрлэл 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн төвөөс нь мэдээлсэн билээ. Үүнд барилга үйлдвэрлэл гурван хувиар буурсан байхад, үйлчилгээний салбар 0.1 хувиар нэмэгджээ. Барилгын салбарын зарим нэгэн үзүүлэлт маргаантайд тооцогдох ч Статистикийн төвийн ахлах эдийн засагч Джо Грайсийн хэлснээр салбарын дүнг барилгын 8000 компанийн бодит тоон дээр үндэслэсэн гэнэ. Эдийн засгийн үзүүлэлт унасан хэмээх мэдээ гарснаас хойш Британийн фунт стерлингийн доллартай харьцах ханш хагас центээр (1.6093 ам.доллар хүртэл), евротой харьцах ханш мөн хэмжээгээр (1.2184 евро хүртэл) унав.

Британийн эдийн засаг 2009 онд буурч байжээ. “Institute of Directors”-ын ахлах эдийн засагч Грэм Лич: “Эдийн засгийн бууралт тийм ч хүчтэй биш байгаа тул одоохондоо сандрах хэрэггүй. Гэхдээ гарсан тооноос үл хамааран, болгоомжтой байхыг сануулсан дохио барилгын салбарын хаалгыг тогшлоо” хэмээв.