Их Даширын хөндий их гоё болжээ

-Алга дарам газарт ч нөхөн сэргээлт хийнэ-

“Мянга сонсохоор нэг үз” гэж хэлдэг. Тэгвэл хэдэнтээ сонсож байсан “Бороо Гоулд” компанийн нөхөн сэргээлттэй танилцах боломж тохиов. Энүүхэнд хөхөө донгодож, тэрүүхэнд бор шувуу модны мөчир дамжин шулганан нисээд л уурхайн ойр орчмын газар дахин төрсөн мэт шинэ байна. Унаган төрхөө олсон газар дэлхий ч урьдын адил инээж байх шиг санагдсан. Их Даширын хөндий цаанаа нэг л ондоо юм аа. Сэвтсэн газар, сэтгэл зүрх шархалж мэдэхээр тийм нэг хар, бараан зүйл харагдахгүй нь сайхан. Ийм газар өргөө цагаан гэрээ бариад амьдарсан ч өчүүхэн саад тотгор алга. “Зүлгэн дээр нь гэрээ бариад Зүгээр л нэг амьдарч болох...” нутаг ажээ.

Налж унасан намрын өвс, тэнгэр өөд тэмүүлж буй шинэ ногооны үнэртэй уурхайн бүсэд зочилсон бид тархи толгой, нүд, чихээ амраан, газар дэлхийтэйгээ ойрхон байхын үнэ цэнийг хэсэгхэн хугацаанд мэдэрлээ. Уурхай гэхээр л ухаж төнхсөн гүн нүх, харанхуй шөнө бол “нисэж” мэдэхээр ангал л санаанд буудаг. Гэтэл Их Даширын хөндийд ирсэн хүн ийм бодлоо гээчихдэг юм байна. Төсөөлж байсан зүйл маань ор үндэсгүйгээр мартагдан, хэдэн гүвээ толгод дамжин замхарч одлоо. Одоо уурхай гэхээр л цэцэгт номин тал, цэвэр тунгалаг ус, хоргодон саатмаар унаган байгаль “амтагдаад” ирж байна.

Уул уурхайн салбарынхны толгойны өвчин болсон нөхөн сэргээлтийн асуудлыг аль хэдийнэ бараг л хэтрүүлж хэлбэл, МЭӨ шийдчихсэн “Бороо гоулд” компани өнөө жил 47- га газар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд, ажилдаа оржээ. Наадмаас өмнө шимт хөрсөөр хучиж, олон наст ургамлын үрээ цацаж дуусна гэнэ. Биднийг очиход Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэд нөхөн сэргээлтэд оролцож байв. Тэд хийж буй ажилдаа ч, бүтээж байгаа үйлсдээ ч сэтгэл өндөр байгаагаа хэлж байсан. Удахгүй Их Даширын хөндийд мал бэлчээрлэж, танай, манайхан зусдаг болно гэж байлаа. Амны билгээс ашдын билэг.

“Бороо гоулд” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Г.Мөнхжин “ Манай компани 2003 оноос хойш нөхөн сэргээлт хийж байна. Нөхөн сэргээлтэд орон нутгийн иргэдийг түлхүү оролцуулдаг. “Бороо гоулд” компанийн хувьд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, нутгийн хөгжилд аль болох түлхүү анхаарч ирсэн. Манай хэлтсийн хувьд жил болгон 50-60 хүнийг түр ажлын байраар хангадаг. Өнөө жил ч мөн адил энэ тооны ажлын байраар хангана” гэлээ. Тус компани өнгөрсөн оны байдлаар 320 орчим га газрыг нөхөн сэргээж, холбогдох газарт нь чанар, стандартын дагуу хүлээлгэн өгчээ. Нөхөн сэргээлтийн ийм туршлагатай, өдий хэмжээний газарт биологийн нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэсэн уул уурхайн компани Монголд ганцхан бий. Тэр нь “Бороо гоулд” болж байна. Сүүлийн үед “Бороо гоулд” компанийн сайн жишгийг хэд хэдэн компани уурхайн талбайдаа нэвтрүүлж байгаа юм билээ. Тэд зөвхөн нөхөн сэргээлтийг уурхайдаа нэвтрүүлээд зогсохгүй, “Бороо гоулд” компаниас нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцох, энэ талын дэмжлэг авахаар ханддаг болсон байна.

