Их бүтээн байгуулалт дагасан гундуу төрх

Шүдний эмчийн хайгуулд

Цогтцэций сумын төвийн хүнсний дэлгүүрээс цэвэр ус авах зуур гаднаас нэгэн эрэгтэй хүн аахилсаар гүйж орж ирэв. Тэрбээр “Ёох, шүдээ авахуулах газар олддоггүй. Зөндөө гүйлээ” гээд духныхаа хөлсийг арчлаа. Лангууны ард зогсож байсан дэлгүүрийн эзэн “Яагаад шүдийг чинь авдаггүй юм бэ” гэж асууж амжихад мөнөөх эр “Миний энэ шүд ёзоор болчихсон юм аа. Тэгээд авах хүн олдохгүй байна” гэж тайлбарлах аж. “Би бахиар татаад, аваад өгөх үү” хэмээн дэлгүүрийн худалдагч наргиан болгож, чанга инээлдэв.

Цогтцэций сум хаана байдаг вэ?

Инээдтэй мэт санагдах энэхүү болсон явдлын цаана эмэгнэлтэй дүр зураг нуугдаж байна. Учир нь, ийм инээдэмтэй юм шиг хэрнээ гунигтай дүр зураг манай орны, ялангуяа хөдөө, орон нутагт тохиолдож болзошгүй ч их бүтээн байгуулалт өрнөж , хөгжил цэцэглэх энэ газарт хүн эмнэлгийн үйлчилгээ ийм дор түвшинд байгаа нь нүд орой дээр гарахаар зүйл мэт санагдсаныг тэмдэглэе. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг дор гурвын гурван том уурхайн орд байрладаг. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 100-гаад км-ийн зайтай орших энэ суманд суурин 4000, хөдөлгөөнт 8000, нийт 11000 орчим иргэн амьдарч байна. Хүн амын төвлөрөл, шилжих хөдөлгөөн улам нэмэгдэж буй Цогтцэцийд ажилгүйдлийн түвшин харьцангуй бага, таван хувьтай гэж Тамгын газрын дарга Б.Цэцмаа ярилаа. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг 80-аад аж ахуйн нэгжийн ихэнх нь уул уурхайн салбарынх. Уул уурхайгаас гадна мал аж ахуйг түшиж хөгжүүлэх концепцтэй сумын нийт малын 60 гаруй хувь зуданд хорогдож, одоогоор 40 гаруй мянган малтай. Цаашид эрдэс баялгийн салбарыг түшиглэсэн хот суурин барих, эрчимжсэн мал аж ахуй, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хүртээмжийг сайжруулах, шинээр сургууль, эмнэлэг барьж байгуулах гэхчлэн хийх ажил тус суманд ундарсаар.

Дэд бүтцийн өнөөгийн байдал

Шинээр барьж байгаа улаан тоосгон барилгууд, энд тэндгүй овоолсон шороо, засвартай зам биднийг Цогцэций суманд ирэхэд угтсан юм. Сум зочилсон хүн бүрт ус гэдэг нандин эрдэнийн үнэ цэнийг ирсэн өдрөөс эхлэн яван явтал ягштал ойлгуулдаг онцлогтой. 500 гаруй км донсолгоотой замыг машинаар туулсан бидэнд замын тоосноос салахад балга ус л ногдсон юм. Дотроо усгүй, ариун цэврийн өрөөгүй зочид буудлын хажуухан талд харин халуун усны газар ажиллах бөгөөд замын тоосонд даруулсан хүмүүс, нутгийн иргэд тасрахгүй үйлчлүүлдэг байна.
Цогтцэций суманд төсвийн байгууллагуудыг холбосон халаалтын шугамыг 498 сая төгрөгийн өртөгтэй хийж байгааг Засаг дарга Г.Цог-Өрнөх дурдлаа. Тэрбээр суманд тулгарч буй хамгийн гол асуудал бол зам, усны хангамж болоод байгааг онцлон тэмдэглэв.

