Их Британи 2030 онд

Европ тивд хамгийн том эдийн засагтай орон бол Герман. Тус улсыг 2030 он гэхэд Их Британи эдийн засгаараа гүйцэж түрүүлнэ гэсэн таамгийг Эдийн засаг, бизнес судалгааны төв (CEBR)-өөс дэвшүүлж байна. Их Британийн эдийн засгийн өсөлтийг хурдасгах гол хүчин зүйл нь хүн амынх нь өсөлт байх болно хэмээн үзэж байгаа аж. Ийнхүү дэвшилтэт эдийн засаг (advanced economies) бүхий орнууд дундаа Их Британи хоёрдугаарт эрэмбэлэгдэх төлөвтэй байна.

Тус төвөөс дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий АНУ-ыг 2028 он гэхэд БНХАУ-д байр сууриа алдана гэж мөн таамаглаж буй. Францын хувьд барууны орнууд дундаа хамгийн тааруухан өсөлттэй орнуудын нэг хэвээр байх нь. Их Британи тус улсыг 2018 онд гүйцэж түрүүлнэ гэжээ. Энэ нь евро бүсийн эдийн засагтай холбоотой ерөнхий асуудал. Нөгөө талаас өндөр татвараас үүдэлтэй эдийн засгийн тааруухан өсөлттэй нь холбоотой гэнэ.