Компанийн нийгмийн хариуцлага үнэт чанарын тусгал юм

Профессор Брэдли К.Гоогинс нь АНУ-ын Бостон коллеж дахь Компанийн нийгмийн хариуцлагын төвийн захирал асан. Тэрбээр тус коллежиийн Кэррол менежментийн сургуульд багшилдаг. Гоогинс үүний өмнө 20 гаруй жилийн турш Бостоны их сургуульд профессороор ажиллахын сацуу Ажил, гэр бүлийн төвийг үүсгэн байгуулсан аж. Тэрбээр бизнесийн нийгэмд гүйцэтгэх үүрэг бөгөөд ажил амьдралын тэнцвэртэй байдлаас нийгмийн хариуцлагын чиглэлээр судалгааны ажил хийж, нийтлэл бичдэг. Гоогинс нь ГОУХАН-ээс өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага” олон улсын хуралд урилгаар оролцсон юм. “Mongolian Economy” сэтгүүлийн Х.Хулан түүнтэй хийсэн ярилцлага хийсэн юм.

-Та манай улсад анх удаа айлчилж байна уу, өөрийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Тиймээ, би Монголд анх удаа айлчилж байна. Гуравхан хоногийн хугацаатай ирсэн ч энд үзэж харж, суралцаж буй зүйлс үнэхээр гайхшруулж байна. Намайг юу тэгж их гайхшруулаад байна вэ гэвэл танай орны өргөн уудам нутаг ба хүн амын тоо. Газрын гүнд орших байгалийн баялаг эдийн засгийн огцом өсөлтийг бий болгожээ. Дэлхийн бусад орон буурч буй өсөлттэйгээ тэмцэж бай­хад танайд ийнхүү өсөлтийн цаг үе эхэлсэн байна. Маргаашийн нийгмийг хэрхэн бүтээн байгуулах вэ гэдэг асуудлын бэрхшээлүүд надад нэлээд сонирхолтой санагдаж байна.

-Та Монголын тухай олон ном уншсан байх. Таны нүдээр харсан зүйлс тань мэдээллийн бодит байдалтай хэр нийцэж байна вэ?

-Шилжилтийн үе дээр гол анхаарлаа хандуулсан. Энэ нь танай орон ба хойд хөрш хоорондын харилцаа, социалист дэглэмээс ардчилал руу шилжсэн тухай түлхүү судалсан. Харин миний уншсан материал дээр зөрөөтэй байсан зүйл бол хүн амын тооны мэдээлэл. Монголчууд ирээдүйгээ их ойлгохыг оролдож, мөн баялгийг ашиглахыг зорьж байна.
Норвеги улс газрын тосоо яаж ашигласан жишээг надад ихээхэн санагдуулж байна. Танай бизнесийн салбар их сонирхолтой байна. Хурлын үеэр сонссон /Тэнгэр санхүүгийн нэгдлийн М.Болд захирлын/ илтгэл миний олон улс оронд сонсож байсан илтгэлүүдээс хамгийн мундаг нь байлаа. Тухайн орны манлайлал хаанаа байгааг би ямагт олох гэж оролддог. Төрд үү, хувийн хэвшилд үү? Гэхдээ би Монголд удаан хугацаанд байж үзээгүй тул танай төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажилладаг тухай хэлж чадахгүй.

-Сүүлийн үед Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийн анхаарлын төвд орох боллоо. Та үүнтэй холбоотой тогтвортой хөгжлийн тухай юу хэлэх вэ?

-Байгалийн баялгийг тойрсон асуудлыг ажих миний хувьд сонирхолтой байдаг. Дэлхий даяар энэхүү баялаг нь хэнийх вэ, хэн үүний эзэмшигч нь вэ гэсэн мэтгэлцээн улам их гарах болсон. Өнгөрсөн үед гаднаас орж ирсэн компаниуд эргүүлж өгөхөөсөө илүү их авдаг байсан. Ийм тохиолдолд тухайн улс өөрийн нөөц баялгаас бүрэн ашгийг авч чадахгүйд хүрдэг.
Монгол орны хувьд энэхүү үйл явдал 1990 онд биш, харин 2011 онд тохиож буй нь завшаантай хэрэг. Учир нь, дэлхийн өнцөг бүрээс компаниуд орж ирэн, улс орны хувьд ашигтайгаар тохиролцож нөөц баялгийг авах нөхцөл 2011 онд илүү сайтар бүрдсэн. Улс орон эхэлж өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, компанийн эрх ашгийг харин удаах байранд авч үзэх ёстой.

