​Клейр Куртье-Мюлдэр: Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэн тэргүүнд тавих нь чухал ач холбогдолтой

Хатагтай Клейр Куртье-Мюлдэр бол Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал юм. Тэрбээр 2014 онд ОУХБ-д ажиллаж эхлэхээсээ өмнө Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-нд газрын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр энэ хугацаанд эрх тэгш байдал, нийгмийн хамгаалал, албан бус эдийн засаг, шилжилт хөдөлгөөн, жендэрийн асуудлуудаар ажиллаж байжээ. Хатагтай Мюлдэр ОУХБ-ын өнгөрсөн зуун жилийн түүх, ирээдүйд юу хийхээр тэмүүлж буй талаараа манай сэтгүүлд өгүүлсэн юм.

- ОУХБ гэж чухам ямар байгууллага болох, онцлог талууд нь юу болохыг тайлбарлаж өгөөч?

ОУХБ бол Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн агентлаг юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болж НҮБ байгуулагдсан байдаг. Харин ОУХБ бол түүнээс ч өмнө буюу өнөөгөөс 100 жилийн өмнө үндэс суурь нь тавигдсан байгууллага юм. Тиймээс ОУХБ бол НҮБ-ын салбар байгууллагууд дотроо хамгийн удаан, олон жил ажилласан нь юм. Энэ жил бид 100 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Манай байгууллага гурван талт бүтцээр ажилладаг НҮБ-ын цорын ганц байгууллага бөгөөд засаглах эрх нь зөвхөн засгийн газрын төлөөлөлд бус ажилтан, ажил олгогчийн төлөөллүүдэд нэгэн зэрэг байдаг. Монгол Улсын хувьд эдгээр төлөөлөл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болдог юм.

- Өнөөдөр ОУХБ юунд илүү анхаарлаа хандуулж байна вэ?

Бидний эн тэргүүнд анхаарлаа хандуулж буй зүйл бол ажил хөдөлмөрийн ирээдүй юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирлын зүгээс байгууллагынхаа 100 жилийн ойг ажил хөдөлмөрийн ирээдүйд анхаарлаа хандуулж тэмдэглэхээр шийдсэн байгаа. Тиймээс бид ажил хөдөлмөрийн ирээдүйн талаар өргөн хүрээнд ярилцаж 100 жилийн ойгоо угтлаа. ОУХБ болон бидний хамтран ажилладаг түнш байгууллагууд хөдөлмөрийн зах зээлд гарч буй томоохон өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээж авч байна вэ? Ажил хөдөлмөрийн ертөнц өөрөө байнга өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдлыг үүсгэж байдаг ч энэ удаа бидний өмнө тулгарч буй технологийн дэвшил, цаг уурын өөрчлөлт, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг томоохойн хүчин зүйлсийн улмаас улам бүр хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр, бид энэхүү өөрчлөлтүүдэд дасан зохицож, хариу үйлдэл үзүүлэхийнхээ зэрэгцээ хэрхэн бүх нийтийн зохистой хөдөлмөрийг хангаж чадах вэ гэдэгт асуудлын цөм оршиж байгаа юм. Энэ жилийн хувьд бидний хамгийн том зорилго бол уг асуудлыг дэлхийн хэмжээнд гарган тавьж хэлэлцэх явдал юм. Мэдээж улс бүр өөр өөрийн онцлогтой учраас энэ хурдацтай өөрчлөлтөд ямар хариу үйлдэл үзүүлэх нь бас өөр өөр байх болно.

- ОУХБ саяхан ажил хөдөлмөрийн ирээдүйн талаар дэлхийн тайлан гаргасан. Тайлангаар хөндсөн гол асуудал юу вэ?

