Куба ба Монгол

1960 оны энэ өдөр манай улс Кубатай дипломат харилцаа тогтоосон байна. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс 1967 оны долдугаар сард Гавана хотноо, харин Куба 1962 оны есдүгээр сард Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээж байжээ.

Кубын тухай түүх

Куба улсын нийт хүн ам 12 сая бөгөөд Карибийн тэнгисийн орнуудаас хамгийн их хүн амтай улс юм. Тус улсын урлаг, өв соёл, зан заншил нь Тайно, Сибоней зэрэг нутгийн уугуул олон овог аймгаас гаралтай ч, Испанийн колончлол, Африкийн боолуудыг авчирсан болон зэргэлдээ орших АНУ-ын нөлөөгөөр илүү баялаг болжээ. Куба орон нь Куба хэмээх гол арал, Ювентудын арал болон хэдэн жижиг арлаас бүрддэг Карибийн тэнгист оршдог арал улс юм. Арлууд нийлээд 109,886 км2 талбайтай. Нийслэл хот Хавана нь тус улсын хамгийн том хот бол хоёр дахь том нь Сантиаго де Куба. 1492 оны аравдугаар сарын 12-нд Баракоагийн ойролцоо Кристофер Колумб бууж, Испанийн хаант улсын шинэ арал хэмээн зарлаж, Астуриасын ханхүү Жуаны нэрийн өмнөөс “Жуаны арал” гэж нэрлэсэн байна.

Испанийн анхны сууринг 1511 онд байгуулж, удалгүй 1515 онд ирээдүйн нийслэл Хавана хотын суурийг тавьжээ. Испанийн колончлогчид Христийн шашныг дагахаас татгалзсан 100 гаруй мянган уугуул иргэдийг боол болгож, алт олборлох ажилд дайчилж байв. Ердөө зуун жилийн дотор халдварт өвчин, колончлолын дарангуйллын уршгаар уугуул иргэд ерөнхийдөө байхгүй болсон байна. Куба Испанийн эзэмшилд 1898 он хүртэл буюу бараг 400 жил байжээ. Энэ хугацаанд газар тариалан, уул уурхай дээр суурилсан эдийн засагтай байсан бөгөөд Европ руу сахар, кофе болон тамхи экспортолдог байв. Нийгэм, эдийн засгийн эрх мэдэл цөөхөн хэдэн газар эзэмшигч испаничуудын гарт байсан аж. Тухайн үеийн хүн амыг арал дээр төрсөн испаничууд буюу Криоллос, Европын бусад үндэстнүүд болон Африк гаралтай боолууд бүрдүүлдэг байжээ. 1820-иод онд Латин Америк дахь Испанийн эзэмшилд байсан газрууд эрх чөлөөний төлөө босч, тусгаар улс болж эхэлсэн байна. Харин Куба үнэнч хэвээр байсаар байж. Энэ ч утгаараа “Үргэлж Испанийн үнэнч арал” гэх лоозонтой болжээ. Хэдийгээр Кубад эрх чөлөөний төлөөх хонх жингэнэж байсан ч ихэнх нөлөө бүхий хүмүүс Испанийн хэсэг байх хүсэлтэй байлаа. Үүний шалтгаан нь тэд нэг бол Испанитай наймаа хийдэг худалдаачид, эсвэл далайн дээрэмчдээс хамгаалуулах хүсэлтэй, үгүй бол боолын бослого гарч болзошгүй хэмээн айсан, эсвэл Испанийн дарангуйллаас илүүтэйгээр АНУ хүчирхэгжиж байгаад дургүй байсан явдал юм.

Сайн цаг

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх бослого 1868 онд эхэлсэн байна. Карлос Мануэль де Сеспедесийн удирдсан уг бослого арван жилийн дайны эхлэл болсон юм. АНУ болон Европ, Латин Америкийн олон орнууд Кубыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв. Хэдийгээр 1886 онд боолчлолыг халж чадсан ч Африк гаралтай иргэд нийгэм, эдийн засгийн хувьд хавчигдмал байсаар байв. Энэ хугацаанд Испанид ядуурал нэмэгдэж, 1868 онд хувьсгал гарч, олон хүмүүс Куба руу дүрвэн гарч эхэлжээ. Удалгүй АНУ-ын ерөнхийлөгчөөр Теодор Рузвельт сонгогдож, 1901 онд Испанитай хийсэн хэлэлцээрийг цуцалсан байна. 1902 оны тавдугаар сарын 20-нд Куба улсын тусгаар тогтнолыг АНУ хүлээн зөвшөөрсөн юм. Бүр хожим нь 1956 онд Фидель Кастро эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээж, түүний удирдсан босогчид 1959 оны нэгдүгээр сарын 8-нд нийслэл хотод нэвтрэн засгийн эрхийг гартаа авчээ. Үүний дараахан Мануэль Уррутиа Ллео Ерөнхийлөгчөөр сонгогдож, Кастро Ерөнхий сайдаар томилогдсон байна. Уррутиа мөн оны долдугаар сард огцорч, түүний халааг Освалдо Дортикос Торрадо аван 1976 он хүртэл төрийн тэргүүний албыг хашчээ. Харин түүний оронд Фидель Кастро ерөнхийлөгч болж, 2008 он хүртэл улсаа удирдсан юм. Хувьсгалын дараа бүх өмчийг төрийн өмч болгон, мафийн гарт байсан мөрийтэй тоглоомын зах зээлийг халсан байна. 1960 оны сүүл гэхэд сөрөг хүчний бүх сонин, хэвлэлийг хааж, радио телевизийг төрөөс удирддаг болжээ. Ижил хүйстэнтэйгээ явалдагчид, шашны зүтгэлтнүүдийг баривчилж, албадан хөдөлмөр эрхлүүлж байсан байна. Энэ хугацаанд 15-17 мянган хүнийг цаазалсан гэх баримт бий.

Тамхи, эмийн экспортоор тэргүүлэгч

Харин өдгөө Куба улс социалист арга барилтай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон юм. Ихэнх аж үйлдвэрийг төр удирддаг боловч сүүлийн жилүүдэд хувийн салбар харьцангуй хөгжиж байна. Кубын засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг тогтоодог. Мөн Куба иргэнийг ажилд авах тохиолдолд засгийн газарт тодорхой хэмжээний төлбөр төлж, энэ мөнгийг эргүүлэн төрөөс цалин болгон өгдөг аж. Кубын иргэд түүнчлэн төрөөс зөвшөөрөөгүй тохиолдолд ажлаа солих хориотой байдаг. Сарын дундаж цалин 16,70 ам.доллар байдаг.

Аялал жуулчлалыг 1997 он хүртэл хязгаарладаг байв. 2008 оны хоёрдугаар сард Фидель Кастрогийн дүү Рауль Кастро ерөнхийлөгч болж томоохон өөрчлөлтийг хийж эхэлсэн байна. Тэрбээр коммунист газар тариалангийн системийг халж, өдгөө нийт хүнсний 80 хувийг гадаадаас импортолдог болсон байна. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох никель нь дэлхийн зах зээлийн 6.4 хувийг хангадаг. Түүнчлэн сахар, тамхи, эмийн бараа болон кофены экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ. Түүнчлэн ДНБ-ий 9-13 хувийг цэргийн зардалд зарцуулдаг бөгөөд үүний үр дүнд Латин Америкийн хоёр дахь том зэвсэгт хүчинтэй улс болж чаджээ. Цэргийн салбар нь хамгийн хүчирхэг, нөлөө бүхий салбарт тооцогддог. Кубын урлаг, хөгжим маш алдартай. Үндэсний Сон хэмээх хөгжим нь салса, румба болон мамбо зэрэг урсгалын үндэс болсон юм.

Хүний эрхийг дорд үзэгчээс

Кубын иргэд ердөө 2010 онд л хувийн байшин барих эрхийг олж авсан байна. Ерөнхийлөгч Рауль Кастрогийн хэлснээр иргэд амьдарч буй гэрээ илүү сайжруулж болох ч төрөөс ямар нэг туслалцаа үзүүлэхгүй юм. Хүний эрхийн хувьд Куба улс маш доогуур ордог. Тус улсын засгийн газрыг залхаан цээрлүүлэлт, зүй бус байцаалт, арбитраар хорих зэрэгт буруутгадаг байна. Түүнчлэн иргэд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хөдөлгөөн зохион байгуулах зэрэг энгийн эрхийг системчлэн хорьсон байдаг гэж олон улсын хүний эрхийн байгууллага үздэг юм. 2008 онд хийсэн судалгаанаас харахад Куба чөлөөт сэтгүүл зүйг хорьсон орнуудын жагсаалтад ганцхан БНХАУ-ын дээр бичигдсан байна. Компьютертой иргэдийн эзлэх хувь нь маш бага бөгөөд цөөн тооны хүн интернэт хэрэглэх эрхтэй боловч байнгын хяналттай байдаг аж. Хууль бусаар интернэтэд холбогдсон тохиолдолд таван жилийн хорих ял ч авах магадлал өндөр байна. Түүнчлэн Кубын тэрс үзэлтнүүдийг баривчилж, шоронд хорьдог. 1990-ээд онд Хүний эрхийн байгууллагаас хийсэн судалгаанаас харахад тус улсад 40 орчим чанга дэглэмтэй шорон, энгийн дэглэмтэй 30 шорон болон албадан ажил хийлгэх 200 лагер байдаг юм.

Куба ба Монгол

Алс холын хоёр улсын 52 жилийн нөхөрлөл өнөөдрийг хүртэл зузаан хэвээр байна. Ялангуяа соёл, урлаг, боловсролын салбарт хамтрах, туршлага суралцах нь энгийн харилцаа мэт болсон гэхэд болно. Гэхдээ энэ 1991-2010 онуудад хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа түр хугацаагаар “орхигдсон” гэгддэг. Үүнийг зарим судлаач газар зүйн байрлал хийгээд тухайн үед манай улсын эдийн засаг, нийгмийн амьдрал нэлээд хүнд байсан нь нөлөөлсөн гэдэг. Сүүлийн жилүүдэд сэргэж буй найрамдалт харилцаа илүү өргөн хүрээг хамрах болж, уул уурхай, эдийн засагт шингээлт сайтай бүтээн байгуулалтын зэрэгт хүрч байгаа аж. Тухайлбал, Булган аймгийн Бүрэнхангай сумын “Дархан” компани, Улаанбаатарын “Бөхөг “ компани, нийслэлийн 52 дугаар дунд сургууль Хосе Мартийн нэрэмжит болсон зэрэг явдал юм.