“Их цэвэрлэгээ”

Монголын Топ 20 дэлхийн хамгийн өсөлттэй индексээр шалгарсан билээ. Гэвч баярлахад эрт байна. “Хүмүүс ямар ч мэдээлэлгүйгээр хувьцаа авч байна шүү дээ” хэмээн Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат Монголын эдийн засгийн форумын үеэр анхааруулсан юм.

Үнэхээр Монголын компаниудын хувьцааг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид нүдээ аньж байгаад мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Дараа нь юу болохыг тэнгэр л мэднэ. Яагаад гэвэл манай компаниудын ихэнх нь ил тод байдал гэдгийг ор тас мартсан. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 компаниас 33 нь л 2010 оны санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол ердөө 19 нь ногдол ашиг тараажээ.

Та дэлгүүрт ортол хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар орц найрлагатай нь мэдэгдэхгүй бялуу зарж байвал тэрийг авч иднэ гэсэн бодол орж ирэхгүй нь лавтай биз ээ. Гэтэл Монголын хувьцаат компаниудын ихэнх нь яг л ийм бүтээгдэхүүн санал болгож байна шүү дээ. Санхүүгийн тайлангаа гаргахгүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа товлохгүй, ногдол ашгаа тараахгүй байх нь энүүхэнд. Бүр хаана байршиж байгаа нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй “сайхан гар”-ууд Монголын хөрөнгийн биржээр дүүрэн хөглөрч байна. Ийм байхад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална гэдэг бүтэхгүй даваа. Тиймээс Монголын хөрөнгийн биржид “цэвэрлэгээ” хийж, хувьцаат компаниудыг шинээр бүртгэх саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаад байгаа юм. Ингэж байж л хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдэхийг олон мэргэжилтэн сануулж буй.

Ингэхэд компанийн засаглал ямар хэрэгтэй юм бэ? “Компаниуд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байж л хөрөнгө татаж чадна. Харин энэ нөхцөлийг компанийн засаглал бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг гэх үү дээ. Угаасаа мэдээллийн ил тод бөгөөд бодитой байдал нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд маш чухал. Хөрөнгө оруулагчид мэдээллээр л тэжээгдэж байдаг юм. Үүнд л компанийн засаглалын ач холбогдол оршино” хэмээн Ж.Үнэнбат тайлбарлав. Өөрөөр хэлбэл, компанийн засаглалын тулгын гурван чулуу нь шударга, хариуцлагатай, ил тод байдал ажээ.
1990-ээд оноос дэлхий даяар тархаж эхэлсэн компанийн засаглал гэх ойлголт Монголд орж ирээд удаагүй байна. Тодруулбал, 2007 оны сүүлчээр Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар “Компанийн засаглалын кодекс”-ыг баталсан байдаг. Харин хэрэгжилтийн тал дээр хэлэхэд ч ичмээр дүр зураг ажиглагдах аж. Саяхан Засгийн газар Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Гэхдээ энэ ойлголтыг Монголд нутагшуулахын тулд төр өөрөөсөө эхэлж “цэвэрлэгээ” хийх хэрэгтэйг учир мэдэх хүмүүс анхааруулж буй. “Компанийн засаглал нь зөвхөн хувьцаат компани гэлтгүй банк, олон нийтийн болон төрийн байгууллага гээд бүгдэд хамаатай” хэмээн Ж.Үнэнбат онцолж байна.

Гэтэл өнөөдөр төрийн өмчит компаниудын хэд нь ашигтай ажиллаж байна вэ? Тэдний ТУЗ-ийг хэн ямар шалгуураар томилдог билээ? ТУЗ ямар нэгэн хариуцлага хүлээж чадаж байна уу? гэх мэт асуулт шил шилээ даган хөврөх нь лавтай. “ТЭЦ IV” компанийн захирал Б.Цэвээн “ТУЗ-ийн гишүүд хурал дээр ирдэггүй. Ирлээ ч бүтээлчээр ханддаггүй. Гэтэл ажлаа үнэлүүлмээр байна шүү дээ. Буруу ажиллаж байвал зэмлүүлмээр байна” хэмээн Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Компанийн засаглал” сэдэвт салбар хуралдааны үеэр тэмдэглэв.

Өнөөгийн төрийн өмчит компаниудад бэлгэдэл төдий ТУЗ ажиллаж, хариуцлага хүлээх ямар ч чадваргүй байгааг Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх Д.Байлыхүү хүлээн зөвшөөрч, “Компанийн эзэн төр байсан ч ТУЗ нь буюу менежмент нь хувьчлагдсан байх ёстой” хэмээн тун ч оновчтой хэлсэн юм. Харин “Монгол” дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг “Бид төрийн өмчит компанийн удирдлагын томилгоонд анхаарах хэрэгтэй. ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь л төрийнх, бусад нь хараат бус захирлуудын зөвлөлөөс томилогдох ёстой” гэсэн санал гаргасан билээ.

