Машин үйлдвэрлэгчдэд тулгарч буй шинэ сорилт

Avatar Bilegt Bilegt
2020-02-07 18:12:53
Ангилал: Дэлхий дахинд

Нэгдүгээр сарын 23-нд хаагдаад байсан Хятадын хөрөнгийн зах зээл хоёрдугаар сарын 3-нд нээгдлээ. Энэ өдөр санхүүгийн зах зээлээ дэмжихийн тулд Хятадын Ардын банкнаас 1.2 их наяд юань буюу 172 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн ч тусыг эс олов. Тодруулбал, Шанхайн хөрөнгийн биржийн CSI 300 индекс нэг өдрийн дотор найман хувиар унасан юм. Энэ нь 2015 оны наймдугаар сараас хойших хамгийн том уналт болжээ. Зөвхөн хувьцаанаас гадна уг вирусын тархалт маш олон зүйлд нөлөөлж байгаагийн нэг нь үйлдвэрүүд юм.

Мөн БНХАУ дэлхийн олон үйлдвэрийн нийлүүлэлтийн сувгийн гол зангилаа билээ. Тэгвэл дор хаяж хоёрдугаар сарын 10 хүртэл бүх үйлдвэр зогссоноос шалтгаалж, нийлүүлэлтийн сувгууд удаашрах, гацах тохиолдол гарч байгаа бөгөөд үүнээс хамгийн ихээр хохирч буй нь автомашины эд анги угсрагч, үйлдвэрлэгч компаниуд юм. Hyundai гэхэд л Хятадаас эд ангиа авч чадахгүй байгаа тул Өмнөд Солонгос дахь үйлдвэрийнх нь үйл ажиллагаа зогсоход хүрчээ.

Энэхүү үйл явдлаас өмнө худалдааны дайнаас шалтгаалж Хятад улсыг найдвартай нийлүүлэлтийн сүлжээ болж чадах эсэхэд зарим улс эргэлзэж байсан юм. Гэвч энэ удаа автомашины эд анги нийлүүлэгч компаниуд томоохон сорилттой тулгараад байна. Вирусын тархалт, хөл хорио хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Магадгүй нэг сар, эсвэл улирал дамнаж ч мэднэ. Ингэсэн тохиолдолд нөхцөл байдал машины эд ангийн нийлүүлэлтэд татвар нэмэх эсэх тухай биш тэрхүү нийлүүлэлт оршин байх эсэх тухай асуудал болж хувирна. Дэлхий даяар машин болон машины эд ангийг үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлэх бус харин сайжруулж байсан учир Хятадад үүсэж болзошгүй хомсдолыг нөхөж чадахгүй байх эрсдэлтэй. 

Avatar

Bilegt Bilegt