Кавказад зорчсон тэмдэглэл

Сэтгүүлч Г. Даваадорж

Зоогийн газарт хооллосны дараа ядаж нэг хундага Гүржийн дарс амтлахгүй гардаг зочин ховор. Гүржүүд “Дарс бол хүний найз” гэж хэлдэг бол хэдэн хундаганы дараа дарс “Хүний хамгийн сайн найз” болж хувирна.

Дарсанд хайртай ард түмэн

Томилолтын дөрөвхөн хоногт би энэ улсыг хэчнээн нууцлаг, хүний сэтгэл татсан орон болохыг мэдэрсэн юм. Хэдийгээр муу хүн идсэнээ гэдэг ч гүрж үндэстний амтат хоол, ундаа, зочломтгой зангийн талаар бичихгүй бол алдас болно. Орон орноос ирсэн бидний хэдэн сэтгүүлч Тбилис хотын харьцангуй үнэтэй хэсэг болох жуулчдын дүүрэгт буудаллав. Онгоцны буудал дахь сунжирсан хүлээлт, гурван цагийн нислэгийн дараа багагүй өлсжээ. Зочид буудлын өрөөндөө ормогц цүнхээ шидчихээд ойролцоох хоолны газрыг зүглэв. Гүржийн хачапури маш амттай гэсэн орос найзуудынхаа яриаг санаад шууд захиалав. Энэ нь нэгэн төрлийн бяслагтай бин гэж тодорхойлж болох бөгөөд амт нь ёстой л “аманд ороод жаргаана”. Мөн гүржүүд баяр ёслолын үеэр шорлог хийж идэх дуртай. 2017 оны аравдугаар сарын 7-8-нд Тбилис хотын өдрийг тэмдэглэхэд шорлогны утаа Тбилисийн тэнгэрийг битүү бүрхсэн гэх.

