Ковид-19 илүүдэл жинтэй хүнийг онилдог
Дэлхий дээр цар тахлын улмаас нас барсан хүний тоо 250 мянга даваад байна. Нас барагсдын дунд нэгэн түгээмэл хандлага ажиглагдаж буй нь илүүдэл жинтэй хүн Ковид-19-ийн улмаас нас барах өндөр эрсдэлтэйд оршиж байна. Тухайлбал, Нью-йорк хотод коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэж, амьсгалын гуурс залгуулсан таван өвчтөний хоёр нь илүүдэл жинтэй байв. Харин Францад эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай өвчтөний 90 хувь нь хэт таргалалттай байжээ. Ковид-19-ийн халдвар авсан илүүдэл жинтэй өвчтөнүүд яагаад амьсгалын аппаратанд орох шаардлагатай болдог хэд хэдэн шалтгаан бий.
Илүүдэл жинтэй хүний цээж болон хэвлий хэсгийн өөх уушгийг дарж, хангалттай хүчилтөрөгч авч чадахгүйд хүргэдэг байна. Түүнчлэн жин нэмэгдэх тусам хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгддэг. Үүний улмаас илүүдэл жинтэй хүний зүрх, уушги хэт ачаалал авдаг ба коронавирусийн халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх хандлагатай. Гэвч эдгээр нь нас баралтын гол шалтгаан биш юм.
Сүүлд гарсан судалгаанаас үзвэл Ковид-19-ийн улмаас өөхний эд нь уушги зэрэг эрхтэнд гэмтэл учруулдаг үл анзаарагдам үрэвслийн эх сурвалж байж болзошгүй ажээ. Илүүдэл жинтэй хүний дархлааны систем тогтворгүй эсвэл үрэвссэн байх нь элбэг. Коронавирусийн халдвар авсан тохиолдолд илүүдэл жинтэй хүний дархлааны систем хэт идэвхждэг. Түүнчлэн өөхний эд нь макрофаг, Т эс зэрэг дархлааны төрөл бүрийн эсийн “агуулах” болдог. Макрофаг нь бактер, вирус зэргийг устгаж, үлдэгдлийг нь Т эсэд үлдээдэг бөгөөд уг эс бие махбодид тухайн халдварын талаар анхааруулдаг юм. Үхань хотын эмнэлгүүдийн мэдээллээс харахад биеийн байдал нь хүндэрсэн өвчтөний дархлааны систем хэт идэвхижсэн байжээ. Эл хариу үйлдлийг “цитокины шуурга” гэдэг юм.
Ковид-19 цар тахлын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн суурь өвчний байдал
Цитокин эс нь дархлааны бусад эсэд болзошгүй аюулын талаар анхааруулахаас гадна өвчин үүсгэгчийг устгахын тулд үрэвслийн үйлдлийг өдөөдөг юм. Гэвч зарим тохиолдолд дархлааны систем хэт ажиллаж, хэт их цитокин ялгаруулдаг (цитокины шуурга). Улмаар Ковид-19-ийн халдвар авсан илүүдэл жинтэй хүний дархлааны систем хэт их ажиллаж, өөхөнд агуулагдсан их хэмжээний дархлааны эсийг идэвхжүүлсэнээр хүний биед их хэмжээгээр хавагнах, үрэвсэх шинж тэмдэг үүсгэдэг байна. Дархлааны систем ийн хэвийн бус ажилласнаас шалтгаалж, уушги зэрэг дотор эрхтэнийг гэмтээх боломжтой.
Коронавирусийн халдвартай өвчтөний биеийн байдал 7-10 хоногийн дараа сайжирч эсвэл эрс хүндэрч эхэлдэг. Биеийн байдал ийн хэсэг хугацааны дараа муудаж байгаагаас үзвэл Ковид-19-ийн жинхэнэ аюулыг халдвар өөрөө бус харин цитокины шуурга эхлүүлдэг байж болохыг харуулж байна. Илүүдэл жинтэй хүний өөхөн давхаргад их хэмжээний дархлааны эс хуримтлагдсан байдаг учраас хэвийн хүнийхээс илүүтэйгээр цитокины шуурганд нэрвэгддэг бололтой. Үүний улмаас бие муудах, амьсгалахад хүндрэлтэй болох эсвэл үхэлд хүргэх эрсдэлтэй.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг эм байхгүй учраас өвчтөнийг хүчилтөрөгч, шингэний дутагдалд орохоос сэргийлэх төдий эмчилгээ хийж байна. Иймд дархлааны системийг тэнцвэржүүлэх эм гаргаж авахыг эрдэмтэд зорьж буй. Гэхдээ Т лимфоцит хангалттай ялгарахгүй байгаа өвчтөнд уг эмийг өгөхөд дархлааны систем сулрах аюултай. Коронавирусийн эсрэг эм гаргаж авахаар 600 гаруй эмзүйн туршилт явагдаж байгаа ч зах зээлд нийлүүлж эхлэхэд нэлээд хэдэн сар шаардагдах юм.
Товчхондоо, илүүдэл жинтэй хүн Ковид-19-ийн халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн дунд зай барих, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх зэргээр өөрсдийгөө хамгаалах боломжтой юм. Түүнчлэн эдгээр хүмүүст эрт эмнэлгийн туслалцаа авах боломжийг нь бүрдүүлэх шаардлагатай.
Эх сурвалж: World Economic Forum