Их бүтээн байгуулалтын өмнөх бужигнаан

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд их бүтээн байгуулалтын өмнөх бужигнаан өрнөж байна. Ухаа худагт үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” компани нүүрс боловсруулах үйлдвэрээ юу юугүй ашиглалтад оруулахаар шамдаж байх зуур орон нутгийн “Тавантолгой” компани олборлосон нүүрсээ урд хөрш рүү зөөсөөр. Үүний хажуугаар төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” “Эрдэнэс Тавантолгой” хэмээн “охин” төрүүлж, таван тивийн уул уурхай, банк санхүүгийн “акул”-уудыг даллан, Монголын төдийгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд ороод буй. Таван сарын турш тасралтгүй хөрс хуулсаар эдүгээ Цанхийн зүүн хэсгийн уурхайн амыг нээсэн тухай “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш учирлав. Зөвхөн энэ хэсгээс л гэхэд 2011 онд 1-2 сая тонн нүүрс олборлон экспортолж, 4-5 жилийн дараа уг үзүүлэлтийг 15 сая тоннд хүргэх төлөвлөгөө бий. “Эрдэнэс Тавантолгой” компани “бор зүрхээрээ” хариуцаж, борлуулалтаа өөрөө хийх Тавантолгойн Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр олборлолт хийж өгөх компанийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “Mesco Steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” өрсөлдөж байна.

Харин Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын 15 компани, консорциум саналаа ирүүлээд байгааг дор танилцуулав. Удахгүй эдгээр компанийг шигшиж, хураангүй жагсаалт гаргаад, Засгийн газраас томилсон Ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард суух билээ. Ингэхдээ мэдээж мөнөөх угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр энэ тэрээгээ ярилцах нь ойлгомжтой. Дээрх 15 компани, консорциумуудын танилцуулгыг хүргэж байна.

1. БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компанийн консорциум
1995 онд байгуулагдсан Хятадын төрийн өмчит “Shenhua Energy” компани нүүрс олборлолт, тээвэрлэлт болон технологийн үйлчилгээгээр улсдаа “№1”. БНХАУ түлшний хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг нүүрсээр хангадаг учир “Shenhua group” корпорацийн охин компани “Shenhua Energy” өсөн нэмэгдэж буй “хар алт”-ны хэрэгцээгээ хангахад голлон анхаарч буй. Харин 1947 онд байгуулагдсан Японы “Mitsui & Co” компани нь ган, төмрийн үйлдвэрлэл, хими, дэд бүтэц, автомашин, эрчим хүч, хүнс, харилцаа холбоо, худалдааны салбарт аль хэдийнэ байр сууриа эзэлжээ. Тус компани өнөөдөр дэлхийн 65 улсад үйл ажиллагаа явуулж байна.

2. Монголын “Монголын Алт” групп
1993 онд байгуулагдсан МАК групп уул уурхай, барилга, аялал жуулчлалын салбарт амжилттай ажиллаж буй. 1994 онд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод үйл ажиллагаа явуулснаар эрдэс баялгийн салбарт эргэлт буцалтгүй оржээ. Харин 1998 онд Дорноговь аймгийн Алагтогоогийн ордыг илрүүлснээр нүүрсний салбарт хөл тавьсан байна. 2002 онд Өмнөговь аймгийн Нарийн сухайт нүүрсний төсөлд ажиллах Монгол-Хятадын
“Чин Хуа-МАК-Нарийн сухайт” компанийг үүсгэн байгуулсан бол эдүгээ үүнээс гадна Элдэвийн нүүрсний уурхай, Адуунчулууны нүүрс боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Нүүрсний олборлолт, экспортоороо МАК нь Монголдоо толгой цохих компани билээ.

3. Люксембургийн “ArcelorMittal”
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт орох “ArcelorMittal” компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд өөрийн бүтээгдэхүүнээ автомашин, барилга, гэр ахуйн хэрэгслийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг. 2010 онд тус компани 78 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, 90.6 сая тонн боловсруулаагүй ган үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт нийлүүлэлтийн найман хувийг эзэлж байгаа юм. Алжир, Босниа, Канад, Казахстан, Мексик, Украин, АНУ-д уул уурхайн ажил эрхэлдэг “ArcelorMittal” компани гангийн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг бие даан гаргаж авах зорилготой. Одоогоор тус компани үйлдвэрийнхээ хэрэгцээний төмрийн хүдрийн 46, нүүрсний 13 хувийг өөрсдийн уурхайгаас хангадаг байна.

