Киприйн банкууд өнөөдөр ажиллана

Киприйн төвбанкаас өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт банкууд онгойсныг мэдэгдлээ. Нийт 10 хоног үүд хаалгаа бариад байсан юм.

Үйлчлүүлэгчдэд өдөрт 300 хүртэлх евро авах хязгаар тогтоосон бөгөөд зорилго нь тухайн үйлчлүүлэгч бүх хадгаламжаа аваад оргон зайлах вий гэдгээс урьдчилан сэргийлж буй хэрэг ажээ.

Үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчдийн дунд хадгаламжаа авч чадахгүйд хүрэх вий гэж болгоомжилсноос үүдэлтэй цуу яриа дэгдэх болсон байна.

Тус улсын банкуудад 100.000 еврогоос дээш хадгаламж бүхий үйлчлүүлэгч хадгаламжийнхаа 40 орчим хувийг алдаж байгаа бөгөөд тухайн банкны хувьцаа хэлбэрээр эзэмших юм байна. Энэ нь Европын холбоо, ОУВС-аас 10 тэрбум еврогийн “bailout” буюу тусламж авахын тулд банкуудын төлбөрийн чадварыг бататгах 5.8 тэрбум евро татан төвлөрүүх зорилготой ажээ.

Харин дээрх үнийн дүнгээс бага хадгаламж эзэмшигчид ямар ч алдагдал хүлээхгүй боловч тодорхой хэмжээний хязгаарлалт дор байх бололтой.

Арлаас гадуур байгаа тохиолдолд хадгаламжаасаа 1000 евро авах эрхтэй. Мөн хилийн чанадад мөнгөн шилжүүлэг хийхийг хориглосон бөгөөд онцгой тохиолдолд л зөвшөөрөх нөхцөлтэй. Тухайлбал, тус улсын иргэн гадаадад байгаа бол сард 5000 хүртлэх евро авах хязгаартай юм байна.

Тус улсад үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдал Грекийн Афины хөрөнгийн биржэд хүртэл нөлөөлж, улмаар тухайн өдрийн хаалтын ханш дөрвөн хувиар буурчээ.