Зоогийн газарт хооллосны дараа ядаж нэг хундага Гүржийн дарс амтлахгүй гардаг зочин ховор. Гүржүүд “Дарс бол хүний найз” гэж хэлдэг бол хэдэн хундаганы дараа дарс “Хүний хамгийн сайн найз” болж хувирна. Харин нэг лонхны дараа хэлсэн бүхэн алдагдсан нууц байх аюултай. Бидний буудалласан газрын ойролцоох нэгэн рестораны гадна “Дарс бид хоёрын алинд нь илүү хайртай вэ гэж асуувал би дарс гэж хариулна. Чи гомдоод гараад явна. Гэхдээ дарсанд явахгүй нь харамсалтай” гэж бичсэн байв. Гүржид ирсэн жуулчдын нэг чухал зорилго нь жинхэнэ гүрж дарсыг нутагтаа очоод гэр бүл, найз нөхдөдөө бэлэглэх.
Тбилис хот том уулсын дунд хавчигдан байрласан учир гудамжууд нь нарийн, зам нь эгц, эргэлт, нугачаа ихтэй. Ресторан, шөнийн цэнгээний газрууд нь орон сууцтай хаяа нийлүүлэн оршино. Тэр дундаа энгэрт барьсан, хуучны хийцтэй модон байшингийн оршин суугчид үдшийн сэрүүнд үргэлжсэн урт тагтан дээрээ цай шимэн, түм түжигнэсэн шуугиант дүүргийн амьдралыг тольдон суух дуртай. Шөнийн цэнгээний газруудын үйлчлэгч гаднаа зочдоо урин зогсоно. Учир нь ирсэн зочид голдуу гадаа буйдан дээр тухалж дарс шимэх дуртай. Сэрүүн байвал тэдэнд дулаан нөмрөг өгнө. Тбилисээс буцахын өмнөх орой хийх ажил багасч шөнийн хотоор хэсэг зугаалахад энэ дүүрэг тэр чигтээ дарсандаа халамцсан мэт сэтгэгдэл төрж байв.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь дарс, хоол, элдвийн амттаны үнэр хангинаж, жааз хөгжим эгшиглэсэн шуугиант гудмаас хажуу тийш аравхан алхахад хоёр, гурван зуун жилийн настай, бараг орой нь нийлэх дөхтөл хуучирч яайжийсан модон байшингуудтай чив чимээгүй гудамжинд хөл тавина. Энд хаа нэгтээ муур, нохой гүйж үзэгдэх. Цонхны цаана настай хүмүүс ямар нэгэн зүйл хийж, гэрийн гадаа угаасан цагаан хэрэглэл намирна. Зарим байшинг “мөргөлдүүлэхгүйн” тулд хооронд нь өндөр төмөр каркас босгон тулжээ. Тбилис хотын захиргаа аялал жуулчлалд багагүй хөрөнгө хаяж байгаа бөгөөд эдгээр байшинг удахгүй засна гэж оршин суугчид ярилаа.
Онгоцны буудлаас эхлээд гунигтайн зэрэгцээ хачирхалтай санагдсан дүр төрх нь гуйлгачид. Тэдний ихэнх нь цыган охид. Онгоцны буудлаас гарахад нэгэн цыган охин таксины жолоочоос мөнгө гуйж, өгөхгүй болохоор хаалга алдлан зогсож шууд нэхэв. Жолооч нэг лари (гүржийн мөнгөн тэмдэгт, нэг лари 2.6 ам.доллартай тэнцэнэ) өгсөн ч хөдөлсөнгүй, бидэнтэй хамт ирсэн орос сэтгүүлчийн уруулын будгийг шаардав. Таксины жолооч чирч холдуулахад хүрсэн юм. Хоолны газар сууж байхад цыган гуйлгачид үзэгдвэл тэнд суугаа хүмүүс тэрхэн зуур цүнх, түрийвч сэлтээ нууна. Хоолны газрын эзэд мөн л хашхиран хөөж тууна. Зарим гуйлгачинг бараг дээрэмчин гэж хэлж болохоор. Нэг хэсэг нь мөнгө гуйн араас дагаж явахад нөгөө хэсэг нь “Хөөе чамд мөнгө байна, өг” гэж шаардан халаас руу гараа ойртуулна.
Тбилисийн замын хөдөлгөөн Улаанбаатарынхтай төстэй. Жолооч нар хүссэнээрээ явж, явган хүнд барагтай л зам тавьж өгөхгүй. Нарийн замтай учир түгжрэл амархан үүснэ. Уулзвар дээр жолооч нар чих дөжиртөл сигнал дарах агаад хөмсөг, сахал болсон ууртай ширүүн нүүр, хэн нэгнийг занасан үсэрхэг гар машины цонхоор цухуйхыг олонтаа харав.
Замын хөдөлгөөн, хаа сайгүй таарах гуйлгачдыг эс тооцвол Тбилисийн гудамжаар эцэс төгсгөлгүй зугаалж болмоор. Энд тэндгүй усан оргилуур таарах бөгөөд "дуулдаг", гэрэлтдэг, уснаас нь ууж болдог гээд олон янз. Мөн эртний түүхийн баялаг дурсгалтай. Шөнө болоход энэ бүхэн өөр өөрийн өнгө, гэрлийг гайхуулна.
3.7 сая хүн амтай Гүрж улс 2016 онд долоон сая жуулчин хүлээж авчээ.
Гүржийн ард түмэн дарс, хоолноос гадна зочломтгой зангаар зочдоо харамгүй дайлдаг аж. Зэргэлдээ хоёр рестораны нэгэнд нь ороход нөгөө нь дараагийн удаа манайд заавал ирээрэй, та бүхнийг үүгээр, түүгээр дайлъя хэмээн урина. Ингэж уригдсан хүмүүс буцаад очиход ирсэнд нь баярлаж тэвэрч үнсэнэ. Чухамдаа гүржүүдийн зочломтгой зан л жуулчдыг тэгж их татдаг болов уу. Гүржийн эртний нийслэл Мцхет рүү биднийг дагуулан явсан хөтөч Теймураз “Бид 2017 он гарснаас хойш долоон сая жуулчин хүлээн авлаа” гэж хэлсэн нь итгэмгүй . Учир нь энэ бол Гүржийн хүн амын тооноос бараг хоёр дахин их юм.


