Кластер жижиг, дунд үйлдвэрийг чадавхжуулна

Дармштат хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын кластер хариуцсан менежер Рихард Йордантай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр тус хотын Техникийн Их сургуулийн инженер, электротехникийн ангийг дүүргэсэн. Ажлын гараагаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид эхлүүлжээ. Рихард ХАҮТ-д 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдэд техникийн эрхийн асуудал дээр зөвлөгөө өгдөг аж.

-Танай бүсийн кластерийн дийлэнх аж ахуйн нэгж ЖДҮ байдаг гэж Та ярилаа. Эдгээрийг кластерийн бүтцэд оруулснаар ямар давуу тал гарах вэ?

-Ихэнх ЖДҮ эрхлэгч нийтлэг бэрхшээлтэй тулгардаг. Тэр нь юу вэ гэвэл, тэд цөөн тооны ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд компанийн эзэн нь ихэвчлэн бүх ажилдаа гүйдэг. Гэтэл түүнд төдийлэн цаг зав, чөлөө гардаггүй. Томоохон компаниуд харин судалгаа, харилцаа, холбоо хариуцсан ажилтан юмуу хэлтэстэй байдаг. Иймд ЖДҮ эрхлэгчийн ажлын нэгээхэн хэсгийг ч гэсэн сүлжээ буюу кластерийн мененжер авч, хөнгөлдөг. Жишээ нь хамтрах түнш байгууллага хайх шаардлага гарахад, кластерийн менежерээс компаниудын хаягтай жагсаалтыг авах боломжтой. Иймд, ЖДҮ-ийг чадавхижуулах үүднээс кластерт оруулан хамтран ажиллах нь нэн тэргүүний чухал юм.

-Дармштатын ХАҮТ-аас бүс нутгийн кластерүүдийг дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-ХАҮТ-аас кластеруудад дэд бүтцийн тусламж үзүүлдэг. Аж ахуйн нэгжүүд уулзалт зохион байгуулъя гэхэд хаана хийх вэ, урилгаа яаж тараах вэ, цай кофены асуудлаа яаж шийдэх вэ гээд олон асуудал гарч ирдэг. Үүнийг танхимаас зохион байгуулдаг. Бидний бас нэг үүрэг бол, бизнес эрхлэгчдийг уулзуулж, холбодог тавцан нь болдог. ХАҮТ аль нэг талын сонирхлыг илэрхийлдэггүй, төвийг сахигч байр суурьтай ханддаг. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө л үйл ажиллагаагаа тодорхойлдог. Бид бүсийн хэмжээний нийт бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг таниулан сурталчилж, судалгааны байгууллага, аж үйлдвэрийг хамтран ажиллахад анхаардаг. Түүнчлэн кластерийн боловсон хүчний сургалтын асуудлыг хамтарч шийддэг.

-Бизнес, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэх тал дээр танхимаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Төрөөс судалгаа, шинжилгээнийй ажил гүйцэтгэхэд тодорхой хэмжээний төсөв хуваарилдаг. Болзол нь олон талын оролцоотой байх. Үүний тулд түншлэх нэг том, гурван жижиг аж ахуйн нэгж, нэг судалгааны байгууллага байх ёстой. Зөв түнш байгууллагаа олж хамтрах тийм ч хялбар ажил биш. Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд хувь компаниар оролцсоноос кластераар оролцох нь илүү үр ашигтай байдаг.

-Кластерийн санхүүжилтийг хэрхэн шийддэг бол?

-Аливаа кластерийн уулзалт, арга хэмжээнд мэдээж хэрэг ихээхэн зардал гардаг. Санхүүжилтийн тодорхой хэсгийг ихэвчлэн мужийн Засаг захиргаа, заримдаа Европын холбооноос гаргадаг. Гэхдээ төрөөс тодорхой хугацаанд л санхүүгийн дэмжлэг үзүүүлдэг. Мөн төрөөс кластерийг ХАҮТ-аар дамжуулж дэмждэг. Кластерийн менежерийг цалинжуулах, эсхүл уулзалтын захиргааны зардлыг танхимаас даах хэлбэр байдаг. Төрөөс олгох дэмжлэг дууссан үед кластерт нэгдсэн гишүүн байгууллагууд эдгээр зардлаа өөрсдөө олох шаардлагатай болдог. Компаниуд эхлүүлсэн сүлжээний ажлаа хэр амжилттай болохоо харзнасхийдэг. Ийм тохиолдолд аливаа арга хэмжээг төлбөртэй зохион байгуулж болдог.

-Та автоматжуулалтын кластерт менежерийн албыг хашдаг. Танай кластерт өрсөлдөгч компаниуд байдаг уу? Тэдгээртэй хэрхэн харилцдаг вэ?

-Яг нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компаниуд цөөхөн. Харин мэргэжилтнүүдийг хамтарч ажиллавал илүү үр ашигтай гэдгийг ойлгуулахын тулд ухуулан таниулах ажил хийдэг. Өөрөөр хэлбэл, танайх энэ ажлыг, нөгөө кластер харин үүнийг хийж чаддаг. Та хоёр хамтарч ажиллаваас ийм боломж байна гэж хэлдэг. Учир нь том компаниас дангаараа, ганц нэг компаниудын хийж чадахгүй захиалга орж ирдэг. Ихэнх кластерт жижиг аж ахуйн нэгж байдаг тул, хоорондоо хамтарсны ачаар тэрхүү захиалгыг гүйцэтгэх боломжтой болдог.