4. БНХАУ-ын Өвөрмонголын “Yitai” групп
Өвөрмонголын “Yitai coal” компани 1997 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нүүрсний худалдаа, тээвэрлэлт, үйлдвэрлэлээр дагнадаг байна. Үүний хажуугаар тус компани зочид буудал, рестораны үйлчилгээ эрхэлж, мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэх эмийн ургамлуудыг тариалдаг аж. 2009 оны байдлаар “Yitai coal” компани 27.7 сая тонн нүүрс борлуулжээ.

5. АНУ-ын “Peabody Energy”
125 жилийн түүхтэй “Peabody energy”-г дэлхийн нүүрсний хамгийн том хувийн компани хэмээн нэрлэдэг. 2010 онд тус компани 246 сая тонн нүүрс борлуулж, долоон тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Тэд АНУ-ын эрчим хүчний 10 хувийг дангаараа бий болгодог бөгөөд дэлхийн 23 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. АНУ, Хятад, Австралид төвлөрч олборлолт хийдэг “Peabody energy”-гийн уурхайнууд нийт есөн тэрбум тонн нүүрсний нөөцтэй аж.

6. ОХУ-ын “En +”

Оросын олигарх Олег Дерипаскагийн “Еn +” групп 2002 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хөнгөн цагааны “акул” болох “Русал” компанийн 47.41 хувийг эзэмшдэг. Үүний зэрэгцээ эрчим хүч, ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Харин 2008 онд Эрхүүгийн “ВостСибУголь” гэх жилдээ 12 сая тонн эрчим хүчний нүүрс олборлодог томоохон компанийг худалдаж авснаар нүүрсний салбарт хүчээ сорьж эхлэв. Эдүгээ “Еn +” групп Эрхүүгээс гадна Якутад ч нүүрсний уурхай ажиллуулж байна.

Төмрийн хүдрийн “Fortescue Metals” компани баруун Австралийн баялаг Пилбарад томоохон уурхай эзэмшдэг аж. 2003 онд байгуулагдсан залуу компани хэдий ч 2008 оноос далайн тээврээр БНХАУ-ын гангийн томоохон үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлж байна.

8. Бразилийн “Vale”

1942 онд үүсэн байгуулагдсан Бразилийн төрийн өмчит “Companhia Vale do Rio Doce” компани ердөө долоон жилийн дараагаас тус улсын төмрийн хүдрийн экспортын 80 хувийг бүрдүүлж эхэлсэн байна. 1974 онд “Vale” төмрийн хүдрийн экспортоороо дэлхийд тэргүүлсэн бөгөөд энэ байр сууриа өнөөг хүртэл алдсангүй. 1997 онд хувьчлагдсанаасаа хойш уул уурхайн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, никель, зэс, хөнгөн цагаанаараа дэлхийд томоохонд орох болсноос гадна таван тивийн 38 оронд салбараа нээж амжжээ. Сүүлийн үед нүүрсний салбарт хүч үзэхээр зэхэж буй “Vale”-гийн овоо хараанд Монголын Тавантолгойгоос гадна Африк, Мозамбикийн аварга ордууд өртсөн юм. Эдүгээ тус компани Мозамбик улсад жилдээ 14 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 70 жил наслах уурхай эзэмшдэг бол Австралийн Квинслэнд мужид 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй төсөл хэрэгжүүлж байна.