Тус тайланг бие даасан олон улсын ажлын хэсэг бичсэн юм. Тайлан одоохондоо ОУХБ-ын бодлого болоогүй байгаа гэдгийг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Ажлын хэсгийг Швед улсын Ерөнхий сайд, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нар хамтран ахалж ажиллалаа. Ажил олгогч, ажилтан, эрдэмтэн, судлаач, социологич гэх мэт олон салбарын төлөөлөл бүхий 20 орчим хүн ажлын хэсэгт орж ажиллав. Илтгэлийн хамгийн гол нь хүн төвтэй хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсан байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа асуудлыг шийдэхдээ хүнийг бүхний өмнө тавих ёстой гэсэн үг. Үндсэндээ, гурван бүлэг зөвлөмж гаргасан. Нэгт, хүндээ хөрөнгө оруулах. Технологи маш хурдацтай хөгжиж, түүнтэй зэрэгцэн мэргэжлийн хэрэгцээ ч бас хурдтай өөрчлөгдөж байна. Үүнд бидний өнөөгийн ур чадвар нийцэхгүй байна. Тийм учраас өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн гол асуудал бол хүмүүсийг өөр мэргэжлээр сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай болоод байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын ажлын хэсгээс өгсөн өөр нэг зөвлөмж бол хүн бүр хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд сургалтад байнга хамрагдаж, хүмүүст насан туршдаа суралцах боломжийг олгох ёстой. Хоёрдугаарт, байгууллагад хөрөнгө оруулах хэрэгтэй. Тайланд бүх нийтийн хөдөлмөрийн баталгаа гаргая гэдэг сонирхолтой санааг дэвшүүлсэн байгаа. Бүх ажиллагсад ямар төрлийн гэрээгээр ажиллаж байгаагаасаа үл хамааран хөдөлмөрийн суурь эрхээр хангагдаж, амьдралын наад захын хэрэгцээг хангасан цалин авч, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд хамгаалагдсан байх юм. Түүнчлэн, ажлын хэсгийн зүгээс төрийн бодлогоор дамжуулан нийгмийн яриа хэлэлцээ, хамтын хэлэлцээрийг бэхжүүлж болох саналыг гаргажээ. Гуравдугаарт, зохистой, тогтвортой ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудтай шууд хамааралтай юм. Аливаа улсын хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд хөдөлмөрийн асуудлыг заавал тусгаж, хөдөлмөр эрхлэлтийг тэргүүлэх зорилтуудынхаа нэгээр тодорхойлох учиртай. Улс орнуудын өнгөрсөн жилүүдийн хөгжлийн загварыг харж байхад эдийн засгийн өсөлт л чухал байснаас биш, хөдөлмөрийн асуудал төдийлөн тэргүүн эгнээнд тавигдаж байгаагүй юм. Эдийн засгийн өсөлт өөрөө хүртээмжтэй байж, зохистой ажлын байрыг бий болгож чадахгүй бол ядуурал, тэгш бус байдал улам өргөжих нэг шалтгаан юм.

- ОУХБ Монгол улстай хамтарч ажиллаад хагас зуун жил болжээ. Энэ хугацаанд хүрсэн ололт амжилтуудаасаа дурдвал?

Монгол Улс 50 жилийн өмнө ОУХБ-ын гишүүнээр элссэн. Социализмын үед ОУХБ, Монгол улсын хамтын ажиллагаа гол төлөв ур чадварын хөгжилд илүүтэй анхаарч байсан бол зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед хөгжлийн шинэ загварыг бий болгоход чиглэсэн техникийн туслалцаа байв. Өнгөрсөн хугацаанд Монгол улс ОУХБ-ын хэд хэдэн конвенцийг соёрхон баталсан бөгөөд тэр дундаа, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр, ялгаварлан гадуурхалт, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай суурь конвенцүүдэд онцгой ач холбогдол өгч соёрхон баталжээ. Түүнчлэн, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ажил олгогчийн байгууллага гэж байгаагүй тул ОУХБ-аас Монголын ажил олгогч эздийн байгууллагыг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм. Бид сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудлаар хамтран ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийг одоо Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж байна. ОУХБ-аас хөдөлмөрийн хууль тогтоомжийг Монгол улсын соёрхон баталсан ОУХБ-ын конвенцүүдийн үзэл санаа, зарчимд нийцүүлэх чиглэлд техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудаар хамтарч ажиллаж байгаа болно.

- ОУХБ-ын 100 жилийн ойд зориулсан долоон санал санаачлага байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь ажил хөдөлмөрийн ирээдүйн санаачлага юм. Эдгээр санаачлагууд Монгол улсад ямар хэмжээнд хэрэгжиж байна вэ?

Нэгдүгээрт, Монгол улсад ажил хөдөлмөрийн ирээдүйн асуудлаар нийгмийн түншүүдтэйгээ хамтран хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд ямар нэг бодлогын шийдэл, шийдвэр гарах байх гэж найдаж байна. Хоёрдугаарт Зууны санаачлагын хүрээнд энэ оны 6 сард ажлын байранд дарамт, хүчирхийллийг хориглох тухай олон улсын шинэ конвенц гарах гэж байгаа. Хэрвээ энэ конвенц батлагдвал, бусад улс орнуудын нэгэн адил, Монгол улсад ч гэсэн ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох, түүнээс урьчилан сэргийлэх хууль эрх зүйг сайжруулах, бодлого гаргах чиглэл болж чадах юм. Ингэснээр олон Монгол хүмүүсийн нөхцөл байдал сайжирна. Гуравдугаарт, Ногоон ажлын байрны санаачлага их чухал байгаа. Энэ санаачлагын хүрээнд хүлэмжийн хийг бууруулахын зэрэгцээ зохистой ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой гэж бодож байна.

- Монгол улсад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын олон асуудал байдаг. Үүний дотроос шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд нь юу вэ? Мөн ОУХБ ямар арга хэмжээ зөвлөж байгаа вэ?

ОУХБ нь гурван талт түншлэлийг дэмждэг. Энэ нь төрийн байгууллагаас гадна ажил олгогч, ажилтны төлөөлөлтэй хамтарч ажиллана гэсэн үг. ОУХБ-аас хамтран ажиллаж байгаа талууддаа зөвлөгөө, тусламжийг үзүүлэхэд мөн л гурван талт бүтцээрээ ажиллах ёстой. Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хувьд бид улс орнуудын туршлагыг хуваалцахаас гадна асуудлыг шийдэх санаа, санаачлагыг дэмждэг.

Нийгмийн хамгаалал бол ОУХБ-ын анхаарлын төвд байдаг нэг чухал сэдэв бөгөөд орлогын баталгаа бүхий нийгмийн хамгааллын суурь тогтолцоог бий болгоход чиглэнэ. Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүний эрх бөгөөд түүнээс хүртэх үр шим нь тухайн улсын хөгжлийн түвшнээс хамааран өөр өөр байж болох ч тухайн хүнд хэвийн амьдрах боломж олгох ёстой. Монгол улсад нийгмийн хамгааллын тэтгэвэр, тэтгэмжийг сайжруулж, ядуурал, тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай. Энэ нь цаашлаад эдийн засгийн зарим үзүүлэлтүүд эерэг болоход ч нөлөөтэй байж болно.

Өөр нэг анхаарах ёстой чухал асуудал бол албан бус эдийн засаг. Байгууллага, хүмүүс хөдөлмөрийн хуулиас гадуур ажиллах нь хэнд ч сайн зүйл авч ирэхгүй: Засгийн газар орлогоо алдана, ажилчид эрхээ эдэлж чадахгүй, байгууллагууд зээл авах болон бизнесээ цааш нь өргөжүүлэхэд шаардлагатай үйлчилгээгээ авч чадахгүй.

Эцэст нь Монгол улс залуу хүн амтай, хүн амын 60 хувь нь 30-аас доош насны залуучууд байна. Монгол улс хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй залуучуудад шинээр ажлын байр бий болгож чадахгүй байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин насанд хүрэгчдийнхээс бараг хоёр дахин өндөр. Маш олон залуус ажил эрхлэхгүй байхын зэрэгцээ сурч боловсрохгүй байна. Залуучуудын энэ их хүчийг авч ашиглахгүй байгаа нь Монгол улсын хувьд хохиролтой. Үүнтэй холбогдуулан ОУХБ-аас Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих сүлжээг байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд сүлжээний зүгээс хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлаар кампанит ажлуудыг зохион байгуулж байна. Энэ мэт санаачлагууд нь тогтвортой гарц, гаргалгаа олох нэг арга зам юм.

- Ажил хөдөлмөрийн ирээдүйн тухай уулзалтын үеэр олон сонирхолтой шинэ санаанууд гарч ирсэн. Хэлэлцүүлгүүдийн үеэр залуусын танилцуулсан санаануудыг ОУХБ хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байгаа юу? Яг аль нь танд илүү сонирхолтой санагдсан бэ?

Миний хувьд монгол залуус ажил хөдөлмөрийн талаар ямар их мэдлэгтэй юм бэ гэдгийг хараад гайхсан. Жишээлбэл, технологийн дэвшил, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан бидний ажил хөдөлмөр ямар их өөрчлөгдөж байгааг сайн ойлгож байлаа. Түүнчлэн, шийдэл олох, хоорондоо санаа бодлоо хуваалцах хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойгоо гаргахыг хичээж байв. Тэдний санаа, санаачлага бидний үйл ажиллагаанд тусгалаа олох болно гэдгийг хэлье.

- 2019 онд ОУХБ-ын 100 жилийн ой тохиож байна. ОУХБ удаах зуун жилдээ юу хийх бол?

Энэ жилийн зургаан сард болох Олон улсын хөдөлмөрийн чуулганаар байгууллагынхаа үйл ажиллагааны дараагийн зуун жилийн хандлагыг тодорхойлох бөгөөд энэ нь Ажил хөдөлмөрийн ирээдүйн санаачлагатай шууд холбоотой. Энэ хэлэлцүүлгийн үр дүн яаж гарахыг одоо хэлэх боломжгүй бөгөөд эцсийн шийдвэрийг ОУХБ-ын гурван талт төлөөлөгчид гаргана. Гэхдээ, улс орнуудын хооронд, улмаар улс дотроо ч тэгш бус байдал улам бүр гүнзгийрч, газар авч байна. Энэ тэгш бус байдлын зарим нь хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбоотой. Улам бүр өргөжиж байгаа албан бус салбарыг яаж хумих вэ, баталгаагүй ажлын байрыг яаж багасгах вэ, туйлын ядуу амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг яаж жаахан ч гэсэн дээшлүүлэх вэ, 2030 оны хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг яаж хэнийг ч үлдээлгүйгээр хэрэгжүүлэх вэ гэх мэт олон асуултууд байна. Эдгээр асуудлуудыг энэ зургаан сард болох Олон улсын хөдөлмөрийн чуулганаар хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг тогтоож өгөх байх гэж бодож байна.

- ОУХБ-д ажиллаж эхлэхээсээ өмнө та Олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад газрын даргаар ажиллаж байсан. Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо зэрэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ОУХБ-ын зорилгод туслахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

МҮЭХ бол ажилчдын дуу хоолой болж байдаг маш чухал байгууллага юм. Ажилчдын дуу хоолой ганц нэгээрээ сул бөгөөд өөрсдийн сонирхол, эрхийг хамгаалж чадахгүй. Харин хамтаараа дуугарвал тэдний дуу чанга байх болно. МҮЭХ саяхан Монгол улсад албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн суурь эрхийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байгаа. Энэ төлөвлөгөө 2021 он хүртэл 3 жилийн турш хэрэгжинэ.

- Хөдөлмөрийн хууль албан бус салбарт ажиллаж буй хүмүүст хамаардаггүй. ОУХБ тэдний эрхийг хамгаалах тал дээр ямар нэг зүйл хийж байгаа юу?