“Цэвэрлэгээ”-г яагаад төр өөрөөсөө эхлэх хэрэгтэйг гэрчлэх баримт үүгээр зогсохгүй ээ. Учир нь Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй 2.7 орчим тэрбум ширхэг хувьцааны 1.8 гаруй тэрбум ширхэг нь төрийн өмчит хувьцаат компаниудад харьяалагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. “Төрийн өмчит компаниудад ямар ч засаглал алга. Тиймээс бид Монголын хөрөнгийн биржид бүртгэлийн шалгуураа өндөрсгөж, түүнийг хангаж чадахгүй байгаа компаниудын арилжааг зогсоох үүрэг өгсөн” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэмдэглэв.

1991 оноос төрийн өмчит 520 компанийг ямар ч шалгуургүйгээр бүртгэснээс эдүгээ 320 нь үлдээд буй аж. Бусад нь дампуурч, татан буугдсан хэрэг л дээ. Эдгээр 320 компанийн 22 нь 100 хувь төрийн өмчит хэвээрээ, 29 нь төрийн өмчийн оролцоотой байгаа юм. Үлдсэн нь иргэдийн өмчид шилжсэн боловч цөөн тооны хүний гарт оржээ. “Одоо Монголд байгаа компаниудын ихэнх нь төрийн өмчит, эсвэл гэр бүлийнх болчихоод байна. Ийм байхад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална гэдэг хамгийн чухал” хэмээн “Монгол 999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн ажлын албаны дарга Б.Аюуш онцолсон юм.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон Азийн хөгжлийн банкныхантай хамтарч “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт судалгааг 2009 оны сүүлчээр хийсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй нийт хувьцааны 93.7 хувь нь нэгдмэл сонирхол бүхий цөөн хүний гарт төвлөрснийг олж тогтоосон байдаг. Ийнхүү манай хөрөнгийн зах зээлийг эзэгнэж буй төрийн өмчит болоод “гэр бүлийн” компаниуд хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ёстой “NO шүү дээ” гэж байна. ТУЗ-ийн шийдвэрт жижиг хувьцаа эзэмшигчид нөлөөлөх боломжгүй хэмээн дээрх судалгаанд оролцогчдын 94 хувь нь үзжээ.

“336 хувьцаат компанийн 86 хувь буюу 288 нь сүүлийн хоёр жил дараалан үнэт цаасны бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй. Эдгээрээс 72 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг зогсоолгох, цаашид бүртгэлээс хасуулах саналыг ойрын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхээр болоод байна” хэмээн Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдэгдсэн байх аж.

2008 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хуулиар хүлээсэн үүргээ гурваас дээш жил биелүүлээгүй 166 хувьцаат компанийн арилжааг зогсоосон удаатай. Гэтэл эдгээрээс найм нь арилжаагаа сэргээж, гурав нь татан буугджээ. Харин 22 хувьцаат компани нь хэлбэрээ өөрчилж, ХХК болсон байна. Үлдсэн 133 компанийг одоо хүртэл шалгаж байгааг албаны хүмүүс дуулгав. Ингээд 50-ийг нь цагдаад шилжүүлэхээс аргагүй байдалд хүрсэн бол бусдыг нь цагдаад шилжүүлье ч гэсэн материал нь бүрдэхгүй зовоож байгаа гэх. Учир нь зарим “нүүдэлчин” компанийн хаяг байршил нь хүртэл тодорхойгүй, орон нутгаар явж хайсан ч олдохгүй байгаа ажээ.

“Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй компаниудад албан бичиг илгээхэд үл тоомсорлон, хариу өгдөггүй. Ногдуулсан торгуулийг ч төлдөггүй. Яагаад гэвэл манай хувьцаат компаниудын ихэнх нь бодит байдал дээр үйл ажиллагаа явуулахгүй байна. Тиймээс шинэчилсэн бүртгэлийг зайлшгүй хийх хэрэгтэй” хэмээн Д.Баярсайхан учирлав.

Монголд хөрөнгийн зах зээл үүссэнээс хойш ердөө 16 компани л IPO хийжээ. Яагаад манай томоохон компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохдоо хойрго байна вэ? Зүгээр л монголчуудын хөрөнгийн зах зээлд итгэх итгэл “О” заачихжээ. Шударга, хариуцлагатай, ил тод байдал гэдгийг уландаа гишгэсэн компаниуд өнөөдөр Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж буй юм хойно арга ч үгүй биз. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ямар нэгэн бодлого, зохицуулалт үнэхээр үгүйлэгдэж байна шүү дээ.

“Хөрөнгийн зах зээлийн механизмыг ажиллуулдаг тос нь мэдээлэл бөгөөд бусад оронд түүний техникийн стандартыг тогтоочихсон, зөвхөн тэр стандартаар мэдээлэл тардаг юм. Энэ мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгадаг систем бас байдаг. Манайд энэ стандартыг тогтоохгүй бол та бидэнд хэн ч итгэж мөнгөө өгөхгүй” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан “Хөрөнгийн итгэл” нийтлэлдээ онцолсон байдаг. Харин мэдээллийн ил тод байдал нь компанийн засаглалын амин чухал бүрэлдэхүүн билээ.