Ерөнхийлөгчдөд халтай
Гүрж бол хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд дотроос Ерөнхийлөгчдөө хамгийн их сольсон, Үндсэн хуульдаа олон өөрчлөлт оруулсан улс. Орос, зүүн Европ, дундад Азийн орнуудаас ирсэн бидний хэдэн сэтгүүлчдийн хувьд томилолтынхоо хугацаанд орчин үеийн Гүржийн улс төрийн үйл явдлын амьд гэрч болсон хүмүүстэй уулзаж ярилцлага авах боломж олдсон юм. Түүнчлэн зочид буудлаас холгүй орших хуучин парламентын ордны өмнө энгийн иргэдээс сэтгэгдэл авсан маань тохиолдлын сонголт биш байлаа. Учир нь 1991-2013 оны хооронд Гүржийн гурван Ерөнхийлөгч энэ ордонд ажиллаж байсан бөгөөд гурвуулаа хөөгдөн гарчээ.
Гүрж бол хуучин социалист орнуудаас хамгийн олон удаа Ерөнхийлөгчөө, парламентаа сольсон улс юм.
Анхны Ерөнхийлөгч нь Зөвлөлтийн үеийн зохиолч, хүний эрхийг хамгаалагч, үндсэрхэг үзэлтэй нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Звиад Гамсахурдия (1939-1993). Парламенттайгаа зөрчилдсөн тэрбээр ердөө найман сар алба хашсан бөгөөд тойрон хүрээлэгчдийн хамт ордноос төдийгүй улс орноосоо зугтан гарахад хүрчээ. Жилийн дараа Гүржид эргэн ирсэн ч шинээр бүрэлдсэн Засгийн газрыг сөрөх хүчин мөхөстжээ. Тэрбээр улс орноо тусгаар тогтнолд хүргэсэн ч ардчиллыг эхлүүлээгүй юм.
Хэдийгээр тэр өндөр боловсролтой хүн байсан ч гүржүүд түүнийг иргэний дайн эхлүүлсэн, Өмнөд Осетийн эсрэг хүч хэрэглэж Оростой харилцааг муутгасан гэж буруутгадаг. Гүржийн улс төр судлаач Звиад Коризегийн ярьснаар Гамсахурдия “Эхлээд тусгаар тогтнол, дараа нь ардчилал” гэж ярьдаг байж. Ийм байдлаар Гүржийн Ерөнхийлөгч нар ардчиллыг үргэлж хойш тавьж иржээ. Тухайлбал, Шеварназе “Эхлээд тогтвортой байдал, дараа нь ардчилал” гэдэг байсан бол Саакашвили “Эхлээд газар нутгийн бүрэн бүтэн байдал, дараа нь ардчилал” гэсэн бодлоготой байлаа. “Чухам энэ нь тэдний хамгийн гол алдаа байсан” гэж судлаач Звиад Коридзе дүгнэсэн юм. Тэд бүгд “Ардчилал сайхан гэдэг нь үнэн, гэхдээ цаг нь болоогүй” гэж үзжээ.
Авлигын загалмайлсан эцэг
Камсахурдиягийн дараа Засгийн эрхийг бараг 11 жил барьсан хүн бол Эдуард Шевардназе юм. Тэр Оросын талыг баримталдаг байсан бөгөөд Горбачевын ойрын хүн байв. Анх тэр “Улс орон дахь сөрөг үзэгдлүүдтэй”, өөрөөр хэлбэл авлигатай тэмцэхэд уриалан гарч ирсэн ч эцэстээ 2003 онд тэр чигтээ авлигад идэгдсэн систем үлдээгээд буужээ. Түүнийг гүржүүдийн хамгийн дургүй Ерөнхийлөгч гэж үздэг. Бид гудамжинд явж байсан хүмүүсээс Шевардназе улс оронд юу үлдээсэн тухай асуухад бүгд сөрөг хариулт өгч байв. Ялангуяа ахмад үеийнхэн 1990-ээд онд хотууд бүхэлдээ цахилгаан, хийгүйгээр олон хонож, иргэд цалин, тэтгэврээ авч чадалгүй олон сар дамждаг байсныг тод санаж байв. Түүний эргэн тойронд төрийн алба бүхлээрээ идэж, ууж, хулгайлж, дээрэмдэж байхад тэр юу ч хийгээгүй. Мөн Абхазийг Гүржид буцаан нэгтгэж чадаагүй, мафийн бүлэглэлүүдийг өөгшүүлсэн гэж түүнийг шүүмжилдэг.
Камсахурдия, Шевардназе, Саакашвили гэсэн Гүржийн гурван Ерөнхийлөгчийн төрийн зөвлөхөөр ажиллаж байсан профессор Сосо Цинцазе 1990-ээд оны сүүл үеийн Гүржийн авлигажсан нийгмийн талаар хуучлахдаа “Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан намайг хүртэл замын цагдаа зогсоогоод мөнгө нэхдэг байлаа. Би өгдөг байсан. Манай гэр бүлийнхэн гурван удаа машинаа хулгайд алдсан. Тэр болгонд хэн нэгэн залгаж “Таны машин танд хэрэгтэй юу” гэж асууна. Бид гурван удаа хахууль өгч, журмын хашаанаас машинаа авсан. Дотоод хэргийн сайд нь хүртэл зурагтаар ярихдаа 12-хон ларигийн цалинтай замын цагдаа нар хахууль авч байгааг би зогсоож чадахгүй гэж ярьдаг тийм л орон байлаа" хэмээн дурссан юм.
Гүржид 2000-аад оны эхээр унтахынхаа өмнө машиныхаа толийг авч нуухгүй бол шөнө хулгайд алдах тохиолдол олон байв.