Тоосжилт, эмнэлгийн үйлчилгээ

Зам барих асуудал шийдэгдэх хүртэл нүүрс тээвэрлэдэг том машинуудын тоос сул хөрстэй нутгийг битүү утаагаар бүрхсээр л байх нь. Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтэн нүүрсний тээврийн зам дагуу бэлчээрлэдэг малыг шинжилж үзэхэд, уушгинд нь уут үүсэж, элсээр дүүрсэн байсан үнэмшихэд ч бэрхтэй шинжилгээний хариу гарсан байна гээд бод доо. Нүүрсний тээврийн их тоос шороо малд төдийгүй тэнд аж төрж буй хүмүүс, нэн ялангуяа бага насны хүүхдэд ч нөлөөлж байгаа тухай Цогтцэций сумын хүн эмнэлгийн их эмч Д.Дэлгэрмаа хэллээ. Тус эмнэлгээр энэ оны хагас жилийн байдлаар 0-2 хүртэлх насны 80 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлснээс 75 хувь нь тоосжилт болон бохирдсон агаартай холбоотой харшил, бронхит гэх мэт амьсгалын замын өвчнөөр өвдсөн тухай зүрх шимшрүүлсэн баримт байна.
Утаа тоосгүй уул уурхай гэж байхгүй. Гэсэн ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг жаахан ч болов хамгаалъя гэвэл ногоон бүс байгуулж, сул хөрстэй талбайг зүлэгжүүлж моджуулах шаардлага Цогтцэций суманд тулгамдсан асуудал болжээ. Хүн амын суурьшил нягтаршиж, төрөлт ихэссэн сумын төв эмнэлэгт дөрвөн их эмч, таван бага эмч, мөн тооны сувилагч ажиллаж байна. Нэг их эмч 50-60 хүн үзэж, ачаалалтай ажилладаг гэж Дэлгэрмаа эмч ярив. Одоогийн эмнэлгийн байр олон хүн үзэж, хэвтүүлэх хүчин чадал дутмаг тул удахгүй шинэ эмнэлэгтэй болох юм байна. Дэлгэрмаа эмч нарийн мэргэжлийн дагнасан эмч нар, багаж тоног төхөөрөмж, рентген лаборатори, бариа заслын эмчилгээ, шүдний эмчийн үйлчилгээ нэн даруй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Шүдээ авахуулах газар олдохгүй байна гэж ярьсан эрэгтэйн асуудал руу эргэж оръё. Сумын төвд шүдний хоёр хувийн эмнэлэг байдаг ч тогтвортой ажилладаггүй гэнэ. Цоожтой хаалга мөргөсөн шүд нь өвдсөн хүмүүс хаачих ёстой болж байна вэ? Эсвэл байсан ч ёзоор авахгүй гэж хэлэх шүдний эмчийн мэргэжлийн түвшин ямар байх вэ?
Ямартай ч шүд нь өвдөж орох байхаа олж ядсан эр нэгэнт эмнэлгийн үйлчилгээ авах аргагүйд цөхөрсөндөө эцсийн арга хэмжээ нь дэлгүүрээс лонх сархад сугавчлаад гарч одлоо.

Сумын сургууль, цэцэрлэг

Цогтцэций сумын төвд ес­дүгээр сарын 1-нд “Орчлон” сургуулийн салбар үүдээ нээхээр зэхжээ. Ийнхүү шинээр нээгдэх төлбөртэй цэцэрлэг, төлбөргүй бага сургууль олон эцэг, эхчүүдийг баярлуулж байгаа нь лавтай. Одоогийн байдлаар 75 хүүхдийн цэцэрлэгт 120, 400 хүүхэд суралцах сургуульд 800-гаад сурагч багтаах гэж зовдог тухай Б.Цэцмаа хэлсэн. Сумын иргэн С.Отгонбаяраас энэ талаар асуухад “Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй, гэртээ сууцгааж байна. Гэр цэцэрлэг ажиллуулахыг зөвшөөрдөггүй юм” гэлээ. Иймээс хүрэлцээг сайжруулах үүднээс цэцэрлэгт өргөтгөл хийж, сургуулийг харин шинээр барихаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад 85 км-ийн зайтай орших Цогт -Овоо сумын төвийн сургуулийн гадна талбайд ургах цэцэг, мод уул уурхайн салбарыг зөв хөгжүүлж чадвал говийн эдгээр сум хөгжилд хүрэх болов уу гэсэн найдлагаар сэтгэл цэлмээнэ.

Орон нутагт хувь нэмэр оруулдаг уу?

Нэгэнт газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж улсын төсөвт хөрөнгө оруулж байгаагийнхаа хувьд уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд гар бие оролцох ёстой. Цогтцэций сум уул уурхайн компаниас дэмжлэг авдаг талаар засаг, захиргааны албаны хүнээс асууж дараах мэдээллийг олж авав. “Энэржи Ресурс” сумын эмнэлэгт “Фургон” маркийн авто машин, сургуульд 15 компьютер өгч, байгаль орчны асуудалд анхаардаг гэнэ. “Таван толгой” компани малчдад өвс тэжээлийн тусламж, “Таван толгой транс” харин эмнэлгийн өвчтөний өрөөг тохижуулахад хувь нэмрээ оруулжээ. 2011 онд 4.7 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа “Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр энэ талаар “256 км зам тавих үйл ажиллагаанд манай компани бүх хөрөнгийн 50 хувийг, “Энержи Ресурс” талыг нь гаргасан. Мөн бетонон хучилттай зам тавих зураг хийлгээд, маршрут тавих ажилд ороод явж байна” гэлээ. Энэ мэтээр уул уурхайн компаниуд хөгжлийн төлөө орон нутагтай хамтарч, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулж, юуны өмнө нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухал билээ.