“Засаглалыг сайжруулна гэдэг гурван сарын ажил биш. Дор хаяж нэг жил шаардлагатай. Эдүгээ мөнгөний дотогшлох урсгал байгаа дээр нь компаниуд бэлтгэлээ хангах хэрэгтэй байна. Засаглал гэдэг хөрөнгө төвлөрүүлэхэд л чухал шүү дээ” хэмээн Б.Аюуш сануулав.
Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж ихээр нэмэгдэж байгаагийн зэрэгцээ үндэсний компаниуд ч мөнгөжиж, төсвийн орлого ч өсөх хандлагатай. Манай орны эдийн засаг энэ жил 10 хувиар томорч, цаашдаа ч өсөлтийн хурд саарахгүй байх төлөвтэй. Энэ бүхнээс аж ахуйн нэгжүүд “халбаганыхаа хэрээр хутгах уу, шанаганыхаа хэрээр самрах уу?” гэдэг чухам өөрсдөөс нь шалтгаалах буй за. Товчхондоо, компаниудын удирдлага сайн ажиллаж байж л хөрөнгөжиж чадах билээ.

“Компанийн засаглалын ач холбогдлыг монголчууд сүүлд нь ойлгодог юм болов уу. Энэ нь ямар чухал, ач холбогдолтой болохыг ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн MCS группийн ерөнхий захирал Ж.Оджаргал хэлсэн юм. Ер нь компанийн засаглалыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ? “Гол урамшуулал нь хөрөнгийн зах зээлээс илүү их хөрөнгө босгоход л оршино шүү дээ” хэмээн Ж.Үнэнбат учирлав. Үүнээс сайн засаглалтай байх нь тухайн компанийн үйл ажиллагаанд л хэрэгтэй гэсэн хялбар тодорхойлолт урган гарч байгаа юм. Тэгвэл яагаад Монголын аж ахуйн нэгжүүд Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэхгүй байна вэ?

“Мэдээж хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналт чухал. Гэхдээ тэр хуулийг хэрэгжүүлэх хүмүүсийн чадавх буюу захирлуудын мэргэжлийн мэдлэг, чадвар бүр чухал юм. Компанийн засаглалын ач холбогдол, үр өгөөжийг мэдэхгүй захирлууд хэчнээн сайн кодекс байлаа ч дагаж мөрдөх нь юу л бол” хэмээн Олон улсын компанийн засаглалын форумын тэргүүн Филипп Армстронг тэмдэглээд “Тиймээс захирлуудыг яаж ийгээд сургах хэрэгтэй. Засаглалын тухай сайн сурталчилах ёстой” гэсэн юм. “Манай өмчийн эзэд компанийн засаглалын талаар ямар ч ойлголтгүй байна” хэмээн Д.Баярсайхан анхааруулсан бол сургалт, сурталчилгааны ажилд анхаарал тавих шаардлагатайг Ж.Үнэнбат хүлээн зөвшөөрөв. “Хатуу шаардлага тавихаас эхлээд компаниудын рейтингийг тогтоож урамшуулах гээд компанийн засаглалыг сайжруулах олон механизм байдгийг Филипп Армстронг мөн тайлбарлалаа.

АНУ компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн тогтолцооны хэрэгжилтээрээ дэлхийд тэргүүлэгч билээ. Тэгвэл тус улс арга хэмжээ авсан зөрчлүүд болон оноосон торгуулийн хэмжээгэрээ бусад орноос хол түрүүлж байгааг сануулах нь зүйтэй болов уу. Гэтэл манайд зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага оноох нь тодорхойгүй. Ямар сайндаа л Санхүүгийн зохицуулах хорооныхон хувьцаат компаниудаа орон нутгаар хайж явах вэ дээ. Тэгээд ч олдоогүй аж ахуйн нэгжүүдийг бүртгэлээс эргэлт буцалтгүйгээр хасчих эрх энэ байгууллагад алга.

Өнөөдөр бид үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгааг шинжээчид тэмдэглэж буй. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг эрчимжих нь нэгэнт тодорхой болсон ийм үед хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх тал дээр төр, засаг анхаарч эхлээд байна. Гэхдээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 86 хувь нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа өнөө үед бид хөгжлийн тухай мянга ярилаа ч ямар нэгэн үр дүн гарна гэж үү? Энэ нь төмс тарьчихаад алим ургахыг хүлээж суухтай адил бус уу? Дээрх бүх асуудлыг цэгцэлж, “их цэвэрлэгээ” хийж байж гэмээнэ компанийн засаглалын үрийг тарих үржил шимтэй хөрс бий болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.