Эцэстээ авлига, ядуурал, ажилгүйдэл, дээр нь парламентын сонгуулийн дүнг хуурамчаар гаргасан зэрэг нь Гүржид “Сарнайн хувьсгал” гарахад хүргэж Саакашвилийн толгойлсон “Үндэсний хөдөлгөөн”-ийхөн парламентын ордон руу дайран Шеварназег хөөн гаргажээ. Ийнхүү Гүржийн хоёр дахь Ерөнхийлөгч улс орноо тун хэцүү байдалд үлдээгээд буусан байна.



Зөвлөхийн зөвлөгөө авдаггүй төрийн тэргүүн
Гүржийн Ерөнхийлөгчдөөс хамгийн сонир­холтой дүр нь Саакашвили юм. Гүржүүд түүнийг “Миша” гэнэ. Баруунд хэд хэдэн их сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн тэрбээр улс орноо барууны маягаар хөгжүүлж, НАТО-д элсэхийг хүсэж байв. Ерөнхийлөгч болмогцоо ганц өдрийн дотор замын цагдааг татан буулгаж, ямар ч хахууль авдаггүй, эелдэг эргүүлийн цагдаа нарыг ажиллуулж эхлэхдээ. цалинг нь 12 ларигаас 1000 лари болгож өсгөв. Мөнгө нэхдэггүй цагдаатай болсондоо иргэд эхэндээ итгэхгүй байжээ. Саакашвилийн төрийн үйлчилгээ, боловсролд хийсэн шинэчлэл өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Гүржид авлигын түвшин мэдэгдэхүйц буурчээ. Transparency International байгууллагын үнэлгээгээр тус улс 2002 онд авлигын индексээр 89 дүгээрт жагсаж байсан бол зургаан жилийн дараа 27 байр урагшилжээ.
Саакашвили албан өрөөндөө өдөрт ердөө 10-15 минут суудаг ерөнхийлөгч байв. Тэр маш хөдөлгөөнтэй, нэг суурин дээрээ удаан сууж чаддаггүй байж. Профессор Сосо түүний зөвлөхөөр ажиллаж байсан үеэ дурсахдаа “Ерөнхийлөгчийн өрөө долоон давхарт, миний өрөө таван давхарт. Нарийн бичиг рүү залгаад Миша байгаа эсэхийг асуухад “Одоохон хүрээд ир” гэнэ. Утсаа тавьчихаад өгсөөд очиход гараад явчихсан байна. Өдөрт өрөөндөө дээд тал нь 15 минут суудаг байсан юм” хэмээн ярив.
Гэвч үнэндээ тэр зөвлөхүүдээсээ зөвлөгөө авдаггүй, бүхнийг өөрөө шийддэг байжээ. Жишээ нь, нэгэн удаа Батуми хотод сурагчидтай уулзахад тэд Америкийн нэгэн алдартай дуучныг харахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Саакашвили тэр дор нь утас цохин команд өгч хэд хоногийн дараа өнөөх дуучин нь Гүржид ирсэн байна.
2000-аад оны эхээр олон жилийн завхралаас залхсан ард түмэн хурдацтай хөгжлийг хүсэж байв. Миша нийгмийн сэтгэл зүйг сайн ойлгож байсан тул бүхнийг түргэн хугацаанд амжуулахыг хичээж байлаа. Гэвч яарвал даарна гэдгээр тэр хэд хэдэн ноцтой алдаа гаргажээ.
Төсвийг мөнгөтэй болгохын тулд томоохон бизнес эрхлэгчдийн мөнгийг булааж эхлэв. Харин тэд мөнгөө өмнөх Ерөнхийлөгчийн үед авлигын замаар олж авсан аж. Өөрөөр хэлбэл Саакашвили “дээрэмдсэн мөнгийг дээрэмдэж” байлаа. Эхлээд тэр тухайн бизнесмэнд мөнгөнийхөө 25 хувийг өгөхийг санал болгоно. Татгалзвал тал хувийг нь шаардана. Ахиад татгалзвал бүгдийг нь хурааж авна.
Мишагийн хоёр дахь алдаа нь 2007 онд сөрөг хүчний зохион байгуулсан жагсаалыг хүчээр тараан олон зуун хүнийг бэртээж, сөрөг хүчний олигархын мэдэлд байсан “Имели” телевизийн байрыг тусгайгийнхнаар эзлүүлэв. Гүржийн шоронгуудад улс төрийн гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн тарчлааж буй дүрс бичлэг интернэтэд цацагдсанаар Саакашвилийн нэр хүнд эрс унажээ. Профессор Сосогийн ярьснаар тэр сайн, мууг ялгах мэдрэмж муутай байсан аж. Ийнхүү тэр ардчиллын гол хэмжүүр болсон хүний эрхийг хамгийн их зөрчсөн Ерөнхийлөгч болж түүхэнд үлдсэн юм.

