“Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум” болно

“Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум 2013 болон Герман-Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулга уулзалт” энэ сарын 23-24 нд “Blue Sky” цамхагт болох гэж байна. Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр талууд “Уул уурхайн салбар дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвийн хүрээнд ярилцана. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь компанийн нийгмийн хариуцлагын салшгүй нэг хэсэг байдаг. Тиймээс уг чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн өнгө төрх, хэрэгжүүлж болох арга хэмжээ, хяналтын тогтолцоо гээд олон чухал асуудлын талаар Монгол, Германы мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцах юм.
Харин чуулганы хоёр дахь өдөр “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум” болно. Уг форум нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд форумын үеэр орчин үед нийгмийн хариуцлагын салбарт тулгамдаж байгаа асуудал, олон улсын туршлагаас хуваалцах гээд оролцогчдод олон талын мэдлэг өгч чаддагаараа онцлогтой. Энэ удаа ч гэсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагыг хэрхэн хөгжүүлэх вэ”, “Нийгмийн хариуцлагын чиглэлд төрөөс баримтлах бодлого ямар байх ёстой вэ” зэрэг чухал сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Түүнчлэн Монгол Улсад энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа компаниудын туршлагаас хуваалцах үүднээс компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн гарах юм байна.