Их Британи Европын холбооноос гарах уу

Их Британийн Худалдааны танхимын дэргэдэх “Бизнесийн лобби групп”-ээс тус улсын ихэнх компани Европын холбоонд үлдэх сонирхолтой байгаа талаар мэдэгдэв.

Тус танхимаас дөрвөн мянга гаруй аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулсан бөгөөд хамрагдсан компаниудын 64 хувь нь Их Британийн Европын холбоотой хийх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэжээ.

Тэдний татгалзаж буй зүйлсийн эхний байрт хөдөлмөрийн гэрээ оржээ. Харин таван компанийн нэг буюу нийт компанийн 18 хувь нь Европын холбооноос бүрмөсөн гарахыг дэмжсэн байна.

“BBC” мэдээллийн агентлагаас Их Британи болон Европын холбооны харилцааг таван хувилбараар туршиж үзсэн байна. Үүнд:

  • Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах,
  • Худалдааны гэрээ хийсний дараа гишүүнчлэлээс гарах,
  • Брюсселээс Вэстминстр рүү тусгай эрх мэдлийг буцаан шилжүүлэх нөхцлөөр Европын холбоонд үлдэх,
  • Европын холбоонд үлдэж, тус холбооны гишүүн орнуудтай цаашид нэгдэх,
  • Өнөөгийн харилцаандаа ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр Европын холбоонд үлдэх.

Оролцогсод нь тус улсын бизнес, эдийн засгийн хэтийн төлөвт хувилбар тус бүрийн үзүүлэх нөлөөллийн талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Судалгаагаар бизнесийн орчинг таагүй болгодог хамгийн гол зүйл бол хөдөлмөрийн гэрээ, эрүүл мэндийн тухай хууль, хөдөлмөрийн хамгааллын тухай хууль, бүс нутгийн хөгжлийн бодлогууд байсныг олж тогтоожээ.

Их Британийн үйлдвэрлэл эрхлэгчдийн “EEF” байгууллагаас тус улсын Засгийн газрыг Европ руу орохдоо анхаарал болгоомжтой байх талаар сануулсан аж.

Тус улс болон Европын холбооны хоорондох бизнесийн харилцааны талаарх асуудал өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Жэймс Камеруны олон нийтийн дунд явуулсан санал хураалтын үеэр хөндөгдөж байсан юм.

Тухайн үед олон нийтийн санал хураалт нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж зарим компанийн захирал сануулж байжээ.

“BBC” мэдээллийн агентлагийн зүгээс дээрх таван хувилбараар 2013-2014 онд тогтмол судалгаа явуулах бөгөөд Их Британийн эдийн засагт үзүүлэх боломжит нөлөөллийн талаарх компаниудын үзэл бодол хэрхэн өөрчлөгдөхийг тогтоох зорилготой ажээ.