Их дөрвөл

Mongolian Economy
2023-10-12 16:52:29
Ангилал: Дэлхий 2023 онд

Америкийн ирээдүйг ойлгохын тулд дөрвөн мега мужийг анзаар

Вашингтонд юу болж байгааг улс төрийн хорхойтнууд их ажигладаг. Гэхдээ Америк хааш чиглэж байгааг ойлгохыг хүсвэл мужууд, ялангуяа Калифорни, Флорида, Нью-йорк, Техасыг анхаарах ёстой. Эд бол америкчуудын гуравны нэг амьдардаг, ДНБ-ий гуравны нэгийг бүтээдэг мужууд юм. Зөвхөн хэмжээнээс шалтгаалж нөлөө нь их биш. Мега-мужууд нь эрс бодлогыг түүчээлдэг, энэ нь бусад муж, Вашингтонд халдварлах магадлалтай байдаг. Үзэл суртлын дагуу хуваагдсан мега-мужууд нь АНУ хаашаа замнах талаар ялгаатай алсын хараатай байдаг тул Америк улам хуваагдаж байна гэсэн үзлийн илэрхийлэл болсоор ирлээ.

Төлөвлөлт ёсоор бол мужууд өөрийн гэсэн туршилт явуулж, Дээд шүүхийн шүүгч асан Луис Брандейсийн хэлснээр “ардчиллын лаборатори”-ийн үүрэг гүйцэтгэх ёстой юм. Калифорни, Ньюйорк муж өндөр татвар, хатуу дүрэм журам, өгөөмөр нийгмийн халамжийн систем бүхий ижилхэн загвартай. Харин Флорида, Техас бага татвар, эрхзүйн сул орчинтой.

Калифорни, Нью-йоркийг Ардчилсан нам, Флорида, Техасийг Бүгд найрамдах нам удирддаг. Дөрвүүлээ “трифекта” буюу улс төрийн нэг нам мужийн хууль тогтоох хоёр танхим, амбан захирагчийн албыг хянадаг. Өдгөө 37 “трифекта” муж байгаа нь 1992 оныхоос гурав дахин өссөн дүн юм. Энэ нь сонгогчдын хүсэл зоригийг тусгаагүй, зөвхөн намын дэмжигчдэд зориулсан туршилтыг мужууд хийж байгааг тайлбарлана. Жишээлбэл, ихэнх техасчууд эсэргүүцсэн боловч хүчин, цус ойртолтын шалтгаантай эсэхийг үл харгалзан үр хөндөлтийг бүрмөсөн хориглов.

Мега-мужууд нь ялгаатай туйл руу хэлбийж, бодлого нь өөр хооорондоо шууд тэрсэлдэхээр байна. Жишээлбэл, Калифорни, Нью-йорк ногоон эрчим хүчний маш сайн бодлоготой, Калифорни бензинээр ажилладаг машины борлуулалтыг 2035 оноос хориглоно. Харин Техас газрын тос, байгалийн хийн бизнесийг сайн дэмждэггүй санхүүгийн фирмүүдийг торгосон бол Флорида байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд тулгуурласан хөрөнгө оруулалтын шийдвэрийг хойшлуулав.

Мегамужуудын хооронд олон асуудлаар зөрчил үүсэж магадгүй

Мега-мужуудад гурван зүйлийг ажиглах ёстой. Нэгдүгээрт, хүмүүсийг дага. Калифорни, Нью-йорк зэрэг өндөр татвартай мужаас орлогын татваргүй Флорида, Техас руу хүмүүс нүүнэ. Хүн амын өсөлт нь эдийн засгийн хөдөлгүүр болж, Вашингтоны Колумб дүүрэг дэх улс төрийн хүчийг шийдэх учраас хүмүүсийн төлөөх өрсөлдөөнд ялах эсэх нь тухайн мужийн ирээдүйг шийднэ. 2020 оны хүн амын тооллогын дараа Калифорни, Нью-йорк тус бүр конгрессийн суудал алдсан бол Техас хоёр, Флорида нэг суудал нэмж авсан.

Хоёрдугаарт, бодлогын асуудлуудад анхаарлаа хандуул. Калифорни, Нью-йорк өөрсдийгөө Ардчилсан намын хэлэлцэх асуудлын зам заагч гэрэл гэж үздэг. Үр хөндөлт, уур амьсгалын өөрчлөлт, бичиг баримтгүй цагаачдын давуу тал зэрэг асуудлыг анхлан гаргаж ирсэн эдгээр муж 2023 онд байгаль орчин, нийгмийн халамж, хөдөлмөрийн хуулийн талаар шинэ санаа гаргаж магадгүй. Флорида, Техас өөрсдийгөө Бүгд найрамдах намын шинэ бодлогыг анхлан гаргагчид гэж тооцдог агаад нийгмийн асуудал, сонгуультай холбоотой хагаралдуулагч шинэ хуулиудыг санаачилж мэднэ.

Гурав дахь зүйл бол мега-мужуудын хоорондох сөргөлдөөн юм. Флорида, Техас муж шинээр ирсэн цагаачдыг Ардчилсан нам удирддаг хотууд руу нүүлгэсэн нь нэг жишээ юм. Цагаачид, үр хөндөлт гээд тулаан болох фронт олон бий. 2023 онд мега-мужуудын амбан захирагч, ерөнхий прокуроруудын хооронд олон тулаан болох хүлээлт бий.

Ийм зөрчил Калифорнийн захирагч Гэвин Ньюсом, Флоридагийн Рон ДеСантисийн хооронд хамгийн ил тод болно. Хоёул Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой тул муж улсаа ашиглаж “Америкийн иргэдэд юу хийж чадахаа бэлгэдлийн байдлаар харуулах”-ыг хичээнэ гэж Claremont McKenna College-ийн Кен Миллер хэлэв. 2024 онд улс орныхоо өнгө төрхийг сонгогч нар Алтан муж болон Нар гийсэн мужийн аль нэгээс сонгох шаардлагатай болж магадгүй.

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy