Их бүтээн байгуулалт үргэлжилсээр…

Mongolian Economy
2020-12-31 11:37:13

2020 онд шинэ төрлийн коронавирус дэлхий нийтэд тархаж, хүн амын эрүүл мэнд хийгээд эдийн засаг, бизнесийн салбарт хүнд цохилт өгсөн жил болж өнгөрлөө. Монгол Улс хилээ хааж, хөл хорио тогтоосны улмаас Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаа эхний хагас жилд зогсонги байдалд орсон. Харин үүний дараа өнгөрсөн долдугаар сард Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг баталснаар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын удирдах албан тушаалтан, нарийн мэргэжлийн, инженер, техникийн ажилтнууд зэрэг 1600 гаруй Хятад иргэдийг Монголд буцаан авчирснаар Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн нефть олборлолт, Дорнод аймгийн Улааны ордын хар тугалга, цайрын уулын баяжуулах үйлдвэр, Төмөртийн Овооны цайрын ордын үйлдвэр гэх мэт уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Монгол Улсын эдийн засаг, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна хэмээн Зун-хуа нийгэмлэгийн байнгын орлогч, нарийн бичгийн дарга А.Далангурван дүгнэж хэллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад Зун-хуа нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын оруулсан хувь нэмрийг дүгнэхэд;

Дорнод аймгийн Тосон уул 19, Тамсаг 21 талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй “Пэтрочайна Дачин Тамсаг” компани 2005-2019 оны хооронд нийт 7.4 сая тонн газрын тос олборложээ. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 837 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлсэн байна. Компани өөрийн санхүүжилтээр 282.3 км урттай 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 407.8 км авто замын бүтээн байгуулалт хийн орон нутгийн дэд бүтцэд томоохон хувь нэмэр оруулжээ. Төсөл нь 1162 хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллах хүчийг орон нутгийн ард иргэдээс түлхүү сонгон ажиллуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж иржээ. Мөн төрөл бүрийн хэлбэрээр нийт 11.56 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна.

“БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо” нь дэлхийн барилгын томоохон 500 ААН-ийн нэг болох China Railway Construction Corporation Limited-ийн жишиг компани бөгөөд “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд Ази, Африк, Латин Америкийн орнуудад нийгмийн хариуцлагын ажлууд хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс нь тус компанитай 2001 оноос хамтран ажиллаж буй гол гадаад түншүүдийн нэг нь болжээ. Тус компани Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, Төв цэвэрлэх байгууламжийг барих төслүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын ордод олборлолт хийдэг. Өнгөрсөн хугацаанд ордын батлагдсан ТЭЗҮ, зураг төслийн дагуу нийт 200 сая ам долларын хөрөнгө оруулж, уул уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, далд уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Тус компани 1000 гаруй ажлын байрыг хадгалан үлдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна хэмээн “Шинь Шинь” компанийн дэд захирал Пань Чи Чинг онцлон хэлэв. Ажилчдын 95 хувь нь орон нутгийн иргэд бөгөөд интернэтэд холбогдсон, 700 хүний орон сууц барьж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн кэмпийг байгуулжээ.

“Мөнхийн баян гал” ХХК нь БНХАУ-ын барилгын материал, үйлдвэрлэлийн корпорацийн харъяа Хятадын цементийн нэгтгэл группийн охин компани бөгөөд Улаан хэмээх чанартай, стандартын өндөр түвшний цемент үйлдвэрлэж байна. Уг төсөл нь хуурай аргаар цемент боловсруулах технологи, байгальд хоргүй тоног төхөөрөмж ашиглаж Улаанбаатар хотын цахилгаан станцын хаягдал үнс, төмрийн үйлдвэрийн хаягдал материалыг хольц болгон цемент үйлдвэрлэдэг. Цементийн өртөг, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, зах зээлд хямд өртөгтэй цемент үйлдвэрлэхийг зорьж байна.

“Зуншин” компани нь чанар, стандартын шаардлага хангасан барилга угсралтын ажлыг гүйцэтгэн улсын комисст амжилттай хүлээлгэн өгч, захиалагч болон ашиглагч компаниудын талархлыг хүлээв. “Зуншин” ХХК нь цар тахлын хүнд хэцүү цаг үед 700 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

“Синохайдро Монголиа” компани 2004 онд Монгол Улстай хамтын ажиллагаагаа эхэлж Тайширын усан цахилгаан станц, Сайншандын хурдны зам, Ухаа худаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүүр төсөл, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын терминалын гүүрийн ажил, Улаанбаатар хотыг Налайх дүүрэгтэй холбосон 20.9 км автозамын төслийн ажлуудыг үе шаттайгаар чанарын өндөр түвшинд, стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж ирэв. Тус компани “Нэг бүс нэг зам” төслийн бүтээн байгуулалтын чухал хэсэг болох Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын АНЗ замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй.

Bank of China-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 2013 онд байгуулагдсанаас хойш Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, олон талын хамтын ажиллагаанд оролцож ирсэн. Монгол Улсын банкуудтай хамтран ААН, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын эдийн засаг, санхүүгийн судлалын төвийг байгуулсан. Мөн нийгмийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор онлайн, оффлайн хэлбэрийн хил дамнасан холбон зуучлах үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр Монгол, Хятад байгууллагууд хил дамнан хамтран ажиллах боломжийг нээжээ. 2013 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын дэмжлэг дор Монгол улсын ААН, хувь хүмүүсийг нэгтгэн, Монгол, Хятадын хэл соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан байгуулсан. Хэл, соёл, боловсролыг дэмжин, ард иргэдийн амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

“Синвоюань” ХХК-ийн төмөрлөг боловсруулах үйлдвэр нь Багахангай дүүргийн үйлдвэрийн бүсэд 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр 8.000-10.000 тонн хаягдал төмрийг иргэд ААН-үүдээс зах зээлийн үнээр худалдан авч, жилд 4.000-6.000 тонн ган туйван үйлдвэрлэн дотоодын барилгын компани, төмөр бетон хийцийн үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Багахангай дүүрэг болон бусад аймаг, хотоос ирсэн 30-60 орчим ажилгүй иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, БНХАУ-аас төмөрлөгийн үйлдвэрийн нарийн мэргэжлийн инженер, техникийн 30-70 хүнийг урьж ажиллуулж, Монгол ажилчдаа байнга сурган ажиллаж иржээ. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд 50-60 сая төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жид дунджаар 80-150 сая төгрөг төлдөг. Тус үйлдвэр жилд дунджаар 3-4 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 300-400 сая төгрөгийн татвар төлдөг аж.

“Бээжин юни констракшн групп монголиа” ХХК 2013 онд байгуулагдсан Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани. Тус компанийн хөрөнгө оруулагч, толгой компани болох “Бээжин юни констракшн групп” компани нь Хятадын төрийн өмчит ААН юм. Өнгөрсөн таван жилийн турш тасралтгүй дэлхийн хамгийн том ерөнхий гүйцэтгэгч 225 ААН-ийн нэгээр шалгарсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах, иргэд зорчигчдын цаг, завыг хэмнэх чиглэлд хамтран ажиллаж ирсэн.

“Доншен” газрын тос компани Монгол Улсын Дорноговь аймагт газрын тосны хайгуул, олборлолт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Монгол Улсын газрын тосны салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймагт Газрын тосны хүрээлэн, Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, бусад засвар үйлчилгээ зэрэг халамжийн төслүүдийг гүйцэтгэж, орон нутгийн 200 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

“Чайна райлвэй твэнти бюро групп корпорэйшн Монголиа” ХХК 2016 онд байгуулагдсан. Сэлэнгэ-Ерөө төмөр замын төсөл, Улаанбаатар хотын Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын замын цагдаагийн гүүр барих, Зүүнбаян чиглэлийн 151.1 метр төмөр замын гүүр барих, Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон дагалдах байгууламж зэрэг төслийг хэрэгжүүлж буй. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш 2000 гаруй ажлын байр бий болгож,  төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсээр иржээ.

Ийнхүү Зун-хуа нийгэмлэг болон гишүүн байгууллагууд 2020 оны хүндрэл бэрхшээлтэй цаг үед нийгэмлэгийн удирдлагын баг болон бүс нутгийн холбоо нийгэмлэгүүдийн оролцоо, хамтын хүчээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, өнгөрсөн нэг жилийг үдлээ. Зун-хуа нийгэмлэгийн зүгээс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр гишүүн компаниуддаа шаардлага хангаж ажилласан төдийгүй өвчинтэй тэмцэж байсан хэцүү цаг үед гурван удаагийн хандивын аян өрнүүлж, Хятадын Үхань болон Монгол Улсын Засгийн газарт нийт 700 мянган юанийн хамгаалалтын эмнэлгийн хэрэгсэл хандивласан. Мөн бүх гишүүдээ жилийн хураамжаас чөлөөлөх байдлаар хүнд үеийг даван гарах арга хэмжээ авч ажиллажээ.

Зун-хуа нийгэмлэг нь Монгол Улс дахь гишүүн компаниудаа цар тахлын эсрэг аливаа арга хэмжээг хатуу баримтлахыг уриалан, хүн бүрийн эрүүл мэндийн төлөө халдвар аваагүй ажилчдын тоог тэг байлгах зорилт тавьж ажиллахын зэрэгцээ БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч ААН-үүдийг нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн төлөө ажиллана хэмээн тус нийгэмлэгийн тэргүүн Ян Шао Чи хэлсэн. Тэрбээр мөн Монгол, Хятад хоёр орны ард түмэн, анд нөхдөдөө эрүүл энх сайн сайхныг хүсэж, шинэ жилийн гал халуун мэндийг хүргэлээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй шинэ оноо угтаж буй энэ мөчид Зун-хуа нийгэмлэгийн гишүүн ААН-үүд өнгөрсөн хугацаанд хүндрэл бэрхшээлийг даван туулж, цөөнгүй ААН үйл ажиллагаагаа шинээр эхлүүлж, тодорхой амжилтад хүрснийг дурдаад Монгол, Хятадын хоёр талын хүчин чармайлтын үр дүнд сайн хөршийн хамтын ажиллагаа илүү нэг алхам урагшлан хөгжиж буйг онцоллоо.

 

 

 

Mongolian Economy