Компанийн нийгмийн хариуцлагын аян эхэлнэ

Монголын уул уурхайн компанийн 13 төлөөлөгч Германы компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилттэй танилцахаар ирэх ням гаригт хөдлөх гэж байна. Энэхүү аяныг ГОУХАН-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрөөс зохион байгуулж байна. Уул уурхайн компанийн төлөөлөгчид ХБНГУ-д компанийн нийгмийн хариуцлагыг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм байгууллагууд хэрхэн хэрэгжүүлдэг туршлагатай танилцах аж. Түүнчлэн Германы Засгийн газраас хэрэгжүүлдэг компанийн нийгмийн хариуцлагын бодлогтой танилцахын сацуу уул уурхай, эрчим хүч, автомашины үйлдвэр болон томоохон төр, хувийн хэвшлийн компаниудтай газар дээр нь танилцаж, туршлага солилцох юм байна.

Уул уурхайн салбарын компанийн нийгмийн хариуцлага нь Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Манай эрдэс баялгийн нөөц дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Үүний зэрэгцээ Монголын компаниуд ч дэлхийн зах зээлд гарахаар зэхэж байна. Гэтэл уул уурхайн салбар эргээд байгаль орчин, нийгэм төдийгүй эдийн засгийн хөгжилд ч эрсдэл /баялгийн хараал/ дагуулдаг. Иймд уул уурхайн салбарт компанийн нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх нь улс орны цаашдын тогтвортой хөгжлийн замыг тодорхойлж чадах юм.