9. Оросын төмөр зам, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл
Манай “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам” компани Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах шинэ төмөр замын мөн л 50 хувийг эзэмшихээр болсон билээ. Эдүгээ тус компани Японы “Itochu”, “Sumitomo”, “Sojitz”, “Marubeni” зэрэг аварга корпорацитай нэгдэн Тавантолгойд хүчээ сорьж байна. Мөн, БНСУ-ын төрийн өмчит КОРЕС-ийг ч эгнээндээ нэгтгэж дөнгөв. 1967 онд байгуулагдсан, Австрали, Индонезид нүүрсний төсөл хэрэгжүүлж буй КОРЕС-ийн ард “Posco”, “Samsung”, “LGI” зэрэг дэлхийд толгой цохих нутаг нэгтнүүд нь зогсож байна. Тавантолгойн нүүрсийг “Оросын төмөр зам”-ын барих 1100 км шинэ төмөр замаар хойд хөршийн Восточный, Ванино боомтод хүргэж, тэндээсээ Япон, БНСУ-д нийлүүлэх нь манай засгийн зорилго. Тэгэхээр энэхүү нэгдэл нэгийг өгүүлж байх шиг...

10. БНЭУ-ын “Mesco Steel”

Энэтхэгийн “Mesco Steel” компани 1992 онд байгуулагдсан бөгөөд төмрийн хүдрийн томоохон ордуудад үйл ажиллагаа явуулдаг байна. Олборлосон төмрийн хүдрээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд технологийн тал дээр БНХАУ-ын “Sino Steel” корпорацитай хамтран ажилладаг аж. “Mesco” групп нь мөн Агаарын тээврийн “Mesco Airlines” компанийг өөртөө нэгтгэдэг байна.

11. БНЭУ-ын “International coal venture”
“International Coal Venture” корпораци нь 2009 онд байгуулагдсан шинэхэн “тоглогч”. Нүүрс олборлох, ган хайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн томоохон компаниудын хувьцааг худалдаж авчээ.

12. Монголын “Монголын авто замын компаниудын нэгдэл” консорциум
2010 онд УИХ-ын баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн дагуу 5572 км хатуу хучилттай автозам, 997 км хурдны зам, 1100 км төмөр замын далангийн барилга байгууламжийн ажилд хамтран зүтгэхээр авто замын тусгай зөвшөөрөл бүхий үндэсний компаниуд одоо л нэгдэж эхэлж байна. Энэхүү шинэхэн консорциум багаа дөнгөж бүрдүүлж байгаа ч Тавантолгойн сонгон шалгаруулалтад хүч үзэхээр сэтгэл шулууджээ.

13. Австралийн “Xstrata coal”
Зэс, никель, цайрын олборлолтоор дэлхийд дээгүүрт орохын зэрэгцээ уул уурхайн технологи нийлүүлэгч “Xstrata” группийн нэг хэсэг “Xstrata Coal” нь эдүгээ Австрали, Өмнөд Африк, Колумб болон Канадын 30 гаруй ордод үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний нүүрсний экспортоор “№1” гэгдэх тус компани коксжих нүүрсний дэлхийн тав дахь том үйлдвэрлэгч ажээ. Ази, Европ, Америкт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Xstrata Coal” 2010 онд 79.9 сая тонн нүүрс олборлосон байна.

14. БНХАУ-ын Өвөрмонголын “Erdos Chenglong Coal investment”

“Erdos Chenglong Coal investment” гэдэг компанийн тухай мэдээлэл тун ховор аж. Гэвч Өвөрмонголд “Erdos CTL” гэх нүүрснээс шингэн түлш гаргах төслийг “Shenhua Group”-ийн охин компани болох “Shenhua Coal Liquefaction” хэрэгжүүлдэг юм байна. 2004 онд барилгын ажил нь эхэлсэн уг төслийн хүрээнд өдөртөө 20 мянган баррель түлш үйлдвэрлэх боломжтой аж.

15. Монгол, БНХАУ-ын “Signum Industrial”

Монголын “Сигнум ресурс” компани Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл боловсруулсан билээ. 2.2 сая тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, гангийн үйлдвэр, 500 мянган тоннын хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэр, хоёр ч цахилгаан станц, Тавантолгой-Сайншандын 374 км төмөр зам бий болгохоор тусгасан дээрх төслөө хэрэгжүүлэх үүднээс “Signum Industrial” компанийг үүсгэн байгуулсан аж. Тавантолгойд түшиглэн байгуулах Аж үйлдвэрийн цогцолборт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэйг “Сигнум ресурс” компанийнхан тооцоолж байсан юм.