Ким Чен Уны төрийн эрх авсан явдал нь дэлхийн улсуудын анхаарлын төвд байна

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир арванхоёрдугаар сарын 17-ны бямба гаригт 69 насандаа таалал төгслөө. Барууны орнуудад түүний сэгсийсэн үс, том гэдсийг шоолдог, АНУ-ын экс-ерөнхийлөгч Жорж Буш түүнийг одой хүн хэмээн хочилж байсан удаатай ч түүний үхэл өөрийн улс төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Түүнийг хүндэт-удирдагч хэмээн дууддаг Хойд Солонгосын иргэд уйлан гашуудаж, түүний хөшөөний өмнө цугларч байна.

Тус улсын мэдээллийн агентлагаас түүний үхлийн шалтгааныг галт тэргэнд хэт удаан зорчиж, ядарсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр онгоцонд суух дүргүй байсан тул өөрийн бүрэн хамгаалалттай хувийн галт тэргээр аяладаг байжээ. Түүний бие 2008 онд цус харвасны улмаас нэлээд хүнд байсан бөгөөд сүүлийн үед коньяк, тамхины хэрэглээгээ багасгасан учир бие нь сайжирч байсан хэмээх албаны мэдээлэл байна.
БНАСАУ-ыг 1948 оноос хойш удирдаж буй Ажилчдын намын ерөнхий нарийн бичгийн дарга, Хойд Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны дарга, дэлхийн дөрөв дэх том арми болох Хойд Солонгосын ард түмний армийн ерөнхий командлагч Ким Чен Ир нь 1941 оны хоёрдугаар сард төржээ. Түүний төрсөн өдөр, газрын талаар олон таамаг яриа байдаг. Зөвлөлтийн тэмдэглэлүүдэд түүний аав Ким Ир Сен Зөвлөлтийн 88 дугаар бригадын нэгдүгээр суманг удирдаж байх үед Зөвлөлтийн нутагт төрсөн гэдэг бол өөр эх сурвалжид түүнийг Японы эсрэг босогчдын нууц лагерт төрсөн гэж бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүний эцэг Зөвлөлтийн удирдлага доорх Хойд Солонгосын удирдагч болсон бөгөөд дөрвөн сая гаруй хүний амийг авч одсон, хоёр Солонгосыг тусгаарлаж, дэлхийн зөрчилдөөний халуун цэг болгосон гурван жилийн дайныг өдөөжээ. Хэдийгээр тухайн улсын удирдлага дор нь байсан ЗХУ задарч, дэлхийд социолист нийгэм бутарсан ч Хойд Солонгосын засаглал, Ким Ир Сен хэвээрээ үлдэж, дэлхийн хамгийн тусгаарлагдсан улс хэмээх нэр авчээ.
Харин 1994 оны долдугаар сарын 8-нд түүний эцэг Ким Ир Сен 82 насандаа зүрхний шигдээсээр нас барснаар Ким Чен Ир аавынхаа орыг залгажээ. Хэдий тийм боловч тэрбээр өөрийн байр сууриа бэхжүүлэхэд гурван жил зарцуулж, 1997 онд Ажилчдын намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Засгийн газраас шууд хараатай эдийн засаг нь 1990 оноос эхлэн хүнд байдалд орж байсан боловч тэрбээр “Нэгдүгээрт зэвсэгт хүчин” хэмээх бодлого явуулж, улс орноо төдийгүй өөрийн засаглалыг барьж байв. Энэхүү бодлого нь дотооддоо 1996 оноос эхлэн эерэг нөлөө үзүүлсэн гэх бөгөөд 2002 оноос социолист маягийн зах зээлийн эдийн засаг гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн боловч ард түмэн нь өлсгөлөн, ядуурлаас төдийлэн ангижралгүй өдийг хүрчээ.

Удирдагчийн хувьд Ким Чен Ир цөмийн зэвсгээр ихээхэн хөөцөлдөж 2006 онд анхны удаа, 2009 онд хоёр дахь удаагаа цөмийн зэвсэг туршжээ. Түүний цөмийн зэвсгээр хөөцөлдөх энэхүү бодлого нь олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртдөг бөгөөд түүний үхлийн дараа түүний хүү Ким Чен Унд төрийн эрх шилжиж энэхүү бодлого өөрчлөгдөх эсэх дээр шинжээчид санаа бодлоо илэрхийлж байна. Ким Чен Уны хувьд Ким Чен Ирийн гурав дахь буюу отгон хүү нь юм. Хэдийгээр тэрбээр Хойд Солонгосын цэргийн сургуулийг төгсөхөөсөө өмнө Швейцарт сургууль төгссөн, өргөн мэдлэгтэй, нээлттэй гэх боловч түүний эцэг, өвөөгийнх нь нөлөөлөл байж болзошгүй хэмээн “Time” сэтгүүлийн цахим хуудсанд дурджээ. Ямартай ч Ким Чен Ирийн үхэл, Ким Чен Уны төрийн эрх авсан явдал нь дэлхийн улсуудын анхаарлын төвд байна.