Компаниуд орж ирээд, баялгийг олборлочихоод гараад явлаа гэхэд Монгол хүн 30 жилийн дараа хаана байх вэ, ирээдүйг тогтвортой байл­гахын тулд юу хамгийн чухал байгааг хэлэлцэх цаг үе иржээ. Байгаа баялгаа хэрхэн ашиглахаас шалтгаалж жинхэнэ тогтвортой хөгжлийн замаар явах уу эсхүл улс орны дийлэнх хэсэгт ашиг хүртээлгүй албадаад байна уу гэдэг нь харагддаг.
Бусад улс орны жишээг судлах нь чухал. Тэдний суралцсан зүйлээс Монгол мөн суралцаж болно. Чили, Филиппин, Хятад гэхчлэн орнуудын уул уурхайн салбарт өрнөсөн асуудлыг бид нэлээд харсан. Хамгийн гол нь тогтвортой байдлын асуудлыг чухлаар тавих хэрэгтэй. Өнөөдөр ямар байгаа байдал бус, харин хэрхэн яаж төгсгөх үе шат илүү чухал. Үүнд Засгийн газар болон ард иргэд энэ бүхнээс үр ашгийг авч байгааг баталгаажуулах тул тэдний зүгээс томоохон үүрэгтэй оролцохыг шаардана.

-Та Монголын компанийн нийгмийн хариуцлага сэдэвтэй олон улсын хуралд оролцлоо. Манай улс КНХ-ыг хөгжүүлэхэд цаашид юу хийж болох вэ?

-Өнөөгийн нийгэмд бизнесийн салбарын гүйцэтгэх үүрэг тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон. Энэ нь өрсөлдөх чадвартай уялдаатай. Иймд компаниуд заримдаа миний нэрлэдгээр XXI зууны сүм хийдүүд юм. Тэд хамгийн их нөлөө үзүүлдэг бөгөөд сүм хийд, хаан хатдын залардаг байсан өндөр уулан дээр суудаг. Энэ нь өнөөдөр корпорациуд. Хариуцлага гэдэг нь зөвхөн ёс зүйн төдий асуудал биш. Нийгмийг бүрэлдүүлэхэд тэдний үүрэг юу вэ гэдэг нь илүү чухал асуудал. Байгаль орчны асуудалд тэд ямар үүрэгтэй хандаж байна? Түүхээс авч үзвэл компаниуд байгаль орчныг тойрсон асуудал бол бидэнд хамаагүй, Засгийн газрын үүрэг гэсэн хандлагатай байсан. Шинэ технологи, ил тод байдал гарч ирснээр тэрхүү хандлага өөрчлөгдсөн. Эдгээр нь “Компаниуд та нар эрх мэдэл, үр нөлөөтэй учир нийгмийн зарим асуудлыг хариуцна. Иймд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг аюулгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх ажлыг эхлүүлэхийн тулд Засгийн газрыг зөвхөн хууль тогтоогч мэтээр үзэх нь зохисгүй юм. Та бүгд бизнесийг хариуцлагатай болгох өөрийн гэсэн арга замыг яагаад хайж олж болохгүй гэж.

Хариуцлагатай бизнес гэдэг нь бүх нийтийн сайн сайханд үйлчилнэ. Үүнийг хэр их ашиг олдог хэмжүүрээр биш, харин бид бүгдийг хэдий их хөгжил цэцэглэлтэд хүргэх вэ гэдгээр хэмжинэ. Компаниудын үүрэг өргөжин тэлж, тогтвортой нийгмийн төлөө баялгийг бүтээхийн тулд бүх талын оролцогчидтой хамтран ажиллахыг зорилгоо болгодог болсон. Манай оронд жишээ нь цөөн тооны хүн маш өндөр ашиг олж байгаа байдал анзаарагддаг. Тэр бол тогтвортой байдал биш. Компаниуд зөвхөн ашиг орлого олдог явцуу хүрээнээс нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэдэг чиглэл рүү хэрхэн шилжин орох вэ гэдэг асуудалтай нүүр тулж байна.

-КНХ-ыг манайд хандив өгөх хэлбэр гэж ойлгодог. Америкт ямар байдаг вэ?

-Хандив тусламж өгдөг тэрхүү хуучин загвар одоо хүртэл Америкт ноёрхсон хэвээр. Яагаад гэвэл компаниуд ямарваа нэг юмыг буцааж өгч байх хэрэгтэй гэсэн ойлголттой. Буяны үйл ажиллагаа хялбар байдаг. Зүгээр л чек биччихнэ, тэгээд боломж тааруу байвал харин юу ч хийхгүй. Гэтэл өнөөдөр Та хэдий хэмжээний мөнгө өгч байна вэ гэдэг биш, харин энэ мөнгөө яаж олж байна вэ гэдэг асуудал нь чухал болсон. Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ яаж зах зээлд гаргаж байна? Байгаль орчиндоо хэрхэн хандаж байна?
Миний хувьд, КНХ гэдэг нь тухайн компанийн төлөвлөсөн үнэт чанарын тусгал юм. Энэхүү тогтоож өгсөн үнэт чанарт хариуцлага байхгүй ч гэсэн манай үнэт чанар энэ байна гэж компаниуд хэдэн ч жил хэлж болох юм. Өнөө үед компьютерийн хулганыг ганцхан дарахад л тухайн компани өөрийнхөө тухай юу гэж хэлж байна, бодит жишээн дээр ямар вэ гэдгийн хоорондох ялгааг гаргаж чадна. Үүнд, ажилтнууд нь компаний тухай юу гэж боддог, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлдэг, байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг эсэх гэхчилэн багтана. Компаниуд шинэчлэлийн тухай маш сайн ойлголттой байдаг. Нийгмийн бүх хэсэгт шинэчлэл хэрэгцээтэй. Компаниуд тэрхүү шинэчлэлийг хэрхэн нийгэмд шилжүүлэх вэ?