Эцэст нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялагдаад зогсохгүй ялд унах нь тодорхой байсан учир бүрэн эрхийн хугацаагаа дуусаагүй байхад Гүржийг орхин гарчээ. 2014 оноос Гүржийн Прокурорын газар Саакашвилийi эхлээд албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, дараа нь төсвийн мөнгө завшсан, эцэст нь хүн амины хэрэгт буруутгаж Гүржийн иргэншлээс хассан юм.

Саяхныг хүртэл Миша Украйны иргэн байж, Одесс мужийн захирагчаар ажиллаж байсан ч удалгүй Украйны иргэншлээ ч алдав. Ийнхүү Гүржийн гурав дахь Ерөнхийлөгч тодорхой иргэншилгүй нэгэн болж хувирчээ.
Гүржийн мөрөөдөл биелээгүй
Эдүгээ Гүржийн засгийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” нам улс орныг өмнөхөөс сайжруулсан гэж хэлэхэд хэцүү. Цалин нэмэгдэхгүй, хүн амын бараг 30 хувийг эзэлж буй тэтгэврийнхний орлого улам багассаар. Өмнө нь Гүржийн үйлдвэрлэгчид Оросын хамгийн зүүн талын Сахалин хүртэл бараагаа хүргэж чаддаг байсан бол өдгөө Оростой харилцаа муудсан учир Москвад ч бараагаа нийлүүлэхэд хэцүү болжээ.
Өнөөдөр Гүржид хамгийн нөлөөтэй хүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд биш харин Саакашвилийн заналт дайсан, “Гүржийн мөрөөдөл” намын дарга, тэрбумтан Бизина Иванишвили юм. Тэр төрийн аппаратыг ашиглан өөрийн бизнесийг хийж байгаа болохоор олон хүн түүнд саналаа өгсөндөө толгойгоо шааж байгаа хэмээн бидэнтэй уулзсан гүрж иргэд ярьж байлаа. Тухайлбал, 2016 онд Иванишвилийн мэдэлд байдаг банк 800 хувийн ашигтай ажиллажээ.
Улс оронд ахиад л улс төрийн хямрал нүүрлэх магадлал өндөр болсон тухай бидэнтэй уулзсан судлаачид өгүүлж байв. Биднийг Тбилист томилолтоор ажиллах хугацаанд удахгүй болох хотын даргын сонгуультай холбоотой эсэргүүцлийн жагсаал болж байв. Монголд ирсний дараа уг сонгуульд Иванишвилийн гарын хүн, хөлбөмбөгчин Каха Калазе ялсан тухай Оросын хэвлэлүүд бичсэн байлаа.


Mongolian Economy сэтгүүл 2017 оны арваннэгдүгээр сар №134 дугаараас