Нөхөн сэргээлтийн талбайтай танилцаж, өвс ургамал дээр нь гишгэж, агаар салхинд нь алхаад ирэхээр хариуцлагатай уул уурхайн компани хариуцлагатай л байдаг юм байна гэсэн итгэл үнэмшил улам бэхжиж байлаа. Тус уурхайтай ажил амьдралаа холбосон Баянгол сумын өндөр настан А.Доржсүрэн гуайг “Бороо гоулд” компанийнхан бүгдээрээ л хүндэтгэх аж. Тэрбээр уурхайд ажиллаж буй нутгийн иргэдээ өөрийн микроавтобусаар өглөөд ажилд нь, оройд гэрт хүргэж өгдөг компанийн хамгийн ахмад, гэрээт ажилтан аж. Уул уурхай, хайгуулын салбарт 38 дахь жилдээ ажиллаж байгаа А.Доржсүрэн “Уул уурхайн салбарт олон жил ажиллаж байхдаа “Бороо гоулд” компани шиг нөхөн сэргээлт хийж, унаган байгальд нь оруулж, орон нутгийн иргэдийн ахуй амьдралд анхаарч байсан компани үзээгүй. Нөхөн сэргээлтийн талбайг хараад үнэхээр сэтгэл хөдөлдөг” хэмээн хуучилсан юм. Уурхайн ойжуулалтын талбайд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол чацаргана байлаа.

Чацаргана үр жимсээ өгөөд эхэлсэн

П.Уянгаа / “Бороо гоулд” компанийн Байгаль орчны инженер/

- Манай компанийн уурхайн нөхөн сэргээлтийн ажил 2003 оноос эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 320 орчим га газарт нөхөн сэргээлт хийлээ. Энэ онд 47 га-д нөхөн сэргээлт хийнэ. Уурхайн ойжуулалтын талбайд модыг үрээр болон тайрдсаар тарьж, ургуулж байна. Чацарганы хувьд дөрөв дэх жилээсээ үр жимсээ өгдөг. Манай 2007 онд суулгасан мод үр, жимсээ өгч эхлээд байна. Мөн Монголд нутагшуулахаар Канадын агч модыг тарьж байна. Ойжуулалтын талбайд агч, хайлаас, далан хайлс, гандигар гээд 10 –аад төрлийн мод тарьж ургуулж байна.

10 орчим га газрыг ойжуулсан

Г.Мөнхжин /“Бороо гоулд” компанийн Байгаль орчны мэргэжилтэн/

-Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр гэж байдаг. Энэхүү хяналт, шинжилгээний хөтөлбөрийн дагуу гүний ус, агаар, хөрс, хаягдал чулуулагт хяналт, шинжилгээ явуулж байна. Тухайлбал, агаар дахь орчны тоосжилтыг хэмждэг. Мөн уурхайн тодорхой 12 цэгт агаарын химийн элементийг зөөврийн төхөөрөмжөөр хэмжин,шинжилж байна. Түүнчлэн, гүний ус, ундны ус, хаягдал ус , гадаргын усанд байнгын давтамжтайгаар судалгаа, шинжилгээ явуулж байна. Нөхөн сэргээлтэд орон нутгийн байгальд зохицсон, олон наст, бэлчээрийн мал аж ахуйд ашиглаж болох өлөн, өрхөг, согоовор гээд гурван төрлийн ургамлыг тариалж байна. Биологийн нөхөн сэргээлт гэхээр олон наст, ургамал тарихаас гадна мод тарих хэрэгтэй. Уурхайлалтад өртсөн модыг шилжүүлэн суулгахаас мод тарих ажил өрнөсөн. Үүнээс хойш 10 орчим га- газрыг ойжуулсан. Манайх алга дарам газарт ч нөхөн сэргээлт хийнэ.

Цэцгийн мандлаа дэлгэсэн Их Даширын хөндий их гоё болжээ. Улирлаа дагаад уурхайн ойр орчмын уул, хөндий ч номин ногоон өнгөтэй болсон байна. Тэр дунд үл ялгарч, сэрхийтэл халаглах хариуцлагагүй уул уурхайн ул мөр нэг ч алга. Нөхөн сэргээсэн талбайг нь хараад уурхай байсан гэхэд нэг л итгэж өгөхгүй унаандаа суулаа. Андуурч, эндүүрэх зүйл олон л байдаг. Гэтэл, эдгэрсэн газарт андуурах зүйл алга, адилхан л дэлхий ээж байна.