Монгол Улсыг хамгийн сайн жишээ болно гэж үзэж байна. Хэн нэгэн орж ирээд, байгалийн ихэнх баялгийг ухаж олборлочихоод, улс оронд багахан хэсгийг үлдээгээд гараад явчих магадлалтай. Гэтэл Та бүгд үүнээс ч илүү зүйлийг бүтээж чадна. Өнөөдөр компанийн нийгмийн хариуцлагын асуудлыг ихээхэн бодож тунгаах шаардлагатай. Компаниуд төрийн бодлогод хэрхэн эерэгээр нөлөөлж болох вэ гэдэг асуултад өгөх хариуг эргэцүүлэн бодох цаг иржээ.

-Та КНХ-ын тал дээрх туршлагаасаа хуваалцана уу. Засаг захиргааны зүгээс хариуцлагатай компанийг яаж урамшуулж болох вэ?

-Хэдэн жилийн өмнө би Америкт компанийн нийгмийн хариуцлагын төвийг хариуцдаг байлаа. Зарим компани нь Форчюн 500-гийн жагсаалтад орсон байсан. Би тэдэнтэй танилцаж, өдөр бүр хамтарч ажиллах болсон. Хэдэн жил өнгөрсний дараа харин тэдгээрийн КНХ-ын түвшин адилгүй байсныг анзаарч эхэлсэн. Иймд би КНХ-д зориулж манлайлал, стратегийг багтаасан таван үе шатыг боловсруулсан. Компаниудын дунд Та өөрийгөө одоогийн байдлаар эдгээр үечлэлийн алин дээр нь байна гэж бодож яваа вэ гэсэн асуулга өгсөн. Эхнийх нь уламжлалт үе шат бөгөөд “Мөнгө өгдөг” гэсэн байхад дараагийнх нь “Бизнесийг ашиглан нийгмийг өөрчилмөөр байна” гэсэн заалттай байсан. Тэгэхэд оролцогчдын 90 хувь нь хоёрдугаар үе шатанд байгаа байхаа гэж хариулсан байв. Энэ нь шинэ утга, арга замыг илэрхийлсэн КНХ-ын хөдөлгөөн дөнгөж эхэлж байна гэдгийг надад сануулж өгсөн.

Компаниуд үүнийг үйл ажил­лагаандаа хэрхэн хэрэгжүүлж болохыг суралцах гэж оролдож байгаа. Энэ чанарын хөдөлгөөн одоогоос 20, 30 жилийн өмнө гарч ирч байсан үеийн түвшинд байгааг би ажигласан. Компаниуд анх чанарын тухай сонсоод “Энэ чинь нээрээ хэрэгтэй санаачилга байна. Үүнийг дэмжие” гэсэн. Дараа нь чанарын ажилтантай болсон. Гэхдээ тэр нь хязгаарлагдмал байсан. Тэгээд оффистой болсон. Тэр нь нэг алхмаар урагшилсан ч бас л хол явж чадаагүй байв. Харин хүн бүр чанар гэдгийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэг­тэйг ухамсарласан үед л жинхэнэ утгаа олсон. Үүний тулд маш их цаг хугацаа орсон. КНХ яг үүнтэй адил. Арван жилийн өмнөх байдлыг харахад, ихэнх гүйцэтгэх захирал КНХ-ын ач холбогдлыг олж харахгүй байна гэж байв. Зарим нь харин стратегийн хувьд л маш чухал зүйл байна гэж хэлж байсан. Ихэнх ажилтан миний бодлоор үүнийг ойлгодоггүй бөгөөд хэрэгжилт ч маруухан.

Цөөн хэдэн компани л КНХ-ыг бизнесийн асар том боломж гэж ойлгож, хэрэгжүүлж байна. Гэвч тэдгээрийн тоо одоо ч гэсэн цөөхөн. Олонх компани нийгмийн хариуцлагыг үл ойшоож болохгүйг ойлгож байна. Тэд үзэгч байхаа больж, энэхүү үйлст оролцох шаардлагатай тулгарч байгаа. Гэсэн хэдий ч ямар байдалтай оролцох вэ, компанид ашигтайгаар хэрхэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх вэ гэдэгт одоо хүртэл суралцсаар байна. Хэрвээ компани үүнийг өрсөлдөх чадвараа болгож ашиглаж чадахүй бол компанид үүнээс өөр том ашиг гарахгүй. Хандив тэтгэлэг, буяны ажилд хүмүүс баярлалаа л гэж хэлэхээс компани, бизнесийг сайжруулахгүй. Нийгэмд ч гэсэн нөлөөлөл үзүүлж тус дэм болж чадахгүй.
Өнөөдөр КНХ нь үнэ цэнийг бий болгох, түүнийгээ бизнесийн загварт оруулж хэрэгжүүлэх, оролцогч талуудтай харилцаж бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан шинэчлэл хийх зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа юм.