Өмнө нь хэлсэнчлэн бид ХНХЯ, МАОЭНХ, МҮЭХ болон бусад талуудтай хамтран албан бус салбарт ажиллаж буй байгууллага, ажиллагсдын нөхцлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, шийдэл олохыг хичээж байна. ОУХБ нь өөрөө албан бус салбараас албан салбарт шилжих шилжилтийг дэмжиж байсан арвин их туршлагатай. Бид хоёрдугаар сарын сүүлээр уулзаж энэ талаараа ярилцах гэж байна. Өөртэй чинь хоёр, гурван жилийн дараа ярилцвал ямар үр дүнд хүрснээ ярилцах боломжтой болох байх.

- GSP+2 төслийн хаалтын уулзалтын үеэр өөр хэтийн зорилтуудын талаар хэлэлцсэн. Таны бодлоор энэ төсөл Монголд бүрэн биелэлээ олж чадсан уу? GSP+3-аас юуг хүлээх вэ?

Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газар ОУХБ-д олон улсын конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнахад маш их тус дөхөм үзүүлсэн. 2017 онд Хүний эрхийн үндэсний комисс төслийн дэмжлэгтэй явуулсан судалгааны тайлангаараа жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд ажлын байрны эрх, суурь зарчим хэрхэн хэрэгжиж байгаа талаарх ерөнхий зураглалыг харуулсан юм. Түүнчлэн, төслийн зүгээс Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих сүлжээг байгуулахад томоохон дэмжлэг үзүүлэв. Энэ оноос албадан хөдөлмөр, тэр дундаа албадан хөдөлмөрийн шинэ хэлбэр болоод байгаа хөдөлмөр, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хийгдэж байгаа хүний наймааны асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Бид бүгдээрээ хамтарч ажиллаж байж, Монгол улсад төдийгүй, дэлхий даяар хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгаж чадах юм.

- Монгол улс Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилго болох Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Энэ мэдээж хэцүү асуулт. Зохистой хөдөлмөрийг хангахын тулд олон түвшинд, олон төрлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Товчхон хэлбэл, үндэсний хөгжлийн бодлогын төвд хөдөлмөр эрхлэлт байх ёстой. Эдийн засаг, худалдаа, санхүү төсөв, аж үйлдвэр зэрэг олон салбарын бодлого зохистой хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тооцож байж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого, шийдвэрийг гаргана. Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилго нь зөвхөн эдийн засгийн өсөлт биш, хүртээмжтэй эдийн засгийн тухай юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр эдийн засгийн өсөлтөөс хүртэж байх ёстой гэсэн санаа. Бусад хэрэгжүүлэх алхмууд бол хөдөлмөрийн хуулийг шинэчлэх, хөдөлмөрийн багтаамж ихтэй ажлын байранд хөрөнгө оруулах, хүмүүсийн, тэр дундаа залуучуудын ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байна.

- Технологийн дэвшил хөдөлмөрийн зах зээлд маш их нөлөөлж байна. Монгол Улс технологийн хөгжлөөс хойно алхаж буй учир ийм төрлийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэгдэх ёстой вэ?

Монгол улс бол технологийн хөгжлийг хөдөлгөгч гол хүч биш ч дээр дурдсан хурлын үеэр залуучууд интернэтийн ачаар дэлхийтэй байнга холбоотой байдгийг олж харлаа. Технологийн ачаар Монгол улсад ажлын байр бий болох боломжтой бөгөөд хамгийн гол нь тэр ажил тогтвортой, зохистой байх ёстой. Дахиад хэлэхэд, хөдөлмөрийн ертөнц хязгааргүй боломж, хязгааргүй сорилтоор дүүрэн. Боломжийг хэрхэн ашиглах, сорилтыг хэрхэн даван туулах нь та биднээс, оролцогч талуудаас шууд хамаарах бөгөөд хөдөлмөрийн ертөнцийг одоо болон ирээдүйд ямар байлгах нь та биднээс